"НИТХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй, сайн дураараа огцрох боломжтой"
НИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун "НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зурсан.
Энэ тоо олонхи болоогүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд заасан ээлжит бус хурал хуралдах нөхцөл бүрдээгүй байна.
Ц.Сандуйг гарын үсэг цуглуулснаар огцруулна гэж ойлгож болохгүй. 3/2-оос дээш төлөөлөгчийн саналаар НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулдаг.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж ээлжит бус хурлаа зарлах учиртай.
НИТХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй бөгөөд ганцхан сайн дураараа огцрох боломжтой.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд НИТХ-ын нэг ч дарга огцорч байгаагүй.
Түүнээс 27 төлөөлөгч гарын үсэг зурсанаар Ц.Сандуй огцрохгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Сандуйг огцруулахад гарын үсэг зураагүй хүмүүс 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүсийг өмгөөлж байна гэсэн утгатай мэдээлэл их гарч байна. Бидэнд тийм зүйл байхгүй" гэлээ.
60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ НАМЫН ДҮРЭМ ЖУРМЫН ХЭМЖЭЭНД ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗӨВ
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "МАН-ын их хурлаар 60 тэрбумын асуудлыг огт яриагүй юм биш.
Уг асуудлыг намын дүрэм журмын хэмжээнд хэлэлцэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.
Хэтэрхий улс төржихгүй баймаар байна" гэв.