УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2017.05.25

С.Эрдэнэ: Хүүхдүүдэд хэл соёл, түүхээ танин мэдэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тухайн улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ тэр дундаа хүүхдийн эрхийг хангах чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллахыг нэр дэвшигчдэд санал болгов. 

Элчин сайдаар томилогдох үедээ асуудалд уян хатан ханддаг. Яг Элчин сайдаар ажиллаж эхэлсэн өдрөөсөө өөрт ногдсон үүргээ ухамсарлаж, улс эх орныхоо төлөө хүчин зүтгэх тал дээр учир дутагдалтай байдаг.

Тухайн улсад суух Элчин сайд гэдэг бол Монгол төрийн төлөөлөл учраас тэнд ажиллаж, амьдарч буй өөрийн орны иргэдэд бүх талын үйлчилгээ, тусламж үзүүлэх үүрэгтэй.

Зарим Элчин сайд хоёр орны харилцаанд хэнэггүй ханддаг. Айлчлалаар очсон дарга нарт маш сайн үйлчилдэг атлаа иргэдэд тусламж үзүүлэхдээ хойрог ханддаг. Зарим нь хүлээж авч уулздаг ч үгүй тохиолдол бий.

Хүн амын хөгжлийн бодлого, тэр дундаа хүүхдийн эрх маш чухлаар тавигдах ёстой. Хүүхдийн сурч боловсрох, түүх, ёс заншилд суралцах зэрэг олон чухал асуудал бий. Албан ёсны статистик байхгүй ч Монгол Улсын маш олон иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Тэр дундаа гадаадын иргэнд гэр бүл болсон эсвэл гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаатай холбоотойгоор хүүхдийн эрх зайлшгүй хөндөгддөг.

Гадаадад төрж, өссөн Монгол хүүхдүүд төрөлх хэлээ мэдэхгүй байна, түүх соёлоо мэдэхгүй байна, хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээ авахгүй байна.

Тиймээс шинээр томилогдож буй зургаан Элчин сайдад хандаж хэлэхэд, тухайн улсад цаг хугацааг аргацаах гэлгүй, хэн нэгэн танил талаа татах гэж биш, улс орныхоо сайн сайхны төлөө, ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө ажиллаасай гэж хүсч байна.

Хийе гэсэн сэтгэл байвал амжилтад хүрдгийн жишээг зарим улсад суух Элчин сайд харуулж байна. Тухайлбал, Индонез улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийг тэдний нэгээр нэрлэмээр байна. Улс орныхоо нүүрийг дахлах, төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч, хэлсэн амандаа эзэн болж ажиллаарай.