2017.05.11

Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн салбарыг чухлаар авч үзэх хэрэгтэй

Өнөөдрийн /2017 оны 05 дугаар сарын 11 / УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд  салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гол салбаруудаа идэвхжүүлээд эдийн засагт үр нөлөө бүхий зүйл хийхийг санал болголоо. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилттэй холбоотой хэд хэдэн зүйлс тодрууллаа.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ГОЛ САЛБАРАА ТОДОРХОЙЛОХ ХЭРЭГТЭЙ.

Зорилтот бүлэг гэдэг шиг зорилтот салбар луугаа хандсан зүйл байна уу? Эдийн засгийн тогтворгүй байгаа нөхцөл байдалд тодорхой хэдэн салбаруудаа урдаа бариад түүнийгээ дагаад явмаар байна.

ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд жил болгон уулзалт хийдэг. Энэ хүрээнд хийгдсэн албан баримт байх ёстой. Тэр баримтын хүрээнд 3 улсын хооронд хийж байгаа дэд бүтцийн асуудлууд, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлууд, эрчим хүчний асуудлууд нилээн том хүрээнд яригдах ёстой. Энэ дээр хийгдэж байгаа зүйлүүд ямар хэмжээнд явагдаж байна вэ?

Мал аж ахуйн талаар тодруулах зүйлүүд их байна. Сүүний үйлдвэр, хуурай сүүний үйлдвэрүүдийг нийт аймгийн хэмжээнд олгох асуудал ямар түвшинд явж байна вэ? Махны үйлдвэрийн асуудлууд нилээн өндөр түвшинд яригдах ёстой байсан нь чимээгүй болсон. Ноолуурын асуудал, үүний цаана хөнгөн үйлдвэрийн асуудлууд байна.

Ноолуурын дэлхийн хэмжээний 2 дахь тоглогч Монгол Улс. Дэлхийн нийт ноолуурын 40 хувийг бүрдүүлж байна.

Үүний боловсруулалтыг өндөрсгөөд, эдийн засгийг чадавхжуулах, гадагшаа гарч байгаа ноолуураа өөрсдөө авч ашиглах хэрэгтэй. Нийт дүнгээрээ 2,5 их наяд төгрөгийн орлого олох бололцоо байгаа гэж харж байгаа.

Жижиг дунд үйлдвэрлэл гэхээр л жижигрүүлээд, өрхийн үйлдвэрээр сэтгээд байна. 1,5 тэрбум төгрөгний орлого бүхий үйлдвэрлэл гэж бид тодорхойлж байгаа. Дээрээс нь намаас тавьсан мөрийн хөтөлбөрийн нэг гол онцлог нь жижиг дунд үйлдвэрлэл буюу өрхийн орлого, аж үйлдвэрлэлийг сайжруулах, компанийхаа чадавхийг сайжруулах бодлого гаргаж байгаа. Үүнтэйгээ уялдуулмаар байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд салбараа тодорхойлох хэрэгтэй байна. Тэргүүлэх үйлдвэрлэл рүүгээ хандахгүй, ирсэн материалыг л шүүгээд байхаар бодлогын хүрээнд хэрэгжиж чадахгүй байна.

Хөдөө аж ахуйн биржийн асуудал байна. Цаас, бланк бичиж өгөөд л гадагшаа гарч байгаа түүхий эдэн дээр тодорхой хувийг аваад сууж байдаг хэдэн хүн байна. Гадны компаниуд хувьцааг нь авч байгаа сонсогдож байна. Тийм ашигтай ажиллаад байгаа юм уу? Бид амьдралтайгаа холбосон хууль журмаа батлахгүйгээр, хөрснөөсөө ангижирсан том хууль батлаад, тэндээсээ том байгууллага гаргачихдаг. Ингээд ажлын уялдаа байхгүй, хөдөлмөрийн бүтээмжгүй компани, аж ахуйн нэгж байгуулагдаад ажиллаад байна.

Бидэнд нэмүү өртөг шингэх үйлдвэрлэл байгуулах хүчин чадал байхгүй боллоо. Арьс, шир, хөнгөн үйлдвэрлэл хэр явж байгаа билээ. Зөрүүлээд 10 сая мал хөлөөр нь гадагш нь гаргаж болохгүй юу? 1 малыг 100 их наяд төгрөгөөр бодоод үзэхээр 1 их наяд төгрөг болж байна. Энэ эдийн засаг тэгширтлээ энэ их наяд төгрөгний орлого олох бололцоо бидэнд байна.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Ж.МӨНХБАТ: 2018 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛД ТУСГАХ ЁСТОЙ.

Санал нэг байна. 2018 оны эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл дээр энэ асуудлыг суулгаж өгөх ёстой. Харин 2016 оны үндсэн чиглэлд огт өөр зүйл тусгасан.

3 улсын замын корридортой холбоотой асуудалд 3 зүйлийг тусгасан.

  1. Эрдэнэт овоо, кызылын төмөр зам. Энэ шийдвэр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 420 дугаар тогтоолоор энэ чиглэлийн замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн Рэйлвейс” гэдэг компанид өгсөн. Гэхдээ энэ ажил ахиц муутай байгаа.
  2. Зүүн босоо тэнхлэгийн замын асуудал байгаа. Энэ бол зөвхөн судалгааны түвшин яригдаж байгаа.
  3. Замын-Үүд, Алтанбулагийн холбосон 1000 км, авто зам олон улсын тээврийн 3 эгнээтэй 2 урсгалтай зам барих ажлыг “Чингис девелопмент” компанид өгөхөөр яригдаж байгаа.

ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.БАЯРТУЛГА: ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛЫН ЗЭРЭГЛЭЛ ГАРГАСАН.

Хуурай сүүний төслийг “МДМ” компани хэрэгжүүлж байгаа. Тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлүүлэх захиалга өгсөн байгаа.

Малын эрүүл мэндийн тухай хуулийг шийдэх, батлуулах, тогтолцоогоо өөрчлөх, өвчнийг хяналтандаа авахгүйгээр ярих махны үйлдвэрлэлийг ярих учир дутагдалтай байна.

Ноолуурын бол бидний хувьд гол экспорт болоод явж байна. Хөгжлийн банкаар ноолуурын үйлдвэрүүдэд өгсөн зээлүүдийг сунгаад, үргэлжлүүлээд явж байна. Ноолуурын үйлдвэрлэл дээр нилээн ахиц гарч байна.

“Говь” компани 100 мянган хүрэмийг сүүлийн үеийн технологиор үйлдвэрлээд экспортлох мэдээлэл байгаа.

Жижиг дунд үйлдвэрийн асуудал дээр томоохон үйлдвэрлэлүүдийг дагасан жижиг үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх чиглэлээр ярилцаж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн ач холбогдлын зэрэглэл гаргасан. Үүн дээр мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл гэсэн жагсаалтууд явж байна.