Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Оюутан зөвлөх”-үүд батламжаа гардлаа
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ оюутан залуусаа дэмжин тэдний мэдлэг чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэм, улс төрийн оролцоог хангаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Оюутан зөвлөх” хөтөлбөр зарласан.
Хорь гаруй их дээд сургуулийн ная орчим оюутнууд тус хөтөлбөрт бүртгүүлж сурлагын голч оноо, хөгжлийн тухай эссе бичлэг бичиж өрсөлдсөнөөс эхний 15 оюутан шалгарч өчигдөр төрийн ордонд Их хурлын гишүүнээс батламжаа гардан авлаа.
- Тэд энэ үеэр төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй уулзалт хийж хөтөлбөрийн талаар, мөн ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар ярилцсан байна.
- Тэдгээр оюутнууд төрийн бодлого, шийдвэр гаргах үйл ажиллагаатай танилцах, дадлага туршлага хуримтлуулах, мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүний ажлын албатай хамтран төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, хууль боловсруулалтад өөрийн оролцоог бий болгох, парламентийн загвар хуралдаанд оролцож нийгэм олон нийтийн чиглэлээр ажиллах боломжтой юм.
"Оюутан зөвлөх"-үүд 1 жилийн хугацаатай ажиллах бөгөөд дараа жил хоёрдох ээлжийн шалгаруулалт явагдана.
Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачлагаар анх удаа хэрэгжиж буй тус хөтөлбөр оюутнуудын мэдлэг чадварыг үнэлэх, чадавхжуулах, олон нийттэй хамтран ажиллах, төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд өөрийн оролцоог бий болгох зэрэг олон давуу талтай, жинхэнэ утгаараа оюутнуудыг дэмжсэн, урам өгсөн үйл ажиллагаа болсон гэдгийг оюутнууд онцолж байлаа.
Жил бүр хэрэгжих тус хөтөлбөрийн эхний ээлжийн “Оюутан зөвлөх”-өөр Булган аймгийн харьяат Н.Бүжинлхам, Б.Намуунаа, Ч.Нандин-Эрдэнэ, Б.Хулан, Б.Ням-Очир, Г.Булганхүү, Т.Намуун-Болор, Д.Дарьсүрэн, Б.Болор-Эрдэнэ, Р.Хулан, Э.Жавзандулам, М.Данзан-пэрэнлэй, Б.Жавхлан, М.Янжиндулам, Г.Сумьяасүрэн нарын 1-ээс 4 дүгээр курсын оюутнууд тус тус шалгарчээ.