Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиадад 15 сургуулийн 75 оюутан мэдлэгээ сорьж байна
2017.04.21

Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиадад 15 сургуулийн 75 оюутан мэдлэгээ сорьж байна

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс мэргэжлийн шилдэг их, дээд сургууль болон багш, оюутныг тодруулах үүднээс Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг 1998 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ онд 20 дахь жилтэйгээ золгож байна. 

Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийг үүсгэн санаачлагчдын нэг, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч Чогжмаагийн Дашням агсаны нэрэмжит болгон 4 сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 
XX олимпиад өнөөдөр СЭЗИС дээр эхэллээ. Олимпиадад Улаанбаатар хот болон Орхон, Ховд, Завхан, Дархан-Уул аймгийн нийт 15 сургуулийн 75 оюутан оролцож байна. ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан олимпиадын үйл ажиллагааг нээж хэлэхдээ “...Энэ олимпиад та бүхний мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх гол хөшүүрэг, цаашдын амжилтын эхлэл байх болно” гээд оролцогч оюутнуудад амжилт хүслээ. 
 Тус олимпиад нь их дээд сургуулиудын чанар чансааг тодорхойлох гол шалгуур болдог. Олимпиадад оролцсон оюутнууд сургуулиа төгсөхөд ажлын байр бэлэн байдаг төдийгүй ирээдүйн шилдэг мэргэжилтнүүд төрж гардаг үр дүнтэй, нэр хүндтэй томоохон ажлын нэг юм. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд тус олимпиадад Мандах бүртгэл ДС 9, СЭЗДС 7, МУИС 2, Мандах бүртгэл ДС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль 1 удаа аваргалжээ. 
 Олимпиадын 2-р шат маргааш үргэлжлэн явагдах бөгөөд шилдэг багш, оюутнууд тодорно.