Хуулийн төсөл батлагдлаа гээд гадны банкууд Монгол руу шуурна гэсэн үг биш
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.04.20

Хуулийн төсөл батлагдлаа гээд гадны банкууд Монгол руу шуурна гэсэн үг биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уг хуулийн төсөл батлагдлаа гэхэд гадны банкууд шуурч орж ирнэ гэсэн үг огт биш хууль эрх зүйн суурь бүрэлдэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Гадны банкууд манай хөрөнгө оруулалтын нөхцөл, банк санхүү салбарын хууль эрх зүйн орчныг судалсны үндсэн дээр салбараа нээх тухай шийддэг.

Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг гадаадын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлж байгаа боловч уул уурхайгаас олсон орлого Монголын банк санхүүгийн системээр дамжилгүй шууд гадаад руу гарч байгаа цагт гадны банкууд Монголд орж ирэх нь юу л бол гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үзэж байна.

Манайх шиг жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай, хөгжиж буй улс орнууд дэлхийд олон байна. Эдгээр улсад гадны банкууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй жишээ цөөнгүй бий. Монгол Улсын хувьд байгалийн баялгаар арвин атлаа экспортын гол орлогыг бүрдүүлж буй уул уурхайн салбараас хүртэх ёстой ашгаа хүртэж чадахгүй байгааг Ц.Даваасүрэн байнга шүүмжилдэг. 

Тэрээр гадны банк Монголд үйл ажиллагаа явууллаа гэхэд иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэлгүй, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлага тавьж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Монгол Улсад банкны төлөөлөгчийн газар байгуулж, нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байна гэсэн шаардлагатай санал нийлэхгүй байна гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Түүний хариуд хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар эрх зүйн дэвсгэр нөхцлийг бүрдүүлж байгааг ойлгох хэрэгтэй гэв.

Ер нь банк, санхүүгийн системийн шинэчлэл ойрын 4-8 жил үргэлжлэх төлөвтэй байна. Уг хуулийн төсөл батлагдвал гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль эрх зүйн орчин эерэг таатай болж байна гэсэн мессеж хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг Б.Жавхлан хэлсэн юм. 

Өнгөрсөн долоо хоногт 2017 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Монголд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрийг Монголын банкны дансаар оруулж байх тухай Засгийн газарт үүрэг өгсөн.

Бид экспортын бүтээгдэхүүнээс олж буй орлогоо хянаж чадахгүй, мөнгөний орчиндоо нэвтрүүлж чадахгүй юм бол гадаадын ямар ч банк, ямар ч хөрөнгө оруулагч Монголд орж ирэхгүй гэсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй санал нэг байгаагаа хууль санаачлагч илэрхийллээ.