Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн асуудлыг халамжаар шийдэх гэсэн явцуу бодлогыг өөрчлөх хэрэгтэй
2010.09.01

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн асуудлыг халамжаар шийдэх гэсэн явцуу бодлогыг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Намрын чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдийнхээ талаар ярихгүй юу. Хэдэн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Сонгуулийн хууль, Жен­дэрийн эрх тэгш байдлын тухай, Эрүүл мэндийн тухай Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гээд нийгмийн салбарын гол гол хууль дээр ажиллаж, судалж байна. Өнөөдөр эрүүл мэндийн даатгалыг даатгуулагчийн эрх ашигт нийцсэн үйлчилгээнд шилжүүлэх шаардлага бий. Эрүүл мэндийн тусламж үйл­чилгээний чанар, хүртээмж хангалтгүй, төлбөртэй үйлчилгээний хүрээ нэмэгдэж байгаа зэрэг нь даатгуулагчийн зүгээс эрүүл мэндийн даатгалд үл итгэх хандлагыг бий болгож, сэтгэл ханамжийг нь бууруулж байна. Даатгуулагчдын төлж буй эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь хэт ялгаатай байгаа нь шударга бус байдлыг бий болгож сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад нөлөөлж байна.

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлагчдын нэг нь та. Хууль 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнийг олон хүн сонирхож асууж байгаа?

-Энэ хуулиар зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнаж, урамшуулал олгож байхаар хуульчилсан. Нэг өрхөд дунджаар хоёр хүүхэд ногдож байгаа нь төрөлт эрс багассан, хүн амын амьжиргааны өртөг өөрчлөгдсөн, хүүхдийн тоо нь хүн амын бодлогод нөлөөлөх үүрэг гүйцэтгэж чадахгүй болсныг харуулж байна. Ажилгүйдэл, ядуурлын түвшин өссөнөөс 1000 эхэд ногдох төрөлтийн тоо эрс багассан. Цаашид “Эхийн алдар” I, II одонтой ээжүүдэд олгох 500 мянга, нэг сая төгрөгийг үе шаттайгаар олгох асуудлыг төр засгаас шийдвэрлэхээр судалж байгаа. Эхчүүд эмэгтэйчүүд өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн ядууралд өртсөөр байна. Монголын ядуурал илүү эмэгтэйлэг хандлагатай ч болж байна. Эмэгтэйчүүд ядуу байх тусам эх эндэх, гэр бүл салах, үр хүүхдээ өнчрүүлэх, аливаа дарамт хүчирхийлэлд автах нь ихэснэ. Манай улсад 34.1 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2.4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байх юм. Гэрлэлт өмнөх оныхоос 3.3 хувиар, гэр бүл цуцлалт 26.2 хувиар өссөн. Охид, эмэгтэйчүүдийн дунд биеэ үнэлэх, архи согтууруулах ундаанд донтох, хүний наймааны золиос болох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авч байгаа нь нууц биш болжээ. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн гэрийн хөдөлмөрийн ачаалал хот суурин газрын эмэгтэйчүүдийнхээс хэд дахин их, үнэлэгдээгүй хөдөлмөр эрхэлж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81.2 мянга болж 2008 оныхоос 5.8 хувиар өсчээ. Ядуурлын түвшин хот, хөдөөгөөр мэдэгдэхүйц ялгаатай болж байна.

-Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа гэлээ. Ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм бэ?

-Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуультай болж, түүнийг хэрэгжүүлэх ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын хууль тогтоох байгууллага, улс төрийн болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо хангалтгүй байгаа нь эмэгтэйчүүдэд нийгмийн баялаг, хөгжлийн үр шимээс тэгш бус хүртэх нөхцөл болоод байгааг судалгааны дүнгүүд харуулсаар байна. Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгож, хөрөнгө төсвийг зөв бодлого, үйл ажиллагаанд хуваарилах, нөөц боломжийг оновчтой байршуулах, хүн амд ойлгуулах, нийгмийн тулгамдсан асуудалд хөрөнгө оруулалтыг хандуулахад Засгийн газар ажиллах ёстой. “Эмэгтэйчүүд сайн ажиллах хүч-Нийгмийг хөдөлгөгч гол хүчин” гэдгийг мэдрүүлж, хүн ам ба хөгжлийн асууд­лаарх батлагдсан хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эмэгтэйчүүд рүү чиглүүлэхийг уриалж ажилламаар байна. Бид ч өөрсдийн хүч чадал нөөц боломж, үр дүн-бодит ажлаа харуулж, дуу хоолойгоо гаргах цаг болсон гэж үзэж байгаа.

-Та өөрөө бизнес хийж байсан хүн. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудалд хэрхэн ханддаг вэ. Анхаарч шийдвэрлэх ямар асуудал байна гэж үзэж байгаа вэ?

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн асуудлыг халамжийн хязгаарлагдмал арга хэмжээгээр шийдвэрлэх гэсэн явцуу бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн боловсролын өнөөгийн хүрсэн өндөр түвшин, чадавхийг ашиглан мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийн болон түргэн хөгжиж байгаа үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхсэн. Бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа эмэгтэйчүүдийг дэмжиж “Монголын бизнесс эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сан” байгуулахыг бодож явдаг. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлбэл их дэмжлэг болно. Эмэгтэйчүүд ажлын байр шинээр бий болгох, иргэдийг орлогын ядуурлаас гаргахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, цаг наргүй, уйгагүй хөдөлмөрлөж, олон аж ахйун нэгжийг удирдан ажиллаж, улсын төсвийн тодорхой хэмжээний ачааг үүрэлцэж байгаа нь үнэн шүү дээ.

-Та саяхан Завхан аймагт ажиллаад ирсэн. Зуншлага сайхан байна уу. Иргэдийн амьдрал таны хувьд ямар санагдав вэ?

-Нутагтаа сар шахам хугацаанд ажиллалаа. Завхан нутагт байгаль цаг агаар сайхан, хур бороотой, малаас авах ашиг шим нь арвин дэлгэр сайхан зун болжээ. Манай аймаг өнгөрсөн өвлийн байгалийн гамшигт их хэмжээний хохирол амсаж, 1400 орчим өрх малгүй болсон. Гэсэн ч нутгийн иргэд, малчид хадлан тэжээлээ бэлтгэж өвлийн бэлтгэлээ базаагаад зав муутайхан л байна.

-Иргэдтэй уулзаж явахад юуны талаар сонирхож байх юм. Завхан аймагт хийхээр төлөвлөсөн ажлуудын хэд нь биелээд байна вэ?

-Иргэд “Хүний хөгжил” сангаас олгож байгаа хувь хишиг хүртээх ажлын цаашдын чиг хандлага, эрх зүйн орчин, баруун бүс нутгийн ард иргэдэд бүсийн нэмэгдэл олгох, бизнес хийх боломж нөхцөлийг нь бүрдүүлж, эдийн засгийг нь дэмжин туслах, гишүүдийн тэрбум төгрөг, боловсон хүчний томилгоо зэрэг олон зүйлийн талаар ярилцсан. Харин уулзсан хүн бүр л Завхан аймаг хэзээ эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгохыг лавлаж байсан. Эрчим хүчтэй болчихвол хүмүүсийн амьдрал сайжрах, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, соёл боловсролын түвшнийг дээшлүүлэхэд нэмэр болох юм. Үүнийг шийдвэрлэхийн төлөө Засгийн газар болон холбогдох хүмүүстэй хамтран ажиллаж байна. Завхан аймгийн сумдыг Тайширын усан цахилгаан станцтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, сумдын дэд станцыг барихад улсын төсвөөс 21.1 төгрөгийн хөрөнгө оруулалт 2008-2009 онд хийгдсэн. Гэтэл өнөөг хүртэл бид энэ аймгийг эрчим хүчтэй болгож чадахгүй байгаа. Уг станц хүчин чадлаараа ажиллаа ч Завханыг бүрэн эрчим хүчээр хангаж чадахгүй. Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн. Монгол, Хятадын хамтарсан “Шинэ Ази Майнинг” компани хөрөнгө оруулалт хийж, эрчимтэй ажиллаж байна. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж найдаж байгаа.

-Баруун аймаг, бүсийн нэмэгдлийн талаар иргэд олон удаа ярьж байгаа. Энэ юу болсон бэ?

-Баруун аймгуудын шилжилт хөдөлгөөн их байна. Чадвартай боловсон хүчнүүд төв суурин газарт ажиллаж амьдрахаар тэмүүлж байна. Хэдийгээр хувь хүний эрхийн асуудал гэлээ ч төр бодлогоор төрийн зохицуулалтыг хийх шаардлагатай байгаа. Ерөнхий сайд “Монгол Улс хөгжлийн нэгдсэн стандарттай байх ёстой. Аймгуудын хөгжлийн индексийг гаргана. Гэрэл цахилгаангүй харанхуй аймаг байхад нөгөө аймаг хуримын ордон барих талаар ярьж болохгүй. Хөгжлийн нэгдсэн стандарттай болж, бүсчилсэн хөгжлийг ажил хэрэг болгохдоо бүсийн нэмэгдлийг судалгаатайгаар шийдвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ асуудлыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана. УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт бүсийн нэмэгдлийн талаар хуулийн төслийг дахин өргөн барина.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.