АНУ-ын сансрын нисгэгч Базз Олдрин УИХ-ын гишүүн Л.Болдын урилгаар Монголд ирлээ
УИХ-ын гишүүн, “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын үүсгэн байгуулагч Л.Болдын урилгаар АНУ-ын домогт сансрын нисгэгч Базз Олдрин Монголд ирж, ажил амьдралынхаа талаар залууст сонирхолтой уулзалт хийлээ. Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлсэн.
Тэрээр “Дэлхийн хүн Базз Олдрин Монголд ирж байгаа явдал нь манай орны сансар судлалын хөгжил, судлалд дэвшил авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. 36 жилийн өмнө Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Союз 39” хөлгөөр сансарт ниссэн үйл явдал нь Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болж олон арван жил залуу үеийн үлгэр дууриалал болж ирсэн. Өнөөгийн шинэ зуунд монгол хүн, манай залуус “Мазаалай” сансрын хиймэл дагуулыг сансарт хөөргөлөө. Өөрийн улсдаа сансар судлалын хамгийн орчин үеийн ололт дэвшлийг авчрахын төлөө манай байгууллага тодорхой ажил санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.
Доктор Базз Олдрин: “Миний амьдрал анхнаасаа л сансрын уудамтай холбоотой байсан. Тэнгэр өөд тэмүүлж байхад ямар ч мөрөөдөл том биш” хэмээн залуусыг ирээдүйдээ итгэлтэй, үргэлж өөдөө асан, хүсэл мөрөөдлийнхөө төлөө үргэлж тууштай тэмцэхийг уриаллаа.
Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Ж.Гүррагчаа оролцсон бөгөөд түүнд “Насан туршийн бахархалт хүн” хэмээх шагналыг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулсан юм. Ж.Гүррагчаа саран дээр мөрөө гаргасан 2 дахь хүн Монгол Улсад ирсэнд маш их баяртай байгаагаа илэрхийллээ.
Базз Олдрин бол 1969 онд “Аполло 11” хөлгөөр саран дээр бууж, багийн командлагч Нил Армстронгийн хамт саран дээр хөл тавьсан, одоо хүртэл амьд сэрүүн байгаа цорын ганц хүн юм. Түүнийг Холливудын хамгийн алдартай анимейшнуудын нэг болох “Тоглоомын түүх (Toy story)” киноны гол дүр, сансрын зоригт баатар Баззын дүрээр мөнхөлсөн гэж хэлж болно.
Базз Олдрин гэж хэн бэ?
Базз Олдрин маш олон гайхалтай зүйлсийн эзэн байж чадсан хүн. Базз Алдрин нь 39 настайдаа саран дээр буужбайжээ. Базз-ын саран дээрх эхний үг нь “Гайхалтай харагддаг юм байна” гэсэн үг байдаг. Тэрээр сар руу ниссэнээрээ энэ дэлхий дээрх хамгийн алдартай хүмүүсийн нэг болон мөнхлөгдөн нэгэн юм. Тэр бол Саран дээр гишгэсэн анхдагчуудын нэг. Яг л саран дээр хөлдөн үлдсэн түүний мөр лугаа адил, АНУ-ын ард иргэдийн бодолд 45 жилийн турш амьд домог болон хүндлэгдсээр ирсэн.
Сэтгүүлч түүнээс “Саран дээр буух ямар байсан бэ?” гэж догдлон, төсөөлөн байж асуухад саран дээр буусан үйлдлээ “Энэ бол зүгээр л бидний хийсэн эхний алхам, одоо харин бид өөр зүйл хийх ёстой” гэж хариулсан байдаг.
Уналт босолтоор дүүрэн Баззын амьдрал
Саран дээрээс буцаж ирсэн Баззд бүх амьдралынх нь зорилго биелсэн мэт санагдаж байв. Хийх юм олж ядан архинд орж, хэд хэдэн амьдрал зохион салж, нийлж, сэтгэл зүйн гүн хямралд орж байсан удаа ч түүнд бий. Саран дээр гарсан алдартан тухайн үедээ мандан бадарч толгойтой хүн болгоны амны уншлага ярианы сэдэв болж байсан ч бодит байдал дээр Баззд цааш хэрхэн вэ гэсэн томоохон асуулт, сорилт тулгарч байсан юм. НАСА түүнийг хэрхэн ашиглахаа ч сайн мэдэхгүй байлаа.
1971 онд НАСА-аас гарч буцаад Агаарын хүчний нисгэгч болсон байна. Агаарын хүчний байгууллага ч саран дээр буусан хүнийг яаж ашиглахаа мэдээгүй юм. Тэрээр Агаарын хүчнээс гарч Автомашин борлуулагч газарт хүртэл ажилд орж байжээ. Түүнийг машин зарахдаа маш муу байсан хэмээн хожим нь хамт ажиллагсад нь дурссан байдаг. Түүний байх ёстой газар, хийх ёстой ажил биш байсан болохоор тэр биз.
Базз Алдрин нь хувийн зан араншингийн хувьд маш нээлттэй. Twitter хуудас маш идэвхитэй ашиглагч төдийгүй сая гаруй дагагчиддаа өдөр тутам хийж байгаа зүйлсээ нээлттэй хуваалцдаг нэгэн юм.
Олдрин Снүүп Догг раппертай хамтарч “Rocket Experience” гэсэн дуу хүртэл гаргаж байсан юм.
Тэрээр сансарт байсан тухай найман ном бичиж, хоёр уран зөгнөлт ном, мөн хүүхдийн ном гаргаж байсан юм.
Тэр бол Саран дээр гишгэсэн 2 дахь хүн. Түүний аав нь Базз-ыг нэгдүгээр хүн биш гэдэгтэй огт санаа нийлдэггүй байсан юм. Тэрээр АНУ-ын шуудангийн марк дээр байдаг “Нэйл Армстронг – Саран дээр буусан анхны хүн” гэдгийг “Саран дээр буусан анхны хүмүүс” гэж болгох гэж ганцаараа зүтгээд хүчин мөхөсдсөн гэдэг.