Ц.Цогзолмаа: БСШУСЯ-ны Д.Эрдэнэчимэг гээд дарга яг пянз тавьсан юм шиг ярьснаа давтсаар байдаг
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудал болон Дээд боловсролын талаархи ажлын тайланг сонссон юм. Энэ үеэр боловсролын салбар “эзэнгүйдэж”, яамныхан ажлаа хийхгүй байгааг гишүүд шүүмжилж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Боловсролын яамныхан /БСШУСЯ/ ажлаа хийхгүй байгааг гишүүд шүүмжилж байна. Хэдхэн хоногийн өмнө Боловсролын сайд Ж.Батсуурийг огцруулсан. Дэд сайд нь элчин сайдаар томилогдсон энэ үед яамны ажил цалгардаж байна гэж байна уу?
-Сайд байхгүйгээс ажил цалгардана гэсэн ойлголт байхгүй. Тэнд хэдэн арван жилээр бэлтгэгдчихсэн төрийн албан хаагчид ажиллаж байна. Асуудал болгоныг хариуцсан мэргэжилтнүүд байгаа. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Өдөр тутмын шийдвэрийг сайд гаргаад байдаггүй. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга нь байна. Гэтэл өнөөдрийн /өчигдөр/ байнгын хорооны хурал дээр оруулж ирсэн материал дээр “нийслэлийн хороогүй цэцэрлэгийн судалгаа” гээд бичээд оруулсан байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ бол наад захын асуудал. Боловсролын яам шүү дээ. Хариуцлагагүй байна.
-Сайдыг огцруулснаар асуудал шийдэгдэхгүй, хариуцлагагүй ажиллаж байгаа аппарат үлдэх вий гэж чуулганы хуралдаан дээр гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Та санал нийлж байгаа юу?
-Сайдыг огцруулаад энэ яамны асуудал шийдэгдэхгүй гэж би хэлсэн. Тэр өнөөдөр харагдаж байна. Яаманд ажиллаж байгаа хүмүүс ийм хариуцлагагүй, сэтгэлгүй байна. Д.Эрдэнэчимэг гээд олон жил ажилласан дарга байна. Бүхий л хурал дээр орж ирдэг. Яг л пянз тавьчихсан юм шиг, ярьдаг юмаа л яриад суугаад байдаг. Бид байнгын хорооны хурлаар асуудлыг нь оруулаад Их хурлын түвшинд ямар дэмжлэг хэрэгтэй байна, эрх зүйн хувьд яаж сайжруулах вэ гээд хэлэлцээд, энэ нөхдүүдэд асар том боломжийг бий болгож байна. Хамгийн олон дээд боловсролтой, тэгээд ажилгүй хүмүүстэй улс нь Монгол орон байна.
Дэлхийн улс орнуудад дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын ажлын байр бараг л бэлэн байдаг гэсэн үг. Дээд боловсрол эзэмшчихээд ажилгүй байна гэдэг ойлголт өндөр хөгжилтэй орнуудад байхгүй болчихоод байна. Тиймээс Монгол Улс энэ эрүүл жишиг рүү шилжих ёстой. Олон залуу жолооч болох гээд мөнгө төлж, сургалтад суудаг. Гэтэл Герман болон бусад улс орнуудад дунд сургуулиа төгсөхдөө жолоочийн мэргэжлээ эзэмшээд гардаг. Ийм сайн жишгүүдийг Монголын хөрсөнд буулгах ёстой. Би ажлаа хийхгүй байна гэж бодож байна. Сайдгүй байгаагаас энэ салбар унах ёсгүй.
-Элсэлтийн Ерөнхий шалгалтын материал задарсан асуудал дан ганц сайдын хариуцлага биш. Бусад хүмүүст ч хариуцлага тооцох ёстой гэдгийг ЗГХЭГ-ын дарга хэлж байсан. Ер нь хариуцлагын асуудлыг УИХ-ын гишүүд яаж тавьдаг юм бэ?
-Элсэлтийн шалгалтын тест задарсан нь дэндүү хариуцлагагүй асуудал. 40 мянган хүүхдийн ирээдүйн амьдралтай холбоотой. Үндсэндээ хувь заяагаар нь тоглож байна гэхэд хилсдэхгүй. Би дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа ЭЕШ-д хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан. Тест боловсруулж байгаа хүмүүсийг тусгайлан вакумжуулаад, нийгмээс тусгаарладаг байсан. Ийм байдлаар тестээ задлахгүй яваад л ирсэн. Социализмын үеийн сайн зүйлүүд уламжлагдаад явах ёстой.
-Сургуулийн өмнөх боловсролын асуудал буюу цэцэрлэг “толгойны өвчин” байна. Өнөөдөр улсын хэмжээнд хэдэн цэцэрлэг барих шаардлагатай байгаа тоог Боловсролын яамнаас гаргаж өгөхгүй байна гэлээ. Одоо намар болохоор энэ асуудал дахиад яригдана. Улирал нь эхлэхээр яригддаг энэ асуудлыг яаж цэгцлэх ёстой вэ?
-Тэр тоог гаргаж өгөхгүй байна. Утаа, цэцэрлэг гээд асуудал үүсэхээр тэр ажлаа хийдэг. Уг нь тулгамдаж байгаа асуудлаа оруулж ирээд, шийдүүлээд, төлөвлөөд явах ёстой. Өнгөрсөн жилийнхээс ямар ахиц гарсан бэ гэдгээ дүгнэж ажиллах ёстой. Гэтэл хавтсандаа хийгээд асуудлаа мартчихна. Намар болохоор тэр асуудал нь босоод ирнэ. Гадаадын хөрөнгө оруулалт, төсвийн эх үүсвэр гээд олон эх үүсвэрээс хөрөнгө олж болно. Цаашлаад 500-гаас дээш ажилтантай хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд дэргэдээ цэцэрлэгтэй байна гээд шийдвэр гаргачихвал асуудлын магадгүй 10 хувь нь шийдэгдчихнэ. Төрийн ажилд хандах буруу хандлагатай байна.
-Таныг Боловсролын сайдад яригдаж байгаа гэх мэдээлэл байна?
-Тэр бол хэвлэлийн мэдээ. Надад хувийн нэг ч амбиц байхгүй. Улс төрийн албан тушаалтныг нам боловсон хүчнийхээ бодлогоор ярьж байгаад шийддэг.
-Хэдийгээр дараагийн сайдыг томилох бол. Танд мэдээлэл байна уу?
-Нам дээр хэнийг дараагийн сайд болох тухай албан ёсны мэдээлэл алга байна. Ер нь ойрын хугацаанд шийдэх ёстой. Сургуулиудын элсэлтийн шалгалт гээд асуудал их байна.
Ж.ГАНАА