Б.Оюунхорол: “Эмэгтэй юм даа” гэж улс төр хэзээ ч толгой илдэггүй
Энэ намын хайр, хал хоёрыг энэ тэнцүүхэн амсаж, бүсгүй хүнд ахдам улс төрийн “жихүүн” өдрүүдийг зоримог хатуужлаар ардаа орхиж чадсан ч тэр одоо өнгөрснийг сөхөх дургүй.
-МАХН-ын улаан батлахыг өвөртөлсөн алхам таны өөрийн итгэл үнэмшил байсан уу? Эсвэл хэн нэгэн таныг хөтөлж байв уу?
-Би МАХН-д өөрийн итгэл үнэмшлээр 1996 онд элсэж байлаа. Манай нам сонгуульд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон, түүхийнхээ хувьд хүндхэн үетэй золгочхоод байсан үе л дээ. Тэр үед өөрийн сэтгэлийн дуудлагаар улс төрд зоримог алхам хийж, намынхаа дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулахад оролцож, намын
шинэчлэлийн төлөө зоригтой дуугарч үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө батлахыг нь өвөртөлсөн. МАХН бол улс орны хувь заяаг үүрэх хамгийн том улс төрийн хүчин, эцэг өвгөдийн итгэл сэтгэлээ өгсөн ууган нам гэдгээр нь онцолж байснаас хэн юуг энд хөтлүүлж очоргүй.
Түүх хуучирдаггүй учраас тухайн үед МАХН-аас нүүр бууруулагсад олон байсныг хүмүүс мартаагүй байх. Намын батлахгүй, МАХН-ын байраар идэвхтэй үзэгдэж харагдаж байгаагүй заримынх нь өнөөдрийн эзэлж яваа байр суурийн зөрөө 2000 оноос илүү тод анзаарагдаж ирсэн. Магадгүй, энэ үеэс л МАХН боловсон хүчний бодлогоо алдаж эхэлсэн. 2000 онд УИХ-д сонгогдож төр түшилцэх эрхийг Завханы ард түмэн надад олгосон болохоор итгэлийг нь хөсөрдүүлэхгүй төр ард түмний гүүр болж сайн ажиллах юмсан гэж хичээж төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан. 2004 онд миний улс төрийн амьдралд халуун өдрүүд олон тохиолдож байсан.
-Намынхаа халыг амссан тэр өдрүүдэд эмэгтэй хүн л болсон хойно танд хугарч нугармаар үеүд байсан байх?
-Би хувь хүнийхээ хувьд ямар ч асуудалд тийм амархан сэтгэлээр унаж сөхрөөд байдаггүй л дээ. Тухайн үед би өөрийнхөө хэлж ярьж байсан зүйл, үзэл бодлоо буруу юм хийж байна гэж боддоггүй байсан. Мэдээж худал үнэн цуурхал тарааж, нэр төрд минь халдах маш хүчтэй дайралтуудыг над руу чиглүүлж байсан нь хорхой хүртэл биедээ хүрэхэд атирдаг шиг амаргүй үе байсан ч би огт ганцаардаагүй. Ах дүү найз нөхөд хань ижил сонгогч түмэн маань надтай сэтгэл зүрхээрээ хамт байж урам зориг өгдөг байсан. Цаг хугацаа “Хэн бэ гэдгийг маань харуулна гэдэгт итгэлтэй байсан болохоор аар саар үг хөөцөлдөж яваагүй юм даа.
Тэр үед хэтэрхий итгэж явсан зарим найз, журмын нөхдийгөө алга урвуулахын төдийд нүүр буруулж байхыг хараад эмзэглэдэг байсан. “Үнэхээр монгол хүнд хүн чанар гээч юм үгүйрч, явж явж өнгө мөнгөний хорвоо болчих вий дээ” гэх болгоомжлол ч төрж байсан. “Зовох цагт нөхрийн чанар” гэгчээр тэр богино хугацаанд хүний мөс чанар маш сайн танигддаг юм билээ. Одоо өнгөрснийг дурсахаас илүү урагшаа харж амьдрах нь илүү сонирхолтой байна. Өнгөрсөн жил намын удирдах зөвлөлөөс явуулсан санал асуулгаар сонгогчид маань 2008 оны УИХ-ын сонгуульд Завханаас гарах магадлалтай гэж үнэлсэнд би “Тэнд намайг гэсэн хүлээлт байна” гэж талархалтайгаар хүлээн авсан.
-Олон нам эвсэл танд санал тавьж байсан ч та энэ намын хаалгыг хааж зүрхлээгүй. Гэтэл намын чинь рейтинг төрд байгаа нөхдүүдийнх нь арчаагүй дүр төрх ард олны дунд байж болох хэмжээнээсээ доогуур байгаад урам хугарах юм уу?
-Надад бусад намуудаас “Манайхаас нэр дэвшиж улс төрд идэвхтэй оролц” гэж саналууд ирж байсан. Энэ үед би өөрийн итгэл үнэмшлээр бие даан нэр дэвшиж явахдаа МАХН-ын гишүүн гэж өөртөө итгэлтэй байсан. 2004 оны сонгуульд нэр дэвшиж явахдаа би МАХН-аас хөөгдсөн гэж хэзээ ч хүлээж аваагүй. Хэн ч намайг хүлээн авч “Чамайг намаас хөөж байна” гэж хэлээгүй, уулзаагүй. Батлах маань ч надад байсан учраас түүнийгээ үзүүлээд ард олонтойгоо уулзаж явсан. Нөгөө талаас би намыг ямар ч байсан шинэчлэх ёстой гэж тухайн үед боддог байсан. Өнөөдөр нам доторх олон жигүүр хөдөлгөөнүүд бий болж шинэчлэлийн талаар их ярьж асуудлыг шийдвэрлүүлж байгаад талархалтай ханддаг. Нөгөө талаар намд итгэх итгэл ард түмний дунд тэгтлээ буураагүй гэж би боддог. Шинэчлэгдэж өөрчлөгдөж алдаагаа засаж чадна гэдгийг олон нийт хүлээж байгаагийн гаргалгааг одоо болох МАХН-ын XXV их хурал харуулж чадна гэж би итгэж байна. Ер нь ганц манай ч биш бусад намуудын хувьд ч ардчиллын үнэт зүйлээс ухрах эмгэнэл байна.
Намуудын үйл ажиллагааны ил тод зарчим алдагдаж хуивалдаанаар асуудлыг шийдвэрлэн, түмнээ сонсох чадвар сул байгаа учраас манай улс төрчдийн алдаж онох нь их байгаа болов уу. Төрийн алба явуулахад явцуу эрх ашиг ах дүү, найз нөхөд жалга довныхоо үзлээр нэгддэгээсээ салах цаг одоо болсон доо. Манай намын XXV их хурлаас ирээдүй рүү харсан улс төрийн шийдвэрүүд, тухайлбал 2008 оны сонгуульд ялалт байгуулахад түлхэц болохуйц хамтын шийдэл гаргана гэж итгэж байгаа. Тиймээс МАХН-ын нэр хүндийг өндөрт өргөж чадсан, тийм их хурал болно гэдэгт эргэлзэхгүй байна.
-Төр дампуурлаа гэж Э.Бат-Үүл гишүүн уулга алдаж байна. МАХН-ын улс төрийн зөвлөл Монголын улс төрийг хөтөлж байна гэх болсон. Энэ хурлаар намын удирдлагын асуудал ч хурцаар яригдах нь тодорхой?
-Намын XXV их хурлаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх байх. Намын боловсон хүчнийг шилж сонгох томилох журмыг мөрдлөг болгон ажиллаж, гишүүд ч ажил хэрэгч байдлаар оролцох байх гэж бодож байна. Намын их хурлын төлөөлөгчдийг сонгох өнөөдрийн журам маш сайн болсон. Хурлын төлөөлөгчдийн 80 хувь нь анхан шатны үүрүүдээс сонгогдох учраас намын шинэчлэлийн төлөөх шинэ түрлэг орж ирэх байх гэдэгт итгэлтэй байна. Э.Бат-Үүл гишүүний ярилцлагыг уншсан.
УИХ-ын гишүүн байсныхаа хувьд би зовлон жаргалыг нь мэднэ. Ер нь Монголын парламентын үнэ цэнийг битгий их бууруулаасай. Төр ард түмний гүүр болж ажиллах гишүүд ёс суртахуунтай байж үүрэгт хугацаагаа дуусгах нь зөв. 8 cap хүрэхгүй шахам л хугацаа үлдлээ. Хувийн амбиц, аль нэг албан тушаалд очих хувийн эрх ашгаа дарж ажиллах нь Э. Бат-Үүл гишүүний хэлдгээр энэ дампуу байдлаас гаргана. Заримдаа үнэхээр харамсахаар зүйлүүд анзаарагдах юм. Засгийн газраа ч ажиллах боломжоор нь хангаж чадахгүй байна. Хүн болгон дарга сайд болох хүсэл мөрөөдөлтэй болчхож дээ. Ер нь төрийн албыг боловсрол мэдлэгтэй салбараа мэддэг, гаршсан мэргэжлийн хүмүүс нь авч явдаг загварыг бий болгоосой гэж боддог. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг хамт хаших явдлыг хуулиараа зохицуулж өгвөл төрийг дампуурлаас гаргах бас нэг гарц болно.
-Ирэх сонгуульд олон бүсгүйчүүд тоосоо өргөх нь. Тогтоосон квотдоо тэд эзэн болж чадах уу?
-Монголын улс төрд цоо шинэ түрлэг орж ирээсэй гэж би хүсдэг. “Эмэгтэй юм даа” гэж улс төр хэзээ ч толгой илдэггүйг бас бодолцох ёстой. Нам эвслүүд нь үүнд эмэгтэй нэр дэвшигчдээ бэлтгэх ёстой. Магадгүй, энэ ажил хэт царцанги, зогсонги байдалтай явж байгаа гэж би хэлнэ. Манай багш, эмч нарын 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Хуульчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин их байгааг та нөхөд мэднэ. Гадаад хэл, эдийн засаг, бизнесийн салбарт эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байгааг хар. Ингээд бодохоор дээд боловсролтой мэргэжилтнүүдийн дотор эмэгтэйчүүдийн хувийн жин огцом өсөж байгаа нь илт.
Нэгэнт боловсрол мэдлэгтэй эмэгтэйчүүдийн тоо ингэж өсөж байхад тэдний нэлээд нь улс төрийн салбарт хүчээ сорихоор орж ирэх нь ойлгомжтой. Нөгөө талаар шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэх өнөөгийн хөгжлийн хэрэгцээ бэлээхэн харагдаж байна шүү дээ. Эмэгтэй улс төрчдийн хувьд өрөвчхөн атлаа өөдрөг зан чанартай бөгөөд эрч хүчтэй хөдөлмөрлөж, илэн далангүй хүмүүстэй харилцаж, тэдний аливаа асуудлыг жижиг гэлтгүй сонсож, сэтгэлээрээ хамтран ажиллаж чаддаг гэж боддог. Монголын нийгэмд амьдарч байгаа иргэн бүхэнд нэг л чухал зүйл дутагдаад байгааг би ойлгодог болсон. Хүмүүсийн хүн чанар, хүний мөс, чин сэтгэл, хүнийг хайрлах, ойлголцох, итгэлцэх асуудлууд дутагдаж байна гэж боддог. Улс төрч зарим нөхдийн хувьд олз омог, эд баялаг, эрх мэдэл, нэр төрийн төлөө ард түмний сонгосон итгэлийг хөсөрдүүлж болохгүй. Хүссэн болгоноо олж авчхаад мөнгөний манаач болоод авилга бодсон хайр найргүй үзэл бодолд ноёрхож ёс суртахууны ялзрал доройтол улам бүр даамжирчихвий гэж эмзэглэдэг.