С.Эрдэнэ: УИХ, Засгийн газарт эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн үйлдэл хийж болохгүй
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд болон ардчилсан хувьсгалаас хойших монголын нийгмийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Ярилцлагаа цаг үеийн асуудлаас эхэлье. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт бол яах аргагүй цаг үеийн асуудал мөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд байгаа. Гэхдээ УИХ-аас бэлдэж явуулж байгаа хэлэлцүүлэг, зургаан сэдвийн хүрээнд ярьж буй асуудлыг шаардлагатай гэж бодохгүй байна. Ард түмний Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн дэмжлэг дээр хуулийн гол заалтуудыг дордуулсан өөрчлөлт оруулах нь жинхэнэ өөрчлөлт биш. Бид аль болох нухацтай харж, судалж байж шийдэх ёстой.
Салбар хуулийг боловсруулахдаа хүртэл гоомой хандаж болдоггүй. Үндсэн хууль бол хамрах хүрээний хувьд хэд дахин илүү, Монгол Улсын эрх зүйт төрийн гол суурь. Бид нийт ард түмнийг хамарсан санал асуулга явуулах ёстой. Тэгээд дийлэнх олонхийн дэмжлэг авсан асуудлуудад Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулах ёстой. Санал асуулгын тухай хуулиараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тусгай журмын хүрээнд нухацтай авч үзэх хэрэгтэй гэж харж байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан зэрэг нэр бүхий гишүүд АН-ыг төлөөлж оролцож байхад АН-аас эсэргүүцсэн мэдэгдэл гаргасан. Нийгэмд, хүмүүсийн дунд тун ойлгомжгүй байдал үүсгэж байгаа энэ явдалд тайлбар өгөхгүй юу?
-Ажлын хэсэгт орох гэдэг чинь өөр. Байр сууриа илэрхийлнэ гэдэг бас нэг өөр асуудал. Ажлын хэсэгт орж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа асуудал биш. Ардчилсан нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа ч өнөөдрийн хэлэлцэж байгаа хүрээнд дэмжихгүй. Төрийн хяналтын тогтолцоог шинэчлэх асуудал яригдаж байгаа. Гэтэл хяналтын байгууллагын тоо Монголд багадаагүй.
Ямар түвшний хяналтын асуудал ярьж байгаагаа тайлбарлаагүй. Жишээлбэл, Америкийн Конгрессоос үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гэх зэрэг чиглэлээр аливаа асуудал үүсвэл тусгай мөрдөн шалгах ажлын хэсгийг гаргадаг. Тэгээд хууль хяналтын байгууллагуудтайгаа хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Энэ мэтээр хуулийн гаргалгаа гаргах гэж байгаа бол өөр. Гэтэл 1990 оны үед нэлээн тэмцэн байж татан буулгасан Ардын хянан шалгах хороог гаргаж ирэх гэж байгаа бол бид эргээд Коммунизмыг бий болгоно л гэсэн үг.
Тэр үеийн Ардын хянан шалгах хорооны оролцдоггүй асуудал гэж байгаагүй юм. Хэн нэгэн эрх мэдэлтний захиалгаар хэнийг ч хэлмэгдүүлж чаддаг байгууллага байсан юм шүү дээ. Манайд өнөөдөр Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо гээд маш олон санхүүгийн хяналтын байгууллагууд байна. Бүгд төрийн байгууллага. Чиг үүргийг нь тодорхой болгох хэрэгтэй байна. Бид хяналтаар дутаагүй.
Хоёрдугаарт, хууль санаачлах эрх бүхий субьектуудыг харахад УИХ, Засгийн газар хоёрт эрхийг нь үлдээгээд Ерөнхийлөгчийн эрхийг хасчихсан байгаа юм. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч яахаараа хууль санаачлах эрхгүй байдаг юм бэ. Ерөнхийлөгчийн эрхүүдийг хязгаарлах алхмууд хийх гээд байна гэж ойлгож байгаа. Өөрсдийнх нь нэр дэвшигч ялсан бол ингэхгүй л байсан байх. Парламентад хэт олонхи байгаагаа ашиглаад сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг боомилох, хазаарлахыг оролдож байна.
Энэ бол Үндсэн хуульд оруулах зайлшгүй шаардлага биш. Өөрчлөлт оруулах өөр олон шаардлага байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдал, аймаг, сум, нийслэлийн эрх зүйн асуудал гээд олон асуудал байна. Яагаад иргэдийнхээ эрхийг дээрдүүлсэн өөрчлөлт рүү явахгүй институц хоорондын эрх мэдлийн зохицуулалт руу явах гээд байгаа юм. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа их хурлын бүрэлдэхүүн эрх зүй, ёс зүйн бүрэн чадамжтай бүтэц үү гэдэг ч эргэлзээтэй.
Харин ажлын хэсэг дэх манай гишүүдийн хувьд зөв зүйтэй өөрчлөлт оруулахын тулд л оруулсан. Хүч түрэх замаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах гэж оролдвол Ардчилсан нам хүмүүсээ татаж авна. Бид сөрөг хүчний хувьд эрх баригчдын хүчээр түрэмгийлсэн, хууль бус аливаа үйл ажиллагааг хазаарлаж зогсоох үүрэгтэй. Тэр үүргийнхээ дагуу ажиллана.
ИНСТИТУЦ ХООРОНДЫН ТОХИРУУЛГА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ АСУУДАЛ БАЙГАА ЮУ ГЭВЭЛ БАЙГАА
-Тэгэхээр төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэггүй гэж үзэж байгаа юм уу?
Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасахыг дэмжиж байна уу гэж санал асуулгаар асуухад нийт оролцогсдын 40 орчим хувь нь үгүй гэж хариулсан. Дэмжсэн нь 17, 18 хувь байсан. Аливаа улс төрийн намууд, хууль эрх зүйн байгууллагууд судалгаа, дүн дүн шинжилгээгээр бодлогоо тодорхойлж байх ёстой. Олон түмний санаа бодлыг тандаад, үүн дээрээ тулгуурласан бодлого, шийдвэр гаргах ёстой.
Институт хоорондын зөрчлийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр, мөнхөд олонх байх юм шиг УИХ, Засгийн газарт эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэн үйлдэл хийж болохгүй. Аль нэг улс төрийн хүчин олонхи болохоороо өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд байвал улс орны тогтвортой байдал яах болж байна.
-Манай улс 1992 онд баталсан Үндсэн хуульдаа парламентын засаглалтай гэж тогтоосон. Тэгсэн хэрнээ дэлхийн улс орнуудын засаглалын тогтолцоо, жишгийг харахад Монгол Улсын Ерөнхийлөгчид Ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад байдаг эрх мэдэл олгогдсон байдаг. Үүнийг сонгодог парламент руу чиглүүлснээр улс төрийн төлөвшлийг батжуулна гэж хууль санаачлагчид төдийгүй эрдэмтэн, судлаачид үзэж байгаа шүү дээ?
-Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард нийтийн асуулгад тулгуурлаад олон нийтийн санал бодлыг тандан судалж, олонхийн дэмжиж буй асуудалд өөрчлөлт хийх хэрэгтэй. Түүнээс биш улс төрийн хүчний олонхийн ашиг сонирхлоор асуудалд хандаж болохгүй. 1992 оны Үндсэн хууль бол маш сайн боловсруулсан хууль. Алдаа, засаж залруулах зүйлс бий хэдий ч сэтгэлийн хөөрлөөр хөдөлж болохгүй.
Бусад улс орнуудад ингэдэг юм байна билээ гээд хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв гэдэг шиг хаа хамаагүй, өөр өөр түвшний хөгжилтэй орнуудыг дуурайгаад байж болохгүй. Жишээ нь, Америк юм уу Оростой Монгол Улсыг харьцуулж болохгүй шүү дээ. Америкийн Конгресс, төрийн тогтолцоо хэдэн зуун жил яваад олон шат дамжсан. Орос Улсынх ямар билээ, Хятад ямар билээ, бид өөрсдөө ямар түвшинд явж байгаа гэдгээ тооцож асуудлыг авч үзэхгүй бол өндөр хөгжилтэй, өндөр түвшинд хүрсэн орнуудын бүтцийг хуулвал монголд буухгүй.
Бидэнд үндэстний онцлог гэж бий. Хөрсөнд хөгжлийн түвшний онцлог гэж бас байгаа. Энэ бүхнийг харж байж тооцох ёстой. Монголд хамгийн тохиромжтой хувилбар юу вэ. Жишээлбэл, манай улс парламентын засаглалын сонгодог түвшинд хүрээгүй л байна. Өчигдөр гаргасан шийдвэрээ өнөөдөр цуцалж байна. Жилийн өмнөх амлалтаа биелүүлэхгүй л байна. Ямар хариуцлага хүлээх юм. Одоогийн институц хоорондын харилцаа өөрөө нэг нь гүйцэтгэх засаглал, нэг нь хууль тогтоох байгууллага, нөгөөх нь Ерөнхийлөгчийн институт. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг хангагч, дээр нь улс орны нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын талаас хяналт тавьдаг.
Хууль тогтоох байгууллага буруу шийдвэр, тогтоол гаргавал хориг тавьдаг, Засгийн газарт чиглэл, үүрэг өгдөг. Энэ гурван институт хоорондоо харилцан хяналт тавьж, харилцан шүтэлцэж байх ёстой. Хууль тогтоох байгууллагын эрх багадаад Ерөнхийлөгчийн эрх ихдээд байна гээд хэн судлаад тогтоочихсон юм. Тодотгоод гаргаад ирсэн баримт, судалгаа хаана байна. Институц хоорондын тохируулга, эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай асуудал байгаа юу гэвэл байгаа.
ӨНӨӨГИЙН ЗАРИМ ЗАЛУУСТ ХОЙД СОЛОНГОСТ ДОЛОО ХОНОГ АМЬДРААД ҮЗЭЭСЭЙ ГЭЖ ХЭЛМЭЭР САНАГДДАГ
-Ардчилсан хувьсгалаас хойш 28 жил, Үндсэн хуулиа баталснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ бүхнээс хойш манай нийгэмд яг юу өөрчлөгдөв, бид яг хаашаа явж байна вэ?
-Ерөнхийдөө монголчуудын явж байгаа чиг хандлагыг би зөв гэж харж байгаа. Аливаа нийгмийг бүтээн байгуулж, босгож ирдэг. Нэг нийгмийг нөгөө нийгмээр халж солилоо гээд нэг байшингаас гараад нөгөө байшинд орж байна гэсэн үг биш. Өнөөдөр бид хуучны хуарангийн социализмын тогтолцооноос ардчилал, шударга ёс, зах зээлийн нийгэмд орлоо. Монголд энэ нийгмийн суурь байгаагүй юм.
Бүх зүйл хуучин байшин буюу нэг намын дарангуйлал, үзэл суртлын маш том дарамтанд, гаднаас 100 хувийн хараат эдийн засгаар амьдардаг байв. Ийм л тогтолцооноос бие дааж амьдрах, бие даасан улс болж төлөвших алхамд орсон. Өнөөгийн зарим залууст хэлмээр санагддаг юм. Хойд Солонгост долоо хоног амьдраад үзээсэй гэж. Дарангуйлал гэж ямар юм байдаг, үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний эрх чөлөө, хувийн өмч ямар үнэтэй зүйлс болохыг тэнд л ойлгоно.
Монгол Улсын тусгаар тогтнол, байгалийн асар их баялаг, уудам газар нутагт шунасан гадаад дотоодын бүлэглэл зөндөө байгаа энэ цаг үед монголчууд нэгдүгээрт эвтэй байх ёстой. Хоёр хөрштэйгөө сайн хөршийн харилцаатай, Дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн орон зайтай байх ёстой. Тэгж байж цаашаагаа хөгжиж дэвшинэ, оршин тогтноно.
-Таны ярианаас нэг зүйл санаанд орлоо л доо. Өнгөрсөн жилийн амьжиргааны судалгаагаар манай улсын нийт иргэдийн 70 орчим хувь нь ядуу, тэр 70 хувь дотроо 80 хувь нь нэн ядуу гэсэн түвшинд амьдарч байна. Ардчилал, хүний эрх, хувийн өмч гэдэг бидний гайхалтай өв мөн боловч нийгэм ингэтлээ доройтсон байдаг. Бид юун дээр алдсан юм?
-Улс төр, нийгэм, эдийн засгийн салбарт гаргасан алдаа олон бий. Жишээлбэл, төрийн хариуцлагагүй байдал, төрийн албан тушаалтнуудын хариуцлагагүй, санаачлагагүй, амин хувиа хичээсэн, улс орноо хоёрдугаарт тавьснаас нь өнөөдрийн нөхцөл байдал хүндрэхэд нөлөөлсөн. Би чамаас зөрүүлээд асууя. Өмнөх хуарангийн социализмын үед Монголд баян хүн байсан юм уу. Ингэж машин унадаг байсан юм уу. Хувийн өмчтэй байсан юм уу. Цалингаас цалингийн хооронд л амьдардаг байсан юм шүү дээ.
Би өөрөө маш сайн мэддэг. Би Үйлдвэр комбинатад өссөн болохоор тэр үеийн ажилчин ангийн амьдралыг гарын арван хуруу шигээ мэднэ. Цалин буусан өдрөө өрөө төлөөд мөнгөгүй үлддэг, дахиад л айлаас зээлж хоолоо залгуулдаг байлаа. Хажуу айлаасаа орж аяга сахар, ширхэг сонгино зээлдэг, хогийн шүүрийг нь гуйдаг жинхэнэ зээлийн нийгэм байсан юм. Зах байхгүй, зээлийн нийгэм. Тэнд сайхан амьдрал байгаагүй юм шүү. Тэр үед амьжиргааны түвшний судалгаа авдаггүй байсан. Яагаад гэвэл бүх юм нууц.
Бүх юм сайхан байна гэсэн социалист, коммунист сурталчилгаа л хүчирхэг байсан. Хэн нэгэн босоод үгээ хэлбэл хэн ч биш болдог дарангуйллын нийгэм байсан юм байхгүй юу. Бор ч гэсэн гэр минь гэдэг шиг хүн өөрийнхөөрөө амьдрах ямар сайхан гэдгийг ард түмэн маань ойлгох ёстой. Бид эрх, эрх чөлөөгөө ойлгон ухамсарлаж, суурин дээрээ нийгмээ босгож ирэх ёстой. Бид илүү их хөдөлмөрлөх ёстой. Ажил хийх ёстой.
Хуучин социализмын үед монгол хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, залхуу болгосон. Хэт амин хувиа хичээсэн. нэг жишээ татъя. Гутлын үйлдвэрт ажиллаж байгаа хүн нормоо хийсэн л бол болоо, илүү юм хийх шаардлагагүй. Түүндээ тохирсон цалингаа авлаа, болоо. Шинэ технологи, шинэ санаа бодох юу ч байхгүй. ШБОС гэж юмыг дэмжсэн ч хамрах хүрээ багатай. Нийтээрээ шинэ юм санаж сэдэх ойлголт тааруухан байсан юм ний нуугүй хэлэхэд. Бүгд адилхан хувцастай.
Тооцоолол зөв байх ёстой. Би зарим судалгаа, тооцоог хараад гайхдаг юм. Намайг хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхад энэ судалгааг хэд хэдэн удаа авч байсан. Тэгээд иргэдийн амьжиргааны түвшинг 20 хуваагаад тав таваар нь дөрвөн түвшинд ангилсан. Тэр судалгааг авахдаа дэндүү болхи аргаар авч байсан. Жишээлбэл, угаалгын машинтай бол баян гэдэг ч юм уу, хивс зурагттай бол баян гэдэг ч юмуу.
Гэтэл бодит өдрийн орлогын хэмжээ, амьжиргаандаа хүрч байгаа эсэх, хүнсний сагсан дах хэрэгцээгээр тогтоох гэсэн үзүүлэлтүүдээр биш, үндсэн хэрэгцээгээр нь дүгнэх гээд байдаг. Хөргөгчтэй байлаа гээд хөргөгчөө идэхгүй, өмсөхгүй шүү дээ. Эргэлтийн буюу үндсэн хөрөнгийг хэрэглээтэй холиод байдаг. Өнгөрсөн нийгэм болон өнөөгийн амьжиргааны түвшин эрс өөр гэдгийг хэлэхийн тулд л энэ бүхнийг ингэж сунжруулан ярьж байгаа юм.
-Тухайлбал?
-Нэмээд нэг жишээ хэлье. Намайг бага байхад манайх нэлээд гайгүй айлын тоонд ордог байлаа. Аав маань Анагаахын дээдийн багш, сэхээтэн хүн. Ээж маань үйлдвэрт цехийн мастер, бас сэхээтэн. Тэр үедээ бас гайгүй л цалин авч байсан байх учиртай. Гэхдээ манайх өдөрт хоёр хоол хийж иддэггүй байсан. Би аравдугаар анги төгсөтлөө өдөрт хоёр хоол идэж үзээгүй.
Тийм айл ч мэдэхгүй. Талх боорцгоо идэж л өссөн дөө. Орой аав ээжийгээ ирэхээр хоолоо хийж иддэг. Бүх айл адилхан. Одоо хар л даа. Айлуудын хэрэглээг хар. Бодит амьдралын боломж, хэрэглээг харьцуулж харах ёстой юм. Нэгэнт бий болгосон зүйлээ бүхэлд нь харлуулах хэрэггүй. Тэртээ тэргүй амьдрал сайныг сайнаар нь, мууг нь муугаар нь шүүгээд гаргаад тавьчихдаг байхгүй юу.
Бидний амьдарч буй одоогийн нийгэм, өмнөх халсан нийгэм хоёрыг өнөөдрийн амьжиргааны түвшний үзүүлэлтээр аль нэгийг нь сайн, нөгөөг нь муу гэхгүй. Бид социализмын үед тусгаар тогтносон улс байж чадаагүй. Жинхэнэ тусгаар тогтнолоо ардчилсан хувьсгалын дүнд олж авсан.
Түүнээс хойш 27 жил өнгөрсөн байна. Өвөрмонголчуудтай уулзахаар Ар Монголыг хараад бид монгол гэдгээрээ бахархдаг гэж хэлдэг юм. Буриадуудтай зөндөө л уулзаж байсан. Тэд ч бас Монгол гэсэн тусгаар тогтносон улс байгааг хараад бахархдаг. Дэлхийн монголчуудын бахархал болсон Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг үнэлж баршгүй.
СОШИАЛД ХАНДДАГ ШИГЭЭ НИЙГМИЙН АМЬДРАЛД ОРОЛЦДОГ БОЛ МАНАЙ УЛС ГАЙХАЛТАЙ ХУРДАН ХӨГЖИНӨ
-Урьдныхаасаа дээрдсэн зүйл байгаа ч доордсон нь зүйл ч олон байна. Саяхан Хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил боллоо. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтнуудын хөрөнгийн хэмжээ нийгмийн дунд буюу, дундаас доош давхаргынхантай харьцуулахын аргагүй байна.
Баян ядуугийн ялгаа тэнгэр газартаа тулчихсан байгааг капитализмын зарчмыг яг дагаж байгаа гэхээс өөр аргагүй. Капитализм иргэддээ хэтэрхий халтай, хэрцгий нийгэм биш гэж үү. Бид сонгодог ардчилал гээд хэрцгий капитализм руу яваад байгаа юм биш үү?
-Тэгээд өөр ямар нийгэм байгуулах юм бэ. Буцаад хуарангийн социализм руугаа явах юм уу. Хуарангийн социализмыг энэрэнгүй гэж хэн хэлэв. Дэндүү харгис шүү дээ.
-Ядаж л бүгд өлсөхгүй юм даа.
-Социализмын нийгэмд тарган хүн байгаагүй юм шүү. Хатуу ч гэсэн үнэнийг хэлье, хагас өлсгөлөн байсан юм. Одоо л таргалалт гэдэг өвчин бий болоод байна. Хаана ч тэр нийгмийн хөгжлийн сөрөг үр дагавар эрүүл мэнд, эдийн засаг гээд янз бүрийн зүйлсээр илэрдэг. Социалист нийгмийн үед хүнийг яаж тарчлаадаг байсныг мэдэх үү. Одоо Хойд Солонгосын төрийн тэргүүн өөрөө хүнийг пулемётоор буудаж алж байна. Энэрэнгүй биш. Социалист нийгмийн үед гуйлгачид нь олон байсан юм. Бодит үнэнийг яривал тэр үеийн нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлсийг дараад нуучихдаг байсан.
1921-1990 оны хооронд тэр замаар явахдаа бид долоон Ерөнхий сайдаа хүний нутагт алуулсан. Энэ тусгаар тогтнол мөн үү. Тусгаар улсын Ерөнхий сайдыг яахаараа Москвад аваачиж бууддаг юм. Тэрнээс өмнө хамаг хаад ноёдыг дуртай үедээ Бээжинд дуудаж аваачаад л цаазалдаг байсантай ямар ч ялгаагүй. 40, 50 мянган сэхээтэн хэлмэгдсэн. Үр хүүхэд нь эсэргүү цолтой болоод амьдралаа баллуулдаг байсан. Хувь хүн эрх чөлөөний үнэ цэнээ өөрөө үзэж байж л ойлгоно.
Шүтэх ч эрхгүй, цагаан сараа тэмдэглэх ч эрхгүй амьдарсан. Түүх соёлоо, үндэсний бичгээ устгуулсан. Бүх түүхийг зохиосон тэр үед Эзэн Чингис хааны нэрийг ч хэлж болдоггүй байлаа. Хэлбэл шууд үзэл суртлын дайсан. Хамаг шилмэл зохиолч, яруу найрагчид шоронд ясаа тавьсан. Уинстон Черчиллийн хэлсэн үгийг сана. Ардчилал бол төгс тогтолцоо биш. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг хараахан олж амжаагүй байна гэж.
Улс орон, нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж яваа улс төрчийн хувьд хэлэхэд одоо бид ардчиллаасаа ухарч болохгүй, эрх чөлөө, хувийн өмчийг үгүйсгэж болохгүй. Энэ бүхэн ардчиллын баталгаа. Эрх, эрх чөлөөг хааж болохгүй. Тэгэх л юм бол хэдхэн хүний хаанчлал, дарангуйлал тогтоно. Нийгмээ төгс төгөлдөр болгохын тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй байна. Бид бүгд баялаг бүтээгч байх хэрэгтэй. Идэвхтэй оролцоо маш их дутагдаж байна. Сошиалд ханддаг шигээ нийгмийн амьдралд оролцдог байсан бол манай улс гайхалтай хурдан хөгжинө.
Шүүмжлэхдээ бол гайхалтай сайн хэрнээ дэмжих, урамшуулах, оролцохдоо туйлын хойрго. Амьдрал хэцүү байна гээд жагсая гэхэд гарч ирэхгүй, надад хамаагүй гэнэ. 1990 онд бүгд нийгмийг өөрчлөх сэтгэлтэй тэмцэгчид байсан юм. Өнөөгийн залууст мэдэхгүй зүйл байхгүй, шүүмжлээд л, шүүмжлээд л байна. Тэгсэн хэрнээ юунд ч оролцохгүй, юу ч хийхгүй. Ирээдүйн нийгмийг нуруундаа авч явах хүмүүс бүтээгч, санаачлагч, оролцогч байх ёстой шүү. Эцэст нь хэлэхэд ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үг бий.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН