О.Баасанхүү: Элчин сайд нар намдаа биш төрдөө үйлчлэх ёстой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Элчин сайдаар томилогдож буй хүмүүст хандан хэд хэдэн зүйл хэллээ.
Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дотоод бодлогыг гадаадад таниулах, тухайн улсад хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа зайлшгүй мэргэшсэн байх ёстой. Хэлний мэдлэгтэй байж, тухайн улсынхаа соёл, ёс заншлыг мэддэг байх хэрэгтэй. Соёлт нийгэмд дипломат ёс үе уламжлан авч явдаг харилцаа юм.
Гэтэл манайд Элчин сайд нар нам, улс төрийн томилгоогоор шийдэгддэг болж. Тиймээс Элчин сайдаар томилогдож буй хүмүүс намдаа үйлчлэх бус төрдөө үйлчлэх, ялангуяа Монгол Улсыг гадаадад зөв таниулах ёстой гэж боддог. Энэ үүднээс аваад үзвэл дотоодод ажиллаж байхдаа өөрийн улсаа гадаадад яаж харагдуулсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. АСЕМ-ын үеэр 300 сая ам.долларыг бид агаарт хийсгэсэн. Бид АСЕМ-аас юу үлдэв?
ОУВС болон бусад хандивчлагч орнуудаас зээл, хөрөнгө оруулалт татахаар мэрийж байгаа энэ үед та бүхэнд тун хариуцлагатай үүрэг ногдож байна. Мөн гадаадад байгаа Монголчуудыг эх оронд нь ирүүлэх, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүдээ улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахад туслах, харийн нутагт зовж зүдэрсэн иргэдээ халамжлах зэрэг анхаарах ёстой олон асуудал байна. Тиймээс 24 цагаар утсаа нээлттэй байлгаж, хэзээд бэлэн байх хэрэгтэй.
Монгол Улсаа зөв сурталчлах хэрэгтэй. Төрийн бодлогын хэмжээнд сурталчилмаар байна. Монгол төрийг зөв харагдуулж байж, гадныхан бидэнд найдвар хүлээлгэнэ шүү дээ.