2011.09.28
Д.Очирбат: Ц.Шинэбаяр гишүүнийг ойлгохгүй байна
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай ярилцлаа.
-Ирэх долоо хоногоос УИХ-ын намрын чуулган эхлэх нь. Танай байнгын хорооноос энэ чуулганы хугацаанд ямар ямар хуулиудыг батлуулахаар бэлтгэж байна вэ?
-Хаврын чуулганаар манай байнгын хороо маш их ачаалалтай ажилласан. Ерөөс энэ чуулганы хугацаанд манай байнгын хорооны хариуцах асуудлаар амьсгалсан гэхэд болно. Анхны өдөр нь л Эрүүл мэндийн тухай хуулиа ергөн барьж, Одонтой эхчүүдийн хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Халамжийн тухай хуулийг батлууллаа. Чуулганы хамгийн сүүлчийн өдөр Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг батлуулсан. Өнгөрсөн чуулганаар манай байнгын хороо томоохон долоон хуулийг батлуулсан байна. Харин ирэх Намрын чуулганаар нэлээд олон хууль дээр ажиллана. Тэдгээрээс хамгийн тулгамдаж буй Тэтгэвэр, тэтгэмжийн шинэчлэл, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд урамшуулал олгох тухай хуулиуд хэлэлцүүлгийн шатанд явж байна.
-Өнгөрсөн хавар баталсан Эрүүл мэндийн тухай хууль нэлээд хэл ам дагуулж, эмч нарын эсэргүүцэлтэй тулгарч байсан. Үнэхээр тийм муу хууль болсон юм уу?
-Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулахдаа эмч, эрүүл мэндийн байгууллагатайгаа нэлээд ярьж, саналыг нь авч байж гаргасан. Энэ бол маш сайн хууль болсон. Гэтэл эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь шүүмжлэлтэй хандсан. Бид хуулиа боловсруулахдаа энэ байгууллагын ажил олгогчийн түвшинд нь эмнэлэг, эмчийн төлөөллийг ажлын хэсэгт багтааж, эхнээс нь авахуулаад хууль батлагдтал нь байлгасан. Тухайн үед тэр хүмүүс одоогийн шүүмжлээд байгаа зүйлийнхээ талаар нэг ч үг дуугарч байгаагүй. Хууль гарсны дараа л гэнэт хэлд орсон юм шиг эмч нарт хайртай хүн болж ярьж эхэлсэн.
Гэхдээ ингэж ярьсан нь бусад эмч нарыг хүнд байдалд оруулаад байгаа юм.
Өнөөдөр хүн бүр хариуцлагыг өндөрт тавья, алдаа гаргаж болохгүй гэж яриад байхад ганцхан тэр нөхдүүд эрүүл мэндийн тухай хуульд хариуцлагын тогтолцоог өндөрт тавьсан хууль боллоо гээд байгаа юм. Түүнээс бус хууль доторх нарийн зүйл, заалт буюу эмч нарт энэ асуудлыг ингэж шийдэж өгвөл боломж байна, үүнийг тэгж дэмжих хэрэгтэй гэж хэлсэн бол бид хүлээж авах байсан. Эмч хүн гэдэг ажилдаа маш хариуцлагатай хандах ёстой. Тиймээс алдаа гаргасан эмчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр хариуцлага тооцдог байхаар тусгасан. Гэхдээ бага торгуультай учир бага хариуцлага, их торгуультай учир өндөр хариуцлага гэх ойлголт эрүүл мэндийн салбарт байж болохгүй.
-Та Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт багтсан байна лээ. Энэ ажил ямаршуухан явж байна вэ?
-Бид ажиллаж байна. Өнөөдөр энэ хуулийн 98 хувийг баталчихсан гэхэд болно. Ажлын хэсэг дээр саналаа хураагаад бэлэн болгочихсон. Одоо ердөө хоёр хувь буюу тогтолцооны асуудал л байна. Холимог байна гэдэг нь ойлгомжтой. Харин мажоритар уу,пропорциональ байх уу гэдгээ л шийдэж чадахгүй байна. Гишүүд ард түмнээсээ сонгогддог хувилбар илүү байх уу, намаасаа сонгогддог хувилбар байх уу гэдэгтээ л маргаад байгаа юм. Дараагийн зарчмын гол зөрүү нь мажоритар тогтолцоогоор намаасаа сонгогдоод орон нутагт очсон нэр дэвшигч ард түмнийхээ саналыг авч чадвал УИХ-ын гишүүн болно. Харин ард түмнийхээ саналыг авч чадахгүй бол тэр хүн гишүүн болж чадахгүй л гэсэн үг. Манай намын санал бол ердөө энэ.
АН-ын санал бол ард түмэн нь сонгохгүй байлаа ч гэсэн пропорциональ буюу намаараа сонгогддог зарчмаараа УИХ-ын гишүүн болчхож болно гээд байгаа юм. Үүнийг манай нам эсэргүүцээд байгаа юм.
АН-ын санал бол ард түмэн нь сонгохгүй байлаа ч гэсэн пропорциональ буюу намаараа сонгогддог зарчмаараа УИХ-ын гишүүн болчхож болно гээд байгаа юм. Үүнийг манай нам эсэргүүцээд байгаа юм.
-МАН хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорциональ болгоно гэсэн гэрээнд гарын үсэг зурсан биз дээ. Гэтэл яагаад мажоритар гээд байгаа юм бэ?
- 2008 оны сонгуулийн дараа манай намын XXVI их хурлаас сонгуулийн пропорциональ тогтолцоог авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэхдээ бүрэн гүйцэд пропорциональ биш шүү. Тэгж яриагүй. 2004 оны сонгуулиар жижиг тойрог бүрт мөнгө тарааж мөнгөний сонгууль болсон. Үүнийг иргэдийн тоо бага байгаа учраас мөнгө тараасан гэж үзээд 2008 онд тойргийг томсгож нэг тойрог болгосон. Тэгсэн дүүргээр нь мөнгө тараасан. Тиймээс 2008 оны сонгуулийн дараа тогтолцоогоо өөрчилж, пропорциональ болгоё гэж ярьж эхэлсэн. Дараа нь хоёр танхимтай болох тухай ч ярьсан. Тэгэхээр энэ асуудал нь тухайн цаг үедээ хэлэлцэгдсээр байгаа зүйл.
-МАН тохиролцох нэрийн дор цаг хугацаа хожих гээд байгаа юм биш биз дээ. Ирэх сонгуульд хэдэн суудал илүү авчих санаатай?
-Олон ургальч үзэл гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ МАН бусад намуудыг бодвол ардчиллаараа илүү болчихсон шүү дээ. Намын даргаа сонгож байна, намд залуу гишүүд орж ирэхэд чөлөөтэй болчихсон, намынхаа хурлыг хуралдуулах эрх чөлөө нь байж байна. Түүнчлэн намынхаа үзэл баримтлалын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн бүрэлдэхүүн нь байж байна.
-Гэхдээ өнгөрсөн XXVI их хуралд оролцсон гишүүдэд үнэхээр тийм эрх чөлөө байсан гэж үү?
-Байлгүй яах вэ. Бүгд л үгээ хэлж байсан ш дээ. Намын гишүүд нэг үзэл бодол дээр нэгдэж, өөрсдийнхөө байр суурийг нэгдмэл болгочихлоор энэ дундаас эсрэг үг хэлэх хүн байхгүй, үг дуугарах эрхийг нь хаачихсан мэт хэлж ярьж болохгүй. Өнөөдрийн нөхцөл байдал тогтолцоог харж байхад АН-ынхан л жагсаал цуглаан хийгээд дарга нь болохгүй байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна, нэг дүүрэг дээрээ хоёр гурван намтай болчхоод байна гээд байгаа биз дээ. Харин манай нам дотор намын дарга нь тэгээд байна, гишүүдээ сонсохгүй байна гэж анхан шатны гишүүд жагсахгүй байгааг харж байгаа байх.
-Сонгуульд илүү суудал авахын тухайд?
-Энэ нь нэг хэсэг хүмүүсийн л ойлголт. Нөгөө хэсэг нь сонгуульд ялахын тулд МАН дахин хуучин тогтолцоогоо эвдэх гээд байгаа юм уу гэж хэлэх нь ч бий. Эд бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь зан байдлаас гарч байгаа л ойлголт. Ер нь бол сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Ингэхдээ сонгуульд мөнгөний оролцоо бага байхаар шийдэх ёстой.
-Сонгуулийн пропорциональ тогтолцоо байвал мөнгөний урсгал бага байх биш үү?
-Пропорциональ давамгай байх нь учир дутагдалтай. Энэ тогтолцоогоор явбал намын дарга нэрсийн жагсаалт гаргаж, үзэмжээрээ шийдчих магадлалтай. Гэтэл намын дарга нь мөнгөөр худалдагдчихсан, сонгууль хийхийн тулд барьцаа авчихсан байвал шууд л мөнгөний сонгууль болно биз дээ. Ганцхан мажоритар дээр бус пропорциональ дээр ч мөнгө орж ирэхийг үгүйсгэхгүй.
-АН-ынхан болохоор манай нам байж болох хэмжээнд буулт хийчихсэн, харин МАН-ынхан нь улс төрийн зориг гаргах хэрэгтэй гээд байгаа?
-Ирэх пүрэв, баасан гаригийн чуулганаа дээр хэлсэн тохиролцоонд хүрээд байгаа 98 хувийн асуудлаараа санал хураачихна. Тэгэхээр үлдсэн хоёр хувь буюу тогтолцоон дээр хоёр нам тохиролцож чадна гэж найдаж байна. Намрын чуулганы эхний хуга-цаанд Сонгуулийн хууль батлагдчих болов уу гэсэн бодол байна.
-Тэгвэл ажлын хэсэг дээр тохиролцооны асуудал нэлээд ойртсон гэж ойлгож болох уу?
-Хоёр нам хоёулаа л аль хувилбар нь байвал манай намд ашигтай вэ гэсэн байр сууринаас л хандаж байгаа ш дээ Тийм учраас хоёулаа тохиролцоонд хүрэх ёстой. Хоёулаа эрх барьж байгаа, хамтарсан Засгийн газарт орчихсон учир энэ хуулийг батлахын төлөө аль аль нь л чармайлт гаргах хэрэгтэй. Түүнээс бус АН нь батлах гээд манай нам хойш нь татаад байгаа юм биш. Харин ч манай нам Сонгуулийн тухай хуулийг энэ ондоо багтаагаад эртхэн хэлэлцээд баталчих ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Энэ хуулийн төсөлд 99 гишүүнтэй байхаар тусгаад байгаа гэсэн. Үүнийг дэмжиж 40 гаруй гишүүд гарын үсэг зурсан гэсэн. Та гарын үсгээ зурав уу?
-Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Сүхбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсгээс тийм санал гарсан юм билээ. 76 гишүүн гэдэг бол хүн амын тоотой нь харьцуулахад бага байна. Бүр 99 эсвэл 108 гишүүнтэй байх талаар ч яригдаж байгаа. Би үүнийг дэмжиж байгаа. Одоо байгаа тогтолцоогоор бол 76 гишүүн цөөдөөд байгаа юм. УИХ 76 гишүүнтэй. Тэднийг долоон байнгын хороонд хуваарилчихдаг.Тухайлбал, манай байнгын хороо 20 хүрэхгүй гишүүнтэй. Гэтэл дөрвөн байнгын хорооны ажлыг нэгэн зэрэг хийдэг. Ингэхээр 10 гишүүн сууж байгаад л хууль баталчхаж байгаа юм. Хэрэв 99, 10, гишүүнтэй болчих юм бол эдгээр асуудлуудыг тус тусад нь хэлэлцэх байнгын хороодтой байна. УИХ гэдэг бол улс орны амин зүрх, тархи нь байдаг. Тэгэхээр тэр том байгууллагаа улам л бэхжүүлж, сайжруулж, олон нам, нийгмийн давхаргын төлөөллийг оруулж байж шийдвэр гаргадаг байх ёстой юм.
-Сүүлийн үед МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын зөрчилдөөн олон нийтэд ил болоод байх шиг байна. Яг юу болоод байгаа юм бэ?
-Нэг их тийм зөрчилтэй зүйл харагдахгүй л байна даа. Зөрчилдөөд хоёр тийш харчихсан зүйл байхгүй. Сая нийслэлд болсон "Ард түмнээ сонсъё" аяны дараа манай хоёр дарга хөтлөлцөөд л Сүхбаатарын талбай дээгүүр явж л байсан. Хоёулаа буруу тийшээ харчихсан, үйл ойлголцолтой байсан бол хэзээ ч тэгж явахгүй биз дээ.
-Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх С.Батболд даргыгаа сайн дураараа огцрох өргөдлөө өг гээд шахаад байгаа юм биш үү?
-Тэрийг би мэдэхгүй байна. Тийм зүйл байхгүй байх аа, сонсоогүй юм байна.
-Намын залуу гишүүд ахмадуудыгаа шахаад байгаа мэдээлэл ч бас бий?
-Янз бүрийн асуудлыг өлгөж аваад л байвал зөндөө зүйл гарч ирээд л байх байлгүй дээ. Нам ахмад гишүүдийн давалгаа, өмнөх өв уламжлалгүйгээр цааш хэзээ ч явахгүй. Залуу үеийнхэнд ахмадуудынхаа хийсэн бүтээснийг үгүйсгэх эрх байхгүй. Намыг 90 жилийн турш авч явсан ахмадуудыгаа бид үргэлж хүндэтгэж, зөвлөгөөг нь сонсож байх ёстой. Гэхдээ сүүлийн үед ахмадууд маань зөвлөх, залуучууддаа зааж зөвлөх, өв уламжлалаа үлдээх талаар жаахан дутагдалтай байгаа учраас залуус маань ингээд байна уу гэж би ойлгож байгаа.
-Намын залуу гишүүд ахмадуудыгаа шахаад байгаа мэдээлэл ч бас бий?
-Янз бүрийн асуудлыг өлгөж аваад л байвал зөндөө зүйл гарч ирээд л байх байлгүй дээ. Нам ахмад гишүүдийн давалгаа, өмнөх өв уламжлалгүйгээр цааш хэзээ ч явахгүй. Залуу үеийнхэнд ахмадуудынхаа хийсэн бүтээснийг үгүйсгэх эрх байхгүй. Намыг 90 жилийн турш авч явсан ахмадуудыгаа бид үргэлж хүндэтгэж, зөвлөгөөг нь сонсож байх ёстой. Гэхдээ сүүлийн үед ахмадууд маань зөвлөх, залуучууддаа зааж зөвлөх, өв уламжлалаа үлдээх талаар жаахан дутагдалтай байгаа учраас залуус маань ингээд байна уу гэж би ойлгож байгаа.
-Тэгэхээр л намын дотор тийм ч таатай уур амьсгал байхгүй байгаа юм биш үү?
-Таатай таагүй байдал дээр дүгнэхэд хүрчихсэн зүйл байхгүй. Гэхдээ ер нь дотооддоо зарим асуудал бий. Энэ бол аль ч нам, байгууллагад байдаг л зүйл.
-Нэгэн үе танай намын дарга байсан Н.Энхбаяр МАХН нэрээ авч, М.Энхсайхантай нэгдэнэ гэдгээ зарлаад байна. Энэ нь МАН-д ямар нөлөөтэй гэж та харж байгаа вэ?
-Нэг их нөлөөлнө гэж харахгүй байна. Энд би МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл гэдгийг хэлье. МАХН гэдэг бол манай намын өөр хэнтэй ч хуваалцах ёсгүй брэнд нэр. Би зарим зүйлийг ойлгохгүй байна. Яагаад Дээд шүүхийнхэн намын нэрийг давхардуулж олгож байгаа юм. Бид энэ нэрийг өөр нам, эвсэл, хүчин авч болохгүй гэсэн итгэл үнэмшлээр МАН гэдгийг ард хаалтан дотор МАХН гэж хийгээд аваад явж байгаа. Гэтэл үүнийг ямар учраас олгочхож байгаа юм. Үүнд улс төрийн зорилго байна уу. Одоогийн байгуулагдаад байгаа хуучин экс даргын нам бол Монголын улс төрийн 19 дэх, цоо шинэ нам. Шүүхээс авсан нэртэй ямар ч холбоогүйгээр цоо шинээр үүсэж буй нам. Чухам үүнд яагаад манай намын нэрийг Дээд шүүхээс давхардуулан олгож, Ардын намынхныг дотор нь ингэж хагаралдуулах бодлого явуулах болов гэдэг нь л асуудал байна.
-Таныхаар бол ямар учраас намын нэрийг давхардуулан өгсөн гэж?
-Би харин үүнийг ойлгохгүй байна. Яагаад гэдгийг л дээд шүүхийнхнээс асуумаар байна.
-МАХН-ыг нэгэн үе танай намын лидер байсан хүн удирдаж байгаа шүү дээ. Та ч гэсэн тухайн үед удирдлагад нь байсан биз дээ?
-Хуучин манай намын дарга байсан. Харин одоо миний байгаа намаас гарчихсан. Надтай хамаа байхгүй.
-Танай намын зарим гишүүд МАХН-д очихоор бэлтгэж байгаа гэх юм?
-Би тэрийг мэдэхгүй байна.
-Ц.Шинэбаяр гишүүн ч гэсэн шинэ нам байгуулаад гарчихлаа?
-Ц.Шинэбаяр гишүүнийг би ойл-гохгүй байна. Нам нам дамжаад л яваад байх юм. МАН-аас гараад МАХН-даа тогтвор суурьшилтай байж байхгүй яасан юм. Гэтэл дахин өөр нам байгуулаад гараад явчхаж. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил хөдөлдөг гэсэн үг бий дээ. МАН гэдэг тогтвор суурьшилтай хамт олон өөрийнх нь төлөө бүхнийг хийж, Дорнодын МАН-ын хороо гэж үүр нь УИХ-д гаргаж өгч байхад. Нэгэнт үүрнээсээ хөдөлсөн хүн ийм тогтвор суурьшилгүй болчихдог юм болов уу даа.
-Гэхдээ Ц.Шинэбаяр гишүүний хэлж буйгаар МАН-ын бусад гишүүдийг бодвол шударга ёсыг тогтоохын төлөө үзэл бодолдоо илүү тууштай байж, хэнээс ч эмээхгүй хэлэх гэснээ хэлж байгаа юм биш үү?
-Манай нам дотор хэнээс ч айхгүй үгээ хэлдэг гишүүд байна шүү дээ.
-Хэн бэ?
-Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр гээд гишүүд байна. Би ч байж болно. Бидний үг хэлэх эрх нээлттэй.
-Гэхдээ тэдгээр гишүүд ямар нэг зүйл тухайлбал, намын даргаа огцруулах хэмжээний зоригтой алхам хийж чадах уу?
-Би дээр хэлсэн. Хамгийн ардчилалтай нам бол МАН. Хэн ч гэсэн үгээ хэлэх эрхтэй байгаа.
-Намынхаа даргыг ирэх сонгуульд намаа удирдах хэмжээний чадалтай дарга биш гэж үзэх гишүүд танай намд олон байгаа юм биш үү?
-Би бол чадчих байх л гэж бодож байна. Намын асуудалд тийм шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн зөв гэж бодож байна. Үнэхээр намын гишүүд олонхоороо тэгж үзэж байгаа бол түүнийг үгүйсгээд байх эрх надад байхгүй. Намын даргын хувьд засаг төрийн ажлаа сайн хийж байгаа ч намын даргын ажлаа тийм ч сайн хийж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй л дээ. Өнөөдөр янз бүрийн судалгааны байгууллагуудын дүнг харж байхад хамтарч байгаа хоёр намын хоёулангийнх нь нэр хүнд унасан байна. Өмнө нь манай нам сонгуулийн өмнөх жил 20, 30 хувиар рейтинг нь тодорхойлогддог байсан. Тэгэхээр өнөөдөр яагаад ийм болчхов гэдэг нь бас энд ярьж байгаа асуудлуудтай холбоотой л гэж бодож байна.
-Тэгэхээр ер нь МАН-ын гишүүдээс намын даргаа огцруулах асуудлыг хөндөж магадгүй байх нь ээ?
-Магадгүй байх аа.