“Багшийн хөгжлийн форум-2017” болж байна
2017.05.29

“Багшийн хөгжлийн форум-2017” болж байна

Нийслэлийн багш нар нэгэн дор чуулж байна. Өнөөдөр НИТХ, НЗДТГ, “Монголын залуу багш нарын холбоо” хамтран “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн хөгжлийн форум-2017” ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.

Форумд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон Нийслэл, дүүргийн боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд, боловсролын байгууллагын удирдлагууд, багш нар оролцож байна.

Форумын эхэнд УИХ-ын гишүүн,  “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг  санаачлагч Н.Учрал тус хуулийн талаар форумд оролцогчдод танилцууллаа. Энэхүү хуулийн зорилт нь багшийн нийгэмд эзлэх байр суурь болон зарим баталгааг нэмэгдүүлэх, хөгжих бололцоогоор хангах, ёс зүй, хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино. Хуульд төрийн үйлчилгээг эн тэргүүнд багшид хүргэх, цалингийн асуудал зэрэг багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон зүйл заалт орсныг тэрбээр танилцуулсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд мэндчилгээ дэвшүүлээд “Нийслэл хотын хөгжлийн ирээдүйг цогцлоон бүтээх их хувь заяа манай өнөөгийн хүүхэд залууст бий. Боловсролтой иргэд нь хөгжлийн түүчээ төдийгүй түүнийг гардан бүтээгчид байдаг. Ийм алсын харааг бид чиг баримжаа болгон, шинэ үеэ өсгөн бойжуулах, ур чадварт нь нийцсэн мэргэжил эзэмшүүлэх, өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэд бэлтгэхэд тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой гэж үзэж байна.

Үүнийг ч иш үндэс болгож, бодлого, үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлдэг. Энэхүү эрхэм зорилтыг хэрэгжүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн билээ. Багш нараа хөгжүүлэх, тэдний нийгмийн баталгааг өндөр түвшинд байлгах замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад нөлөөлөх бодлогыг МУ-ын Засгийн газар, нийслэлийн удирдлага баримтлан, үйл ажиллагааны хөтөлбөртөө олон ажил, арга хэмжээг тусган хэрэгжүүлж эхэлсэн.” гэлээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийт багш нар, зочдод ажлын амжилт хүсээд “Өнөөдрийн байдлаар нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233 мянган сурагч, СӨБ-ын 623 цэцэрлэгт 105 мянган хүүхэд сурч хүмүүжиж байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 72.8 хувьтай байгаа нь өмнөх хичээлийн жилээс 3.8 хувиар өсчээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 2 дахин их ачаалалтай ажиллаж байна. Нийслэлийн хүн ам өссөнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2018 онд 2 шинэ сургууль, 2 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийг тус тус барихаар төлөвлөж байна.” хэмээв.

Чуулганы төгсгөлд “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарах юм