Д.Тэрбишдагва: Оюу толгой ХХК-тай холбоотой асуудал хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэллээ.
Тэрээр Засгийн газар гадны улс, олон улсын байгууллагатай гэрээ хэлцэл хийхийн тулд тэдний тавьсан нөхцөл, шаардлагыг биелүүлдэг. Тэгвэл манай улсад гадны банк орж ирэхээр бол тодорхой шаардлага тавих нь зүйн хэрэг гэж үзэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дараа долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюу толгой ХХК-тай холбоотой асуудлаар мэдээлэл сонсож, хэлэлцэхээр болсныг мэдээллээ.
Хэлэлцүүлгийн үеэр Монголд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрөөс олж буй орлогыг дотоодын арилжааны банкуудаар дамжуулдаг болох тухай асуудал сөхөгдөх төлөвтэй байна.
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүдийн дотор хууль санаачлагчид багтаж байгаад Д.Тэрбишдагва шүүмжлэлтэй хандаж, санаачилсан хуулийн төслийнхөө талаар өөрсдөө өөрсдөөсөө асуулт асуудгаа болих хэрэгтэй гэсэн горимын саналыг дэвшүүллээ.