Б.Жавхлан: Хөрөнгө оруулагч нарт том дохио өгсөн
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.04.27

Б.Жавхлан: Хөрөнгө оруулагч нарт том дохио өгсөн

Манай Улсын уул уурхайн томоохон төслүүд дээр ажилладаг гадны хөрөнгө оруулагчид өнгөрсөн хугацаанд олсон ашиг орлогоо гадны томоохон банкуудаар дамжуулдаг байсан. Тэд манай улсын уул уурхайгаас ашиг олдог хэрнээ дотоодын арилжааны банкуудтай хамтарч ажилладаггүй байна. Харин төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дээрх байдлыг өөрчилж гаднын хөрөнгө оруулагчид Монголын хуулинд захирагдаж, дотоодын банкаар гүйлгээ хийх нөхцлийг бий болгосон байна. УИХ-ын чуулганаар 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд энэ талаар заалт оруулжээ. Гэвч үүнийг томоохон хөрөнгө оруулагчид эсэргүүцэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.  

-Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр томоохон хөрөнгө оруулагчдын мөнгийг дотоодын банкаараа явуулах заалтыг тогтоолын төсөлд оруулсан юм байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа гэсэн. Үүнээс болоод Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэх нь эргэлзээтэй болсон мэдээлэл байна. Хэр бодитой мэдээлэл юм бол?

-Оюутолгойн төсөлтэй болон томоохон мега төслүүдтэй холбоотой, тэдгээрийн төлбөр тооцооны дамжиж байгаа капиталын мөнгөн урсгалыг Монголын банкуудаар дамжуулах, энэ зохицуулалтыг хийх заалт орсон байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар үүнд нэлээд анхаарлаа хандуулж, энэ сэдвийг хөндөж байна. Гадаадын хэвлэлээр ч гэсэн гарч байна. Элчин сайдууд хүртэл гишүүдтэй уулзаж байна. Энэ талаар тогтоол гарсан боловч Засгийн газрын түвшинд юу хийгдэж байгаа, яригдаж байгаа талаарх мэдээлэл алга байна. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахад саад болох зүйл яригдахгүй байна. Асуудал яаж өрнөхийг харж  байя.

-Та энэ тогтоолын заалтыг дэмжиж байгаа юу?

-Би хувьдаа дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэлэлцэж байх үед би энэ талаар хэлж байсан. Оюутолгойн анхны гэрээг хийж байхад л ийм заалт орсон юм байна лээ. Цаад талын хөрөнгө оруулагчдын шаардсанаар том банкууд, тэр дундаа нэрийг нь заагаад, Нью-Йорк дахь, Хонконг дахь тийм банкны дансаар мөнгөн урсгалаа явуулна гээд тогтвортой байдлын гэрээн дээр оруулчихсан юм байна. Үүнийг өөрчлөхөд нэлээд ажил орох байх. Өөрчлөхөд их төвөгтэй, магадлал муу. Ямар ч байсан ийм дохио өгнө гэдэг их чухал. Цаашдаа том мега төслүүдийг явуулах, хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн мөнгө урсгалыг зайлшгүй дотоодоороо явуулах, эдийн засгийн үр өгөөжийг нь дотооддоо авч үлдэх нь чухал. Тиймээс цаашид ач холбогдол өгөх заалт гэж ойлгож байгаа.

-Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах асуудлаар танд ямар нэгэн мэдээлэл ирэв үү. Энэ ажил ер нь юу болж байгаа вэ. Захирлуудын зөвлөл нь хуралдсан юм болов уу?

-Олон Улсын Валютын санд бүх бичиг баримтуудаа явуулсан гэсэн. Хийгдэх ёстой ажлууд нь хийгдээд, захирлуудын хурлын шийдвэрийг хүлээгээд байж байгаа гэсэн мэдээлэлтэй байна.

Ж.ГАНАА