МУИС-ийн Хууль зүйн сургуулиас зохион байгуулж буй хууль зүйн бодлогын цуврал хэлэлцүүлэг “Эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх тухай хууль дахь хүний эрх” сэдвээр өнөөдөр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгийн үндсэн сэдвээр УИХ-ын гишүүн Л.Болд илтгэл тавьсан бол Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд гэм буруугийн зарчмыг хангах нь” асуудлаар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан “Эрүүгийн процесст халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах нь”, Хууль зүйн сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, профессор Д.Баярсайхан “Цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах шаардлага, нийтлэг жишиг, чиг хандлага” асуудлаар тус тус илтгэл тавьж, салбарын мэргэжилтэн, судлаачдын асуултад хариулж, санал солилцсон юм.
УИХ-аар 2015 онд баталсан эрхзүйн шинэтгэлийн багц таван хуулийг ёсчлоогүй гэдэг шалтгаанаар одоогийн УИХ хүчингүй болгож, дээрх хуулиудыг өөрчлөн болон шинэчлэн өргөн бариад байгаа. Өмнөх парламентаар баталсан хуулиудаас өдгөө хэлэлцэж буй хуулиуд зарчмын ямар ялгаатай, энэ нь ямар үр дагаварт хүргэж болохыг хууль тогтоогч, Засгийн газар, судлаачдын төлөөлөл энэ удаад хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд өмнөх хуулиудын үзэл санаа, үндсэн философи сууриараа өөрчлөгдсөн гэдэг байр суурийг баримт дурдан илэрхийлээд “ Хүнийг цагдан хорих бүх процессыг өмнө нь шүүх хурлаар шийддэг байхаар хуульчлаад байсан. Тухайн хүнийг цагдан хорих гэж байгаа бол шүүх хурлаар шийднэ, гэм бурууг нотлох гэж байгаа бол шүүх хурлаар шийдэн, ял оноох гэж байгаа бол шүүх хурлаар шийднэ.
Харин одоо өргөн баригдаад байгаа төслөөр бол хүний эрх нэгдүгээрт биш хүний эрх рүү шууд халддаг байгууллагын эрх нэгдүгээрт болж хувирах эрсдэл харагдаж байгаа юм.
Тухайлбал, шүүх хурлаар шийддэг байх асуудлуудыг прокурор шийддэг болох гэж байна. Шүүхээс илүү эрх мэдэлтэй прокурорыг шүүхийн дээр аваачиж тавих гэж байна. Энэ тохиолдолд шүүх бол хэн нэгний улс төрийн, эсвэл мөнгөний сонирхлоор гаргасан шийдвэрийг албажуулдаг жүжгийн тайз болж хувирахгүй” гэж баталгаагүй болно гэж дүгнэлээ.
Тэрбээр цааш ярихдаа “Тухайн гэм буруутай байж болзошгүй иргэн цагдаад үгээ хэлэх биш шүүхэд үгээ хэлэх ёстой юм. Үүнийг шударга шүүх гэж хэлдэг. Одоо бол шүүх ч биш прокурор шийддэг болох гэж байх шиг байна. Прокурор бол яллагч тал шүү дээ. Өмнөх хуулиар шүүх хуралд прокурор, өмгөөлөгч хоёулаа үндэстэй тайлбар хийх эрхийг баталгаажуулаад байсан юм. Шүүх дээр шүүгдэгч өөрөө өөрийгөө сонсгоно гэж хуульчлаад байсан юм. Бүхэлдээ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай процессын хууль нь хэрэг маргаанаа шударгаар шийдүүлэх иргэний эрхийг хангах биш хэн нэгнийг хэрэгтэн болгох төрийн хүсэл зорилгыг баталгаажуулах хууль болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа” гэв.
Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцсон судлаач, эрдэмтэд өнөөдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад хатуу нотолгооны арга хэрэглэж, бусдыг сэжиг таамагт үндэслэн цагдан хорих арга хэмжээ авдаг практикийг шүүмжилж байв. Хэргийн хамгийн гол нотолгоо нь тухайн хүн өөрийнхөө хэргийг хүлээх явдал гэж үзэж, тийм ч учраас цагдан хорих нь чухал болдог Вышинскийн онол баталгаажих нөхцөлийг шинэ хуулийн төслүүдэд тусгаад байгаа гэж зарим судлаачид үзэж байна. Үүнийг мөн тоо баримтаар нотолж болох аж.
Тухайлбал, Монгол Улсад нийт шалгагдсан хэргийн 45 хувьд нь тухайн холбогдогчийг цагдан хорьсон байдаг аж. Энэ нь дэлхийн жишигтэй харьцуулахад аймшигтай өндөр үзүүлэлт юм байна.
Японд л гэхэд шалгасан хэргийн ердөө 3 орчим хувьд цагдан хорих арга хэмжээ авдаг ажээ.
Шүүх гэдэг зөвхөн шүүгч бус, өмгөөлөгч, прокурор хоёр тал өөр өөрийн үндэстэй тайлбараа эн тэнцүү илэрхийлж, тэр дундаас шүүгч үнэн худлыг олж тогтоох ёстой процесс. Энэ зарчмыг баримталсан өмнөх хуулиас ухралт хийхгүй байх ёстой гэж УИХ-ын гишүүн Л.Болд үзэж байгаа юм байна.
Харин Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр “Шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадгийг болиулаад байсныг эргэн сэргээхээр төсөлд тусгасан нь онол, практик аль аль талаасаа ухарсан жишиг” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүх явцад тухайн хүний гэм буруу хангалттай нотлогдохгүй бол цагаатгах зарчим алдагдана гэж үзэж байна. Гэвч УИХ-ын ажлын хэсэг уг заалтыг эргэн сэргээх саналтай байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцсон салбарын мэргэжилтнүүдийн зарим нь нэг зүйл дээр гайхаж байгаагаа илэрхийлсэн. Юу гэхээр хууль тогтоогчид нь ч, судлаачид нь ч нэг ижил байр суурьтай байгаа гэж ойлгогдож байна. Гэтэл хууль батлагдахдаа энэ бүхнээс өөр болчихоод байгаа нь ямар учиртай вэ, хэн тэр хуулийг хийж байгаа юм бэ гэх асуудлыг хөндсөн. Уг асуудалд хариу болохуйц байр суурийг гишүүн Л.Болд илэрхийлсэн. Тэрбээр илтгэлдээ “УИХ-аар батлагдаж буй аливаа хууль гурван сая хүнээ, иргэнээ хамгаалах ёстой болохоос биш тэднийгээ мартаад, хууль сахиулах байгууллага, төрийн албан тушаалтны үйл ажиллагааг хамгаалах тухай хууль биш” гэж хэлсэн нь санамсаргүй биш бололтой. Өмнөх парламентад Ардчилсан нам олон суудалтай байхад дээрх багц хуулиудыг хэлэлцэж байх үед Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын дарга нар Ерөнхий сайдад өргөх бичиг барьж, хуулийн төслүүдийг татуулж байсан юм. Энэ удаад ч хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс саналаа хүчтэй илэрхийлж байгаа юм билээ. Тэгэхээр УИХ ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн барьцаа, шахалт дунд хуулийг хэлэлцэн баталдаг нэг зовлон өдгөө ч давтагдаж байгааг оролцогчид мөн л дурдаж байлаа.