Нэг сэдвээр...
О.Баасанхүү: Эрүүгийн хуулиар хар тамхины хэрэгтнүүд бүгд суллагдана
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Ирэх сарын 1-нээс Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлнэ. Эх орноосоо урвах гэдэг заалтыг хассаныг та эсэргүүцэж байсан, эргээд оруулахаар болсон юм уу?
-Би өмнө нь зөндөө хэлж, шахалт шаардлага тавьж байсан. Ялангуяа өнгөрсөн парламентад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хуульч гишүүд Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдэл хийж байсан. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийг сайжруулна гэдэг нэрээр тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахдаа харин ч муу болгочихсон. Мууг нь ч сайжруулсангүй. Юуг үндэслэж ингэж дүгнэж байна гэвэл өөрчлөлт оруулах төслөө өргөн бариагүй. Энэ байдлаас болж ноцтой үр дагавар гардаг учраас би мэдэгдэл хийсэн. Үүний нэг нь эх орноосоо урвах гэдэг заалтыг авчихсан байсан явдал.
Гэтэл Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улстөржсөн мэдэгдэл хийсэн. Би үүнтэй холбогдуулж онц ноцтой байж болох мэдээллийг хэвлэлийнхэнд задална гэж хэлж байсан. Яагаад гэвэл, хууль зөрчлөө, нууц гэдэг тамгаар халхавч хийж, УИХ-ын гишүүн төрийн нууц задрууллаа гэж яривал яриг. Хуулийн заалт өөрөө ноцтой учраас эх орноосоо урвах гэдэг заалтыг Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой. Зөвшилцөл, хэлцэл, хэлэлцүүлгийн дүнд гишүүд ойлгож, энэ заалтыг оруулахаар болсон. Шуурхай батлаасай гэж хүсч байна. Энэ асуудлыг Б.Батзориг, Я.Содбаатар нарын гишүүд өргөн бариад явж байгаа.
-Нийгмийг түгшээж байгаа хар тамхины хэргийг Эрүүгийн хуулиар хэрхэн зүйлчилсэн нь анхаарал татаж байгаа. Та юу гэж үзэж байна?
-Хар тамхины хэрэгт 5-12 жилийн ял ногдуулахаар тавьчихсан байгаа. Энэ хэргийн улмаас шоронд байгаа бүх хүн долдугаар сарын 1-нээс суллагдана. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим гэж бий. 12, 15 жилийн ял авсан хүмүүс байлаа гэхэд интервалд ороод шууд доод талын ялын хэмжээг өгнө. Тэр нь таван жил. Тэгэхээр бүгд таван жил болно. Давтан хэрэг хийсэн,онц их хэмжээний хар тамхи зарах гэж байсан гээд шүүхээр орсон бүх хүн эсвэл шүүхээр орох гэж байгаа хүмүүс автоматаар таван жилийн ялтай болно. Гадаад, дотоодоосоо авахуулаад 2-3 жил шоронд ял эдэлсэн бараг 200-гаад хүн бий. Тэр хүмүүс таван жил болонгуут гарна гэсэн үг. Доод тал нь таван жил гэдэг ийм бодлоготой байгаа. Хэний хүүхэд ийм хэргээр шоронд байгааг олон нийт мэдэж байгаа.
Хэний хүүхэд хэрэгт холбогдоод байгааг ч мэдэж байгаа. Тиймээс энэ заалтыг өөрчлөх шаардлагатай. Хуулийн тайлбарт, тохиролцож чадах юм бол ялаас чөлөөлнө гэсэн ойлголт байгаа. Хамтран хэрэг үйлдсэн хүнээ хэлж өгөх, өөрөөр хэлбэл авчирсан хар тамхиа сайн дураар хүлээлгэж өгөх, ийм утгагүй заалт хуульд байна. Дэлхийд энэ төрлийн ялаас чөлөөлдөг нэг ч жишиг байхгүй. Ардын намынхан шийдэж болдог юмаа гэрлийн хурдаар явуулдаг, хүсэхгүй байгаа зүйлээ хэдэн жилээр ч хойш нь тавьдаг. Тиймээс 65 гишүүнийг хар тамхины хэргийг тодорхой хэмжээгээр шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Ер нь бол Эрүүгийн хуульд маш ноцтой олон заалт бий.
-Тухайлбал?
-Хүчингийн хэрэг маш аймшигтай, хэлэхгүй байх арга алга. Энэ хэрэг хоёрхон жилийн ялтай. Онц ноцтой хүчингийн хэрэг үйлдэхэд хоёр жилийн ял ногдуулна. Нямбаатар гишүүн Эрүүгийн хууль дээр тайлбар хийснийг хүмүүс шууд нэвтрүүлгээр харсан байх. 16 жилийн ялтай гэж тайлбарлаад байгаа.
Гэтэл доод тал нь таван жил байгаа. Шоронд ял эдэлж байгаа хүмүүст интервал хийж суллахаар болж байна шүү дээ. Дээрээс нь энэ нөхдүүд хар тамхины асуудлаар хэл амтай байгаа хүүхдүүдээ таван жилээр шийдүүлэх, эсвэл тохирсон гэж хэлээд гаргах юм байна. Аймшигтай, маш ноцтой хэрэг хийсэн хүмүүс хэзээ мөдгүй гарах нь. Өнөөдөр хүмүүс сонгууль гээд тоохгүй бужигнаж байтал маргааш ийм хууль хэрэгжих гэж байна.
-Өөрчилье гэж та УИХ-ын даргад хандана гэсэн. Юу болсон бэ?
-Би энэ асуудлаар ирэх намраас ажлын хэсэг гаргаач. Хэдийгээр долдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж байгаа ч ажлын хэсэг гаргаж, болохгүй байгаа заалтуудаа улстөржилгүй засч авъя гэсэн албан бичгийг УИХ-д даргад хүргүүлнэ гэсэн байр суурьтаа хэвээр байгаа. Одоогоор бол ямар ч байсан эхний ээлжинд эх орноосоо урвагчдыг алдахгүй болсондоо баяртай байна.
Энэ асуудлаас бол Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр намайг ална, хядна гэж зодохыг завдсан. Зам тээврийн дэд сайд Цогтгэрэл хэл амаар доромжилсон. Асуудлын гол нь бодитой зүйлийг судалж гаргаад ирэхээр амь нас, эрүүл мэнд, нэр төр рүү минь халдаж байна. Төмөр замын асуудал, аудит дээрх зүйлүүд, түүний цаана юу байна гээд олон юм байгаа. Нотлох баримттай, бодит зүйлүүд дээр тэр нөхөд сандарч, тэвдэхээрээ чаддаг нь хүнийг доромжлон гутааж, алж хядна гэж сүрдүүлдэг болж байна. Эцсийн эцэст би үнэний талд байна.
-Эрүүгийн хууль хэрэгжсэнээр хэдэн хүн суллагдана гэсэн судалгаа байгаа юу?
-Хар тамхины хэрэгтэй бүх хүн суллагдана. Тодорхой тоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас лавлаарай. Интервал буюу ялын тэгшитгэлээр ийм нөхцөл байдал үүсч байгаа. Ялангуяа хүчирхийллийн хэрэг маш ноцтой. Эрүүгийн хуульд хүйсийн ялгавар гаргах гэж байсныг хүйсийн баримжаагаар ялгах гээд оруулчихсан нь “Ижил хүйстнийг хамгаална” гэсэн хамгаалалт болчихсон. Бага насны хөвгүүдийг оролддог, бэлгийн дур хүслээ гаж байдлаар хангадаг бузар хүмүүс хаа сайгүй байх юм. Түүнийгээ хуулиар хамгаалаад байна шүү дээ.
-Эрүүгийн хуулиар авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх төрийн бодлого чангарлаа гэж нэг талаас үзэж байгаа. Дэвшилттэй тал байна уу?
-Авлига, албан тушаалын хэрэг харьцангуй ойлголт. Хүүхдээ ажилд оруулах гээд 300 төгрөг өгөөд, эсвэл хоёр кг чихэр, шил архи авч очоод шоронд орсон хүн бий. Өнөөдөр төрөл садантай хүн төрийн албанд ордог, төрсөн хүүхдийнхээ төлөө санаа тавьсан хүн шоронд ордог болох гээд байна. Төрийн томчууд бол чөлөөлөгдөөд байгаа шүү дээ. Ял шийтгэлтэй хүн төрийн албанд ажиллаж болохгүй гээд байгаа. Гэтэл төмөр замд л гэхэд ял шийтгэл авсан хэчнээн хүн төрийн албанд ажиллаж байгаа ноцтой мэдээлэл бий. Тэгэхээр хууль сонголттой хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэдэг шиг авлигын эсрэг, оффшорчидтой тэмцье гэдгийг тэр хүмүүс нь өөрсдөө яриад байна.
Тэр хүмүүс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээ гаргаж тавих ёстой. Гэтэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг заалт хуульд байхгүй болчихсон байхад юу шийдэх вэ дээ. Төрийн албаны тухай хууль гэхэд л ганц өгүүлбэр орж ирсэн нь авлигын хэргээр ял эдэлж байсан бол төрийн албанд орохгүй гэсэн хэрнээ хүн алсан, хүчин хийсэн, албан тушаалын хэрэгтэй хүн болно гэж байх жишээтэй. Хууль өөрөө үг, өгүүлбэр, цэг, таслал бүхнээрээ шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Иймээс би одоогийн Эрүүгийн хуулийг хэрэгжихэд маш төвөгтэй гэж хэлнэ. Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүслийг л биелүүлж байгаа, ийм л хууль. Тэр хүний ярьдаг эрхзүйн шинэчлэл нэрийн дор “СОРОС”-ын хэдэн хүүхдүүдийг авчирч суулгаад мөрөөдөл нь өнөөдөр ийм л шатанд явж байна.
- Прокурорын хуулийн талаар юу хэлэх вэ. Мөн өмгөөлөгч байсан хүний хувьд хуулиар өмгөөлөгчийн эрхийг хэр дээшлүүлсэн гэж үзэж байна?
-Прокурор, өмгөөлөгч, шүүгч гурав нийлж байж шүүх засаглал болдог. Түүнээс шүүгч, прокурор хоёр нийлээд шүүх засаглал болчихдоггүй. Прокурор, өмгөөлөгч хоёр нэг статустай байх ёстой. Нэг байр суурьт байх ёстой. Нэг нь цагаатгах, нөгөө нь яллах. Өнөөдөр прокурорын орон тоо өчнөөнөөр нэмэгдэнэ. Зөрчлийн хууль гэж оруулж ирсэн учраас хяналт тавих прокурорын тоог нэмэхээс аргагүй. Прокурорын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг оруулж ирж байгаагийн цаад санаа нь албан тушаалтны тоо, төсвийг л нэмэх гээд байгаа зүйл. Түүнээс тогтолцоо нь, хуучин хууль нь болохгүй байгаадаа биш. Данхайсан төр, данхгар хүчний байгууллагуудын тоо л нэмэгдэнэ. Үүний оронд прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг ажиллуулах нь зүйтэй юм.
Ц.Нямдорж үүнийг шаардсан. Би ч шаардаж байгаа. АТГ-ын дарга нарыг хэн шалгадаг юм бэ. ОХУ, Хятадын жишээг харахад Авлигатай тэмцэх газрынхны авсан мөнгө нь машин машинаар гарч ирж байгаа биз дээ. Тэгэхээр тэднийг хянадаг, шалгадаг байгууллага байх ёстой. Харамсалтай нь энэ заалтыг бас л улстөржөөд унагаачихсан. Үүнийг өөрчлүүлэх шаардлагатай. Хуулиар өмгөөлөгчийн эрх дээшилсэн үү гэдэгт хэлэхэд, дээрдсэн юм байхгүй, харин ч хязгаарлагдсан. Нэг хувцас өмсдөг болж л магадгүй юм байна лээ.
Л.Хангай: Авлигатай холбоотой гэмт хэргийн ялын хэмжээ чангарсан
Л.Хангай Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдоод удаагүй байна. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр Шүүх яам (одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам)-ны Хууль боловсруулах, системчлэх хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараагаа эхлэн улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж олон хуулийг боловсруулахад гар бие оролцож байсан юм. Хуульч Б.Чимид нэгэн дурсамжиндаа “Би Улсын Бага Хуралд байхдаа Л.Хангайн үзэж нягтлаагүй хуульд гарын үсэг зурдаггүй байсан минь залхуурсных биш юм шүү. Тэр хууль тогтоомжийн техникт гаршсан хүн” гэж бичсэн байдаг.
Л.Хангай мөн Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Ингээд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүн, хуульч Л.Хангайтай хийсэн ярилцлагаа толилуулж байна.
-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн талаар товч ярина уу?
-Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана гэж заасан байдаг. Зөвлөлийн бас нэг чухал үүрэг гэвэл Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт болон гүйцэтгэх ажил явуулахаас бусад үйл ажиллагаанд хяналт тавихад оршдог. Хуульд заасны дагуу иргэний нийгмийг төлөөлөх 15 гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог юм билээ. Миний хувьд гэвэл зөвлөлийн гишүүнд харшлах өөр ажил хийх болсон нэгэн гишүүний оронд томилогдсон хэрэг.
-Та хуульч хүн. Тийм болохоор авлига гэж чухам юу болох, тэр нь бидний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар Таны бодлыг сонсмоор байна?
-Манай ард иргэдийг бухимдуулж байгаа, улс орны хөгжлийг чөдөрлөж байгаа, гадныханд биднийг муухай харагдуулж тэр хэрээр гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг саатуулж байгаа зүйл бол яах аргагүй авлига юм. “Албан тушаалыг эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” авлига гэж ойлгоно гэжээ.
Ер нь авлига нэн эртний түүхтэй юм билээ. Авлига байхгүй ч юм уу, эсхүл түүнийг бүрмөсөн устгасан улс орон гэж бараг байхгүй. Харин авлига их үү, бага уу гэдэг нь асуудал. Олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын авлигын индексийг жил бүр гаргадаг бөгөөд үүнд манай улс нэлээд хойгуур бичигдсэн байгаад зохих дүгнэлд хийж ажиллах нь чухал байна.
-Авлигатай тэмцэх ажлыг чухам юунаас эхлэх нь зүйтэй гэж Та үзэж байна?
-Нэгэнт зөвлөлийн гишүүн болсон учраас би холбогдох хууль тогтоомж, авлигын талаарх гадаад, дотоодын нэлээд материалыг судалж үзлээ. Миний бодлоор ард иргэдийг соён гэгээрүүлэх, авлига, хээл хахуулийг тэвчишгүй үзлийг нийгэмд бүрдүүлэх талаар юуны өмнө анхаарч ажиллах хэрэгтэй юм. Манай улсад авлигын гэмт хэрэг хэрээс хэтэрлээ гэхээсээ илүүтэй авлига, хээл хахууль, шан харамж өгөх нь хэвийн үзэгдэл болж хүмүүс түүнийг тэр бүр анзаарахаа больсон юм шиг байгаа дүр зураг харагдаж байна. Мэдээж авлигын том хэргүүдийг илрүүлж шийтгэлгүй л яахав. Гэтэл эмнэлэгт үзүүлж эмчлүүлэхэд, хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахад заавал “хэдэн бор юм” өгөх нь хэвийн үзэгдэл болжээ.
-Ер нь яагаад авлига өгдөг юм бэ?
-Хахууль гэж хэлэх нь зөв байх. Ажлаа бүтээх гэж л хахууль өгдөг биз дээ. Нэгэн эрх мэдэлтэн нь өөрийн ашиг хонжоо хараад хийх ажлаа хийхгүй суучихна. Тэгэхээр нь ажлаа бүтээхийн тулд заавал “нэг юм” өгөх болно. Эрх мэдэлтнүүд болохгүй юмыг хүртэл болгочихож байгаад хүмүүс дургүйцэж байгаа юм. Хууль битгий хэл хүндэлж дээдэлж явдаг хаадынхаа зарлигийг хүртэл зөрчих болсныг иргэд авлигатай холбоотой гэж харж байна.
Хэдэн зууны өмнөөс хааны зарлигаар дархлан хамгаалж ирсэн Богд уулыг хуваагаад өгчихлөө. Уг нь голын эргээс 50 метрийн дотор хашаа, барилга барьж болохгүй хуультай. Гэтэл нийслэлд Туул голд тулгаад хашаа барьчихсан байх юм. Ингээд иргэд маань Богд ууландаа ч гарч чадахгүй, Туулынхаа эргээр ч зугаалж чадахгүй боллоо. Үүнийг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр бичиж байгаа нь сайн хэрэг. Хэрэв эрх мэдэлтнүүд авлига аваагүй л юм бол үүнийгээ нотолж залруулах хэрэгтэй. Залруулж чаддаггүй юм бол ядаж зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс хардлага салахгүй шүү дээ.
-Авлигатай тэмцэх газар ажлаа хэр хийж байна гэж Та дүгнэж байна?
-Би түүний дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн болоод удаагүй учраас одоохондоо бусад иргэдийн хэмжээнд л мэдээлэлтэй байна. Гэхдээ гайгүй ажиллаж байна гэж хэлнээ. Тоймтой ажлуудаас нь дурдвал өнгөрсөн оны сүүлчээр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр авлигатай тэмцэх ажлын чиглэл, стратегитай болсон гэсэн үг. Энэ оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газарт оруулж батлуулснаар уг хөтөлбөр хэрэгжих баталгаагаар хангагдаж байгаа юм. Яагаад гэвэл төлөвлөгөөнд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хугацаа, байгууллагаас гадна санхүүжүүлэх эх үүсвэр, хөрөнгийн хэмжээг нь хүртэл заасан байна.
-Олон нийтийн зөвлөлийн тухайд.
-Энэ зөвлөл Авлигатай тэмцэх газар болон олон нийтийн хооронд “гүүр” болдог учраас эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрддэг. Зөвлөлийн ажиллах журмыг хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг юм билээ. Журамд заасны дагуу улиралд хоёроос доошгүй удаа хуралдан зөвлөмж гаргадаг юм байна. Намайг томилогдсоноос хойш нэг удаа хуралдлаа. Гишүүд нь хуралдаа их идэвхтэй оролцох юм билээ. Цаашдаа зөвлөлийн дэргэд Авлигын эсрэг иргэд, залуучуудын клубууд байгуулж олон нийтийн оролцоог өргөжүүлэх юм гэсэн.
-2015 оны сүүлчээр батлагдсан шинэчилсэн Эрүүгийн хуулийг энэ долдугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Хуульд авлигын холбогдолтой ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Шинэчилсэн Эрүүгийн хуульд авлигын холбогдолтой гэмт хэргүүдийг “Авлигын гэмт хэрэг” гэсэн 11 зүйл бүхий 22 дугаар бүлэгт багтаан оруулжээ. Зүйл нэг бүрийн талаар ярилгүйгээр зарим өөрчлөлтүүдийг онцолмоор байна. Юуны өмнө авлигатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээ чангарсан байна лээ. Тухайлбал, оногдуулах торгуулийн хэмжээ, тодорхой эрхийг хасах болон хорих ялын хугацаа одоо байгаагаасаа илүү өндөр болсон байна.
Бас нэг шинэлэг зүйл гэвэл цөөн тооныхоос бусад авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болжээ. Өнөөдрийн хуулиар албан тушаалын гэмт хэргийн хувьд заавал хохирлын хэмжээ харгалзан хэрэг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл учруулсан хохирол нь тодорхой хэмжээнд хүрээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй. Харин одоо бол хохирлын хэмжээ нь чухал биш. Хууль ингэж өөрчлөгдсөнөөр хохирол заасан хэмжээнд хүрээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал зогсоно.
Өөртөө болон бусдад давуу байдал олгож шийдвэр гаргасан албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээдэг болох нь. Мөн аргагүй байдалд орон хахууль өгч төрийн үйлчилгээ авсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдэж ялаас чөлөөлөхөөр болжээ. Шинэчилсэн Эрүүгийн хуультай хамт бас шинээр баталсан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хуулийг 7 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөх ёстой. Гэтэл энэ хууль одоо хүртэл хэвлэгдээгүй байгаа тул түүнийг үлдсэн энэ хугацаанд яаж судалж хэрэглэж эхлэх нь ойлгомжгүй байна.
Шинэчилсэн хуулиудыг хэрэглэх талаар хуулийн байгууллагын ажилтнуудад зориулж сургалт явуулж байгаа юм билээ. Энэ сайн хэрэг. Үүний хамт тэдгээрийн ард нийтэд сурталчлах талаар ажил хийх хэрэгтэй байна. Энэ ажилд хууль тогтоогчид, хуулийн байгууллагын ажилтнууд төдийгүй эрдэмтэн, багш, тэр байтугай их, дээд сургуулийн ахлах ангийн оюутан, магистрант, асирант нарыг ч өргөн оролцуулж болох юм.
Эцэст нь тэмдэглэж хэлэхэд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон, Авлигын эсрэг хууль байна, Авлигатай тэмцэх үндэсний хэмжээний төлөвлөгөө батлагдлаа, Эрүүгийн хуульд “Авлигын гэмт хэрэг” гэсэн тусгай бүлэг бий болголоо. Ингэснээр авлигатай тэмцэх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болно. Одоо албан хаагчид, түүний дотор хуулийн байгууллагын ажилтнууд болон манай иргэд идэвхтэй байх юм бол бид авлигыг дийлж чадна.