Олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулах хууль батлагдлаа
Өнөөдөр нэг өрхөд хоёр хүүхэд ногдож буй нь төрөлт багассаныг илтгээд зогсохгүй амьжиргааны чадвар сул байгааг харуулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Соц” нийгэмд төрөлт өндөр хувьтай байсан нь төр засгаас иргэдийнхээ амьжиргаанд анхаарч ажилгүйдэл, ядуурлыг бууруулж чадсантай нь холбон үзэж болохоос гадна иргэд ирээдүйд итгэх итгэл өндөр байжээ гэмээр.
Сүүлийн жилүүдэд ядуурал ажилгүйдлийн түвшин өссөнөөс үүдэн 1000 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан нь хүн амын дунд хөгшрөлт бий болж, хөдөлмөрийн насны залуусын тоо цөөрөх хандлага ажиглагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Батбаяр нарын гишүүд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг дахин санаачлан боловсруулжээ. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлснийхээ төлөө тэтгэмж авах боломжтой болж байгаа юм.
Одоогоос 50 гаруй жилийн өмнө буюу БНМАУ-ын хуулиар 5-8 хүүхэд төрүүлсэн эхчүүд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон авдаг байсан бол дээрх гишүүдийн санаачилсан хуулиар бол 4-6 хүүхэд гаргасан эхчүүд алдарт эхийн нэг, хоёрдугаар одон, жил бүр 50, 100 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болжээ.Д.Оюунхорол, Н.Батбаяр нарын гишүүдийн дэмжлэгтэйгээр батлагдсан энэхүү хууль 2011 оны 1-р сарын 01-нээс хэрэгжихээс гадна хүн ам зүйн бодлогод томоохон өөрчлөлт авчирна гэж найдаж байгаа бололтой.