Д.Оюунхорол: Эрүүл мэндийн авилгалын асуудлаар нийгмийн зөвшлийг бий болгоно
УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Claude Borartыг хүлээн авч уулзав.
Тэд эрүүл мэндийн даатгалын асуудлаар нийгмийн зөвшлийг бий болгоход тулгамдаад байгаа олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад олон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлсэн байна. Манай улсад нийгмийн эрүүл мэндийн тухай ойлголт янз бүр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болсоор байгаа Эрүүл мэндийн даатгалын бодлого, төлөвлөлтийн асуудал олон талуудын хооронд чиг үүрэг нь хуваагдмал байдалтай болжээ.
Мөн эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч, ажил олгогч, даатгагч, улсын ба хувийн эрүүл мэндийн байгууллагууд, Засгийн газар гэх мэт нийгмийн олон талуудын ашиг сонирхлыг хөндсөн өргөн хүрээний асуудал юм.
Эрүүл мэндийн даатгалын сан эдийн засгийн агуулгаараа менежмент хийгдэхгүй байгаа учир саяхан Монгол улсын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данс, эрүүл мэндийн даатгалтай болгох асуудлыг тусгасан.
Ер нь малчдыг даатгалд бүрэн хамруулахад гадны санхүүгийн тусламж зайлшгүй хэрэгтэй бөгөөд эрүүл мэндийн даатгалын асуудлаар зөвшилцөлд хүрэх явдал хамгийн чухал байна. Хамгийн гол нь өнөөг хүртэл талууд хоорондоо зөвшилцөх чадвар хангалтгүйгээс Эрүүл мэндийн даатгалын богино болон дунд хугацааны бодлого төлөвлөлт доголдоход хүрч, хөгжүүлэх хэтийн бодлого, стратеги 2005 оноос хойш одоог хүртэл батлагдаагүй билээ.
Азийн хөгжлийн банкны мэргэжилтний үзэж байгаагаар Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн хоёр эх үүсвэр бүхий тогтолцоо нь чанарыг хянах, сайжруулах хөшүүрэг болж чадахгүй харин ч чанарт сөргөөр нөлөөлж, улмаар даатгуулагчдын сэтгэл ханамж муу байх, даатгалын хамралт буурахад хүргэж байгаатай Байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой санал нэг байгаагаа илэрхийллээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол нь Эрүүл мэндийн даатгалын асуудлаар бодлогын түвшинд хууль тогтоогчид хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллаж, янз бүрийн түвшинд энэ талаарх ойлголт мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвшилцөх уулзалт ярилцлага олон хийх, иргэний нийгмийн байгууллагуудыг өргөнөөр оролцуулж нийгмийн зөвшлийг бий болгоно гэдгээ илэрхийлсэн юм.
Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн энэ чиглэлээр санхүүжилтийн дэмжлэг үзүүлж тус Байнгын хороотой хамтарч ажиллана гэдгээ хэллээ.