Д.Оюунхорол: Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай
2010.03.31

Д.Оюунхорол: Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн Д. Оюунхоролтой ярилцлаа

-Хэвлэлүүдээр Хятад эмнэлэгт хуурамч эмийг эмчилгээндээ ашиглаж байна гэж шуугиад эхэллээ. Энэ сэдвээр ярилцлагаа эхэлье?

-Тийм ээ. Баянгол дүүрэгт байдаг хятад эмнэлэгт ихээхэн хэмжээний хуурамч эм байсан мэдээллийг уншсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байгаа. Үнэхээр эмийн тухай асуудал Үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлөх болсон тул төр засаг анхааралдаа авч яаралтай зохицуулалт хийх нь нэн тулгамдсан асуудал болоод байна. Манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, ямар өвчинд хэрэглэдэг нь тодорхойгүй, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөлгүй хуурамч эмээр үйлчлэх явдал ихэслээ. Энэ байдал хуурамч, чанаргүй эмийг эмчилгээнд хэрэглэснээр эмчилгээ үр дүнгүй болох, эрүүл мэндийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, өвчтөнийг үхэлд хүргэж болох хор уршигтай байдаг нь хамгийн аюултай юм.

-Тэгэхээр энэ асуудлыг ямар аргаар зохицуулах хэрэгтэй вэ?

-УИХ-д Нийгмийн халамжийн тухай, Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жендэрийн тэгш байдлын тухай гээд нийгмийн салбарын хуулийн төслүүд өргөн баригдсан. Эдгээр хуулиуд дээр болон Сонгуулийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байна. Миний хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн ажлын хэсгийг алхаж байгаа учраас энэ талаар Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүдийг хүлээн авч уулзаж, санал солилцсон. ДЭМБ-ын мэдээллээс үзэхэд эмийн зах зээлийн 10 хувийг хуурамч эм эзэлдэг. ОХУ-ын эмийн зах зээлийн 20 хувийг, БНХАУ  д найман хувийг хуурамч эм эзэлдэг тул ийм эм манай улсад импортоор орж ирэх магадлал өндөр байгаа юм. Иймээс эмийн зохицуулалт хяналтыг сайжруулах явдал тулгамдаж байна. Эм бүр лицензлэгдэж чадахгүй байна. Чанарын баталгаажуулалтын стандартыг хангахгүй байна. Өнөөдөр зах зээлд гарсны дараах эмийн тандалт, хяналт огт байхгүйгээс иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээ ч төлөвшөөгүй байна.

-Сүүлийн үед иргэдийн эмэнд хордох явдал ихэслээ. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Үнэн шүү. Иргэд өөрсдөө эмээ сонгох, оновчтой тунг цагаар хэрэглэхгүй байх, тарилгаар хэт их хэрэглэх явдал ихэслээ. Иймээс эмэнд хордох явдал нэмэгдсэн байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хийсэн судалгааны дүнгээр нийт хордлогын 71,8 хувийг эмийн хордлого эзэлж, эмийн хордлогоор нас баралтын хандлага хоёр дахин өссөн. Эмч нар жор бичдэггүй, эмийн сангууд ашгаа бодож жоргүйгээр эмийг худалдаж байгаагаас эм зохистой хэрэглэгдэхгүй, өвчний эрсдэл нэмэгдэж, өвчтөн эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хохирох нь ихэссэн. Иймээс эмийн жор хэрэглэх асуудал нэн чухал. Амьдралын боломжгүй иргэд чанаргүй, заримдаа бүр хор болохоор эмийг ч худалдан авах тохиолдол их байна шүү дээ.

-Эмийн зохицуулалт хийхийн ач холбогдол юу вэ?

-Энэ бол хамгийн чухал асуудал. Эмийн зохицуулалт хийснээр хүний амь насыг хамгаалах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, сахин хамгаалахад чухал үүрэгтэй. Эм үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, жижиглэнгээр худалдах, сурталчлах үйл ажиллагааг лицензжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг тандах, хянах гээд олон чухал давуу талтай. Эмийн зохицуулалтгүйгээс мэдээлэл байхгүй, худалдан авч буй эмийнхээ чанарыг өөрсдөө хянах боломжгүй болчихоод байна.

-Бодлого боловсруулагчийн хувьд дээрх хуулиуд дээр ямар саналтай байна вэ?

-Эмийн хангамж, хүрэлцээ сайжирсан ч стандартын шаардлага хангахгүй эм импортлох, зориулалтын бус газар худалдаалах, эмийг ашиг олох хэрэгсэл болгох явдал их байна. Эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эм хангамжийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг стандартчилах асуудлыг хуульд тусган эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Эмийн талаар мөрдөгдөж буй хууль, журам нь эмийн үйлчилгээ чанар,    аюулгүй    байдлыг баталгаажуулахад чухал үүрэгтэй л дээ. Улс орнууд өөрийн онцлог нөхцөлд тохирсон хатуу чанга эмийн зохицуулах албыг байгуулж ажиллах нь зөв. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж үздэг юм билээ. Харин Сонгуулийн тухай хуулийн хувьд ажлын хэсгийн гишүүд нэлээд нухацтай ажиллаж байгаа. Ер нь сонгууль бол ард түмэн засгийн эрхэнд шууд оролцож төлөөлүүлэн хэрэгжүүлэх гол арга. Сонгуулийг шударга явуулах, сонгуулийн тогтолцоотой холбоотой шинэчлэл хийх шаардлагатай байна. Энэ тал дээр өөрийн орны болон гадны орнуудын туршлагыг судалж байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүний хувьд Жендэрийн эрх тэгш байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар нэлээд ажлууд тусгагдсаны дагуу УИХ-д Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Олон улсын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй, тэнцүү үүрэг, хариуцлага хүлээдэг байхын зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэх боломж нь адил байхыг хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн чиг хандлагыг харахад олон орон ялангуяа Зүүн Азийн орнуудын дийлэнх нь жендэрийн харилцааг зохицуулсан хуультай байна. Манай улс ч үүнээс хоцрох ёсгүй. Тухайлбал хүн амын ажиллах хүчний, сонгогчдын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүд маань шийдвэр гаргах түвшинд хамгийн бага хувьтай байна. Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх суудлын хувийн жин нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн амьдрал дахь оролцооны нэг чухал илэрхийлэл болдог. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, үндэсний парламентад суух тоог нэмэгдүүлэх зэрэг бодлогыг тууштай дэмжихгүйгээр 2015 онд 30 хувьд хүргэх Мянганы хөгжлийн зорилтыг хангахад бэрхшээлтэй юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа эмэгтэйчүүд үндэсний парламентын гишүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллахын сацуу төр, улсыг удирдах хариуцлагатай өндөр албанд ажиллаж байна. Хөгжлийн үйл явцад тууштай оролцох манлайлагч эмэгтэйчүүдийг бодлоготой бэлтгэхийн тулд жендэрийн тэгш байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хуулийн төсөл маань Сонгуулийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуультай нэлээд холбоотой л доо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.