Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
2017.04.24

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Энэ  хүрээнд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл өнөөдөр (2017.04.24) Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгүүдэд ажиллав.

Эхлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгт ажиллалаа. Уг цэцэрлэг 1941 онд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байгуулагджээ. Гэтэл өнөөдрийн байдлаар 350 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор ажиллаж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг хэлэв. Мөн тэрбээр, нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын хуваарьт өөрчлөлт орсноос болж цэцэрлэг 7.30-18.00 цаг хүртэл ажиллаж байгааг дуулган, туслах багш нарын илүү цагийн мөнгийг олгох асуудлыг хөндөв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл “Та бүхний тавьж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд миний бие өнөөдөр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 63 мянган хүүхэд байгаа. Үүнээс 45 мянга орчим нь нийслэл хотод байдаг. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй хэдий ч бид тулгамдсан асуудлаа ач холбогдлоор нь дугаарлаж, эрэмбэлэх ёстой. Миний хувьд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үздэг” гэлээ.

Дараа нь Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгт ажилласан юм. Тус цэцэрлэгийн багш, ажиллагсад цалин нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах насыг хэвээр үлдээх, орон сууцны зээлд хамруулах зэрэг асуудалд төр засаг анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

Дээрх асуултад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Ажлын хэсэг та бүхний дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх үүднээс цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулна” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.