УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.05.31

Н.Амарзаяа: Ж.Батсуурь боловсролын салбарыг сүүлийн нэг жил удирдсанаараа системийн гажуудал үүсгэсэн юм биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа санал хэлсэн юм.

Н.Амарзаяа: Өнгөрсөн хугацаанд сургуулийн өмнөх боловсрол, дунд боловсрол, дээд боловсрол олгох багш нартай уулзаад явж байхад боловсролын тогтолцоо болохгүй байна гэж хэлдэг. Сүүлийн нэг жил энэ салбарыг Ж.Батсуурь удирдсанаараа системийн гажуудал үүсгэсэн юм биш.

Өнгөрсөн 20-иод жил тогтсон гажуудлыг засахыг ард түмэн биднээс шаардаж байна. Тогтолцоо, системийн гажуудлаас болж, салбарын үйл ажиллагаа доголдож байгаад харамсаж байна.

Сурагчдын чадвар, чансаанд үндэслэж, МУИС зэрэг төрийн их сургуулиудын элсэлтийн босго оноог 400 болгосонд харамсаж байна. НББСШУ-ны байнгын хороон дээр шат шатны боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллаж байна.

ЕБС, их, дээд сургуулиудын төгсөлт, элсэлт болж байгаа энэ хариуцлагатай үед боловсролын системийг ямар түвшинд хүргэх, Боловсролын багц хуулиудыг яаж өөрчлөх, Төрөөс боловсролын талаар авч хэрэгжүүлэх бодлогодоо юу тусгах зэрэг асуудлыг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх нь зүйтэй болов уу. Шат шатны байгууллага, удирдлагуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна.