2017.04.17
Энэ онд 40-65 насны хүн амд В, С вирусын үзлэгийг үе шаттай хийнэ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 15-нд СХД-ийн 7 ба 9 дүгээр хорооны ард иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитын В, С вирусын илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлыг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон, гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаа, элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор Засгийн газрын шийвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор ойрын хугацаанд тус хороодын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 3-р амбулаторид ажиллана гэдгээ хэллээ.
Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж, мэдээлэл авсан юм гэж ЭМЯ-наас мэдээллээ.