"Азийн Зүүн Бүсийн Эрэгтэйчүүдийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2017"  болж байна
2017.05.23

"Азийн Зүүн Бүсийн Эрэгтэйчүүдийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2017" болж байна

АВХ-ны ивээл дор зохион байгууллагдаг "Азийн Зүүн Бүсийн Эрэгтэйчүүдийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2017" тэмцээн 5 дугаар сарын 20-26-ний хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээн нь Монгол улсад волейболын спорт үүсч хөгжисний 90 жил Монголын Волейболын Холбоо байгуулагдасны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй томоохон арга хэмжээний нэг юм. Тэмцээнд БНСУ, БНАСАУ, Япон, Хонг Конг, Тайвань, Макао, Монгол зэрэг үндэсний 7 холбоо оролцож байна. Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр амжилттай явагдаж тэмцээний нээлтийн тоглолт БНАСАУ болон Хонг Конгийн багуудын тоглолтоор эхэлсэн байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Буянт ухаа спортын ордонд 5 сарын 21 өдрийн 16 цагт болж салбарын удирдлагууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр салбарын сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 60 дугаар тогтоолоор 2017 онд Монгол Улсад зохион байгуулагдаж буй Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд баг тамирчдаа оролцуулж буй Япон,  БНАСАУ, БНСУ, Макао, Тайвань, Хонг Конг болон Монгол Улсын баг тамирчид, дасгалжуулагчид, албаны төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүсэн мэндчилж, манай эх оронд тухлан саатахыг хүсэн ерөөе.

Монголын Волейболын Холбооноос 4 дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү тэмцээнийг Засгийн газраас багийн спортыг дэмжих бодлогын хүрээнд тогтмол дэмжиж ирлээ.

Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд багийн спортыг улсын хэмжээнд жигд хөгжүүлэх, бүх насны иргэдийг биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадамд өргөнөөр хамруулахад волейболын спорт онцгой нөлөө үзүүлж байгаа бөгөөд Монгол Улсын шигшээ багийн  тамирчдын амжилтыг олон улсын түвшинд хүргэхэд Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авчиран, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Волейболын Холбооны хамт олон, удирдлагуудад баяр хүргэе.

Тэмцээнд оролцож буй нийт багийн бүрэлдэхүүнд болон Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье.