“Эх хэл соёлоо дээдэлье” сарын аяны хаалт болов
2017.05.30

“Эх хэл соёлоо дээдэлье” сарын аяны хаалт болов

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварыг ахиулах, монгол хэл, бичгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурагчдын монгол уламжлал, ёс заншлаа дээдлэн хүндэтгэж, эх хэлээрээ бахархах үзэл бүхий иргэн болж төлөвшүүлэх зорилготой “Эх хэл соёлоо дээдэлье” сарын аяны хаалт өнөөдөр 67-р сургууль дээр боллоо.     

 Аянд дүүргийн ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчид, монгол хэл, бичиг, уран зохиолын багш нар, сургалтын менежер, захирлууд хамрагдсан юм.      

Уг аян УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Аяны хүрээнд зохиолч Ц.Базаррагчаагийн “Сургуулийн нар” номын хэлэлцүүлгийг багш нарын дунд зохион байгуулж, багш нарын дунд АХА тэмцээнийг зохион байгуулсан.     

Мөн “Миний эх хэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, “Би эх хэлээрээ зөв, түргэн уншдаг” уншлагын уралдаан, монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын “Судалгаа онол арга зүйн бага хурал” гэх мэт олон бүтээлч ажлуудыг зохион байгуулдаг уламжлалын дагуу дээрх ажлуудыг зохион байгуулж, төрөл тус бүрт шалгарсан шилдгүүдийг шагнаж урамшуулсан юм.      

Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа “Аян маань жил ирэх бүр өргөн хүрээтэй болж буйд баяртай байна. Өмнөх жилүүдэд цөөн тооны хэдэн сургууль илт давуу оролцдог байсан бол энэ жил бүгд энэ тэнцүү өрсөлдөж байгаа нь сайшаалтай. Даяаршлын энэ эрин зуунд дэлхий нийтээс ялгарах ганц зүйл бол бидний эх хэл, эх соёл” гэж онцлоод аянд зүтгэл гарган ажилласан нийт сургуулийн багш, удирдлагууд болон өөрийгөө дайчлан хичээж оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэе” гэсэн юм.