2017.05.25

Элчин сайдууд юу хийх вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрсэн. 

Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд манай гуравдагч хөрш бөгөөд дэлхийн тэргүүлэх улс оронд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар томилогдох гэж байгаа хүмүүс юуг өөрчлөх, юуг анхаарах, ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг нэр дэвшигчдээс асууж байлаа. 

Тэрээр Элчин сайд нарыг улс төрийн эрх ашгийн үүднээс томилдог байдал цаашид явцгүй бөгөөд Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар томилогдох Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар чуулганы танхимд албан ёсны тайлбар хийхийг хүслээ. 

Л.Пүрэвсүрэн: 2016 оны 6 дугаар сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар ОХУ-ын талд мэдэгдэл хүргүүлэх үүргийг Гадаад хэргийн яаманд өгсөн. Тэр өдрийн хуралдаанаар миний бие гадаадад албан томилолттой явж таарсан.

Энэ асуудал нууц байсан учраас надад урьдчилан мэдэгдээгүй Гадаад хэргийн яамны нэр дээр ОХУ-ын талд албан тоот явуулсан байдаг. Гэтэл өнөөдөр намайг дур мэдэн ОХУ-ын талд захиа бичсэн мэтээр ташаа мэдээлэл цацагдаж байна. Засгийн газар кабинетийн зарчмаараа энэ асуудалд хандаж ажилласан.

Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд, Оюу толгой мэтийн стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яамны оролцоо байдаггүй. Нэг мэдэхэд асуудал өрнөсөн байдаг.

Тиймээс миний бие гадаад харилцаатай холбоотой процессын хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамт санаачилсан. Энэ хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар энэ мэт асуудал цэгцэрч, Гадаад харилцааны яаманд эдийн засгийн асуудлуудыг хамааруулах байх гэж бодож байна.

Д.Ганбат: 2008 оноос иж бүрэн түншлэлийн баримт бичиг батлагдсан байдаг. Бүх салбарын хүрээг хамарсан энэхүү баримт бичгийн хэрэгжилт сайн байна. Одоогийн байдлаар нийт хөрөнгө оруулалтад Герман улсаас оруулах хөрөнгө оруулалт харьцангуй бага түвшинд буюу нэг хувьд хүрэхгүй байна.

Монголд Германы бизнес эрхлэгчид тун цөөн байдаг. Гадаад худалдааны нийт эргэлт 170 сая гаруй еврогоор хэмжигдэж байна. Энэ бол хангалтгүй тоо учраас хоёр орны худалдааг хөгжүүлэх болно.

Г.Тэнгэр: Монгол Улс Япон улстай стратегийн түншлэлийг хөгжүүлж байна. Гэхдээ гадаад худалдааны эргэлтийн тухайд 300 сая ам.доллар хүрэхгүй байна. Тиймээс гадаад харилцаа, хамтын ажиллагааг эдийн засагжуулахад бодит ахиц гаргая гэсэн бодолтой байна. Япон улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа анхаарал хандуулна.

Улс төр, эдийн засаг, соёл, харилцааны асуудлаар олон ажил хийхээр төлөвлөж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд 45 ажил хийхээр Гадаад харилцааны яамнаас үүрэг өгсөн. Мөн ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах холбоотой эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

Ё.Отгонбаяр: Стратегийн түншлэлийн түвшинд хоёр улсын харилцаа явагдаж байна. Мянганы сорилтын сан болон бусад төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллана.

Иргэдийн асуудлаар визгүй зорчих бэлтгэлийг хангах нь хамгийн том зорилго болж байна. Тус улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудаа эх оронд нь буцаах, эх орондоо ажиллах боломжоор хангахад анхаарна.

Н.Чингүүндарь: Канад бол манай улсад хөрөнгө оруулагч томоохон улс. Гэхдээ улс төрийн харилцаа төдийлөн хөгжөөгүй. Тиймээс хоёр орны харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх зорилго тавьж ажиллана.

Саяхан хоёр орон хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрийг бүрэн дүүрэн ашиглах, худалдаа хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг өөрчлөе гэсэн бодолтой байна. Уул уурхайн салбарыг төрөлжүүлж, хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлэх чиглэлд ажиллана.

Хоёр орны хөдөө аж ахуйн хамтарсан хороо гэж бий. Энэ хорооны ажлыг эрчимжүүлэхэд анхаарах болно. Мөн иргэдийн асуудалд онцгой анхаарна. Дийлэнх албан ёсоор ажиллаж, амьдарч байгаа. Гол тулгамдаж буй асуудал нь тэнд амьдарч буй хүүхэд, залуучууд төрөлх хэлээ мартах эрсдэл байгаа учраас хэл, соёлоо сурталчлахад онцгой анхаарах болно.

А.Баттөр: Соёл, боловсролын харилцаа боломжийн түвшинд байна. Хамгийн гол олон жил яригдсан дөрвөн том төсөл бий. Сансрын хиймэл дагуул хамтарч хөөргөх ажил бий. Франц бол хиймэл дагуул хөөргөх ажлыг 5 жилийн дотор гүйцэтгэх бөгөөд Монголын талд хүлээлгэж өгөх болзол тавьсан.

Мөн цэвэрлэх байгууламж барих төсөл бий. Хоёр орны худалдаа эргэлтийн тухайд 43 сая евро бөгөөд энэ нь нилээн чамлалттай тоо. Тиймээс гадаад худалдааг эрчимжүүлэх, томоохон төслүүдийг эрчимжүүлье гэсэн итгэл үнэмшилтэй ажиллах болно.