Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно
2017.04.28

Өнөөдөр 1000 ажил олгогчдын зөвлөгөөн болно

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хамтран 1000 ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маргааш зохион байгуулна.

Шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулах, олон нийтэд сурталчилах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх, хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1000 ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ЭМНДЕГ-ын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Засаг даргын орлогч Д.Энхтөр, ИТХ-ын дарга Ц.Сандуй, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Э.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ч.Лхагважав болон нийслэлийн зарим агентлагын удирдлагууд урилгаар оролцоно. 

Зөвлөгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, нийслэл болон 9 дүүрэг хамтран зохион байгуулна.

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой тохиож байгаа учир энэ жил 75 ажил олгогчдыг шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол, журмын дагуу нийслэлийн хэмжээнд 65 ажил олгогчийг шалгаруулж, үндэсний 10 шилдгийн шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчийг шалгаруулсан.

Улсын хэмжээнд 43 мянга, нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй ажил олгогч байдаг. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж, шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.

Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан, ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх, Даатгуулагчийн тогтвортой байдал, өсөлт, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж, шалгаруулалтыг хийсэн юм гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.