УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.25

Ё.Баатарбилэг: Элчин сайд томилох асуудлыг яаран сандран оруулж ирлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрч, томиллоо. 

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Өмнөх парламентуудын үед шинээр томилогдож буй Элчин сайдуудыг дэмжиж байна, сайн ажиллаарай гэж явуулсаар ирсэн. Гэтэл эгүүлэн татах болоход ажлын үр дүнгийн тайлангаа Гадаад харилцааны яаманд танилцуулж, тайланд нь дүгнэдэг байх. Элчин сайдад тавих хяналт, хүлээлгэх хариуцлагын механизм тодорхойгүй байдаг. Угтаа бол тухайн улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ажил, гаргасан ахиц дэвшлээ томилдог субьектээ тайлагнах хэрэгтэй байх гэж бодож байна.

Миний хувьд Хоёр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газарт найман жил орчим ажилласан. Тухайн үед Ерөнхийлөгч олон Элчин сайдыг гадаад улсад томилох саналаа Засгийн газар, УИХ-д оруулж, хэлэлцүүлж байсан. Гэхдээ томилох зарчим, процессын хувьд арай өөр байсан санагдаж байна.

Элчин сайд бол тухайн улсад суугаа Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч гэж ойлгож болно. Тэр агуулгаар удахгүй сонгогдох Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг ирэх дөрвөн жилд дэмжих учиртай. Нэг сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад шинээр Элчин сайдууд томилох асуудлыг яаран сандран оруулж ирж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Элчин сайдыг томилох нь зөвхөн хүний тухай асуудал биш гадаад бодлого, гадаад харилцаатай холбоотой учраас нэр цохон ярих нь зохимжгүй юм. Гэхдээ Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүс тэр бүрнээ анхаарах ёстой.

Энд байгаа зарим нэр дэвшигч өөртөө дүгнэлт хийсний үндсэн дээр Элчин сайдаас нэрээ татах хэрэгтэй гэж бодож байна. “Гуя дагаж хүзүү” гэдэг шүү дээ. Элчин сайдыг томилох, эгүүлэн татахтай холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байгаа учраас нэр дэвшигчдэд энэ мэт асуудлыг анхаарууллаа.

Япон улстай бид гадаад харилцааны түүхэн уламжлалтай. Япон улс нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн дэмжлэг, туслалцаа бидэнд байнга үзүүлсээр ирсэн. Гэтэл манай улс тус улстай хамтын ажиллагаагаа улам тэлэх бодлого барих байтал хумих бодлого барьж, тэнд байгаа Консулын газраа хаахад татгалзах зүйлгүй гэсэн саналаа Засгийн газарт ирүүлсэнд шүүмжлэлтэй байна.

Хэрэв Г.Тэнгэр та Элчин сайдаар томилогдоод ажиллах юм бол Японы Осака болоод бусад олон хотод Консулын газраа нээж ажиллуулах тал дээр анхаарч ажиллах ёстой. Ингэж ажиллах ёстой гэж шаардаж байна. Тиймээс алс хэтээ харсан гадаад бодлого барих ёстой. Монгол төрийн алтан аргамж болсон гадаад харилцаа, төрийн тусгай алба гэдэг бол өндөр босготой гэдгийг харуулах ёстой.