Шинээр батлагдсан хуулиудыг танилцуулах сургалт зохион байгууллаа
2017.06.07

Шинээр батлагдсан хуулиудыг танилцуулах сургалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран шинээр батлагдсан зарим хуулиудын талаар танилцуулга сургалтыг зохион байгууллаа.

undefined

Сургалтыг дүүргийн тусгай чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчдад зохион байгуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг v сургалтыг нээж үг хэлэв. Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сургалт зохион байгуулж буй зорилго, шаардлага, шинээр батлагдсан хуулиудын ач холбогдол, давуу талын талаар товч мэдээлэл өгөв.

Ингээд эхний танилцуулгыг Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хийсэн юм. Харин Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, дүн шилжилгээ судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийлээ.

Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийсэн бол сургалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга хийснээр сургалт өндөрлөсөн юм.