ХБНГУ-тай боловсролын салбар дахь харилцаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл” –ийн Торстен Шэфер Гумбэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд харилцаа, ялангуяа боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
Торстен Шэфер Гумбэл хэлэхдээ “Монгол, ХБНГУ олон жилийн түүхтэй хамтын ажиллагаатай. Манай улс Тэр дундаа мянга мянган монгол оюутныг сургаж мэргэшүүлсэн. Нийгэм солигдсоны дараа оюутны тоо буурсан ч одоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. ХБНГУ ч боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Залуучуудыг нийлүүлэлт нь хэтэрсэн мэргэжлээр их, дээд сургуульд сургахаас илүү нарийн мэргэжлийн, техник, технологи, инженерийн мэдлэг олгох сургалтуудыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд боловсролын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжүүлж, улам хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.
Мөн “Социал демократууд нийгмийн хөгжлийг тэргүүлэгчид байдаг гэж боддог. Эв нэгдэл, шударга ёс, тэгш хуваарилалт бол тэдний үндсэн зарчим. Дэлхийн хүн ам ч үүнийг хүсч байна. “Прогрессив Аллианс –Дэвшилтэт эвсэл” үүний төлөө тууштай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
“Прогрессив Аллианс - Дэвшилтэт эвсэл” нь зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн 130 намыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага бөгөөд өнөөдрийн зочдын тэргүүн Торстен Шэфер Гумбэл нь ХБНГУ-ын Социал демократ намын дэд дарга юм.