М.Говьсайхан: Боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна
Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан
2017.08.29

М.Говьсайхан: Боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Ерөнхийлөгчийн тамгын газар, ХХААХҮЯ, Монголын Хүнсчдийн Холбоо байгууллагууд хамтран “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэг 3 өдөр үргэлжлэх бөгөөд мах, махан бүтээгдэхүүн болон өндөг үйлдвэрлэлийн салбарыхны хуралдаан өчигдөр болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Монголын Хүнсчдийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Говьсайхан нарын зэрэг бусад албаны  хүмүүс оролцсон юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсгийн нэг байхаар хуульчилсан бөгөөд энэхүү асуудлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн орон тооны бус хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Засгийн газрын дэргэд ажилладаг.

Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээж үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: “Хүнсний аюулгүй байдал нь хүн амын анхдагч хэрэгцээ, нийгмийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой тул аливаа улс, үндэстний оршин тогтнолд чухал байр эзэлдэг. Энэ утгаараа төр, засгийн анхаарлын төвд үргэлж байдаг бөгөөд манай улс ч тодорхой хууль, дүрэм, журам гаргаж, арга хэмжээ хэрэгжүүлсээр ирсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Монгол улсын Хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг 9 дүгээр сарын 12-нд Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү үндэсний чуулганы өмнө бэлтгэл 3 салбар хуралдааныг төрийн болон ТББ-ын дэмжлэгтэйгээр, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулах бөгөөд өнөөдрийн “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан эхнийх нь болж байна. Энд оролцож буй эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөдрийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг шийдэн ажлын уялдаа холбоогоо сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байна” гэсэн юм.

Хуралдааныг даргалаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эм,  хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Л.Эрдэнэчимэг хөтөлж явууллаа. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 9 дүгээр сарын 4-нөөс 8-ны хооронд Зүүн Азийн эдийн засгийн чуулганд оролцоход чуулганаас гарсан санаануудыг дамжуулах болно гэдгээ хэлсэн юм.

Монголын Хүснчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан: Бүтээгдэхүүнээ экспортлоход эрүүл ахуйн шаардлагаа дээд зэргээр хангах ёстой

-Өнөөдөр танай байгууллагаас “Хүнсний аюулгүй байдал” нэрт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн гол ач холбогдол юу вэ?

-Стратегийн хамгийн чухал хүнс, хүнсний бүтээгдэхүүнээ 100 хувь Монголдоо үйлдвэрлэх гол зорилтыг тавьж байгаа юм. Энэ нь хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа та бүхнээс шалтгаална. Тиймээс бид гол үйлдвэрлэгчидтэйгээ гурав хоногийн турш салбар хуралдаан хийж ярилцах зорилготой энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн байгууллага байдаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр 42 үйлдвэр бүртгэлтэй байдгаас одоогийн байдлаар 22 үйлдвэр бүрэн хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрлэлүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

-Үйлдвэрүүдэд үйл ажиллагаа эрхлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байна?

Сүүлийн жилүүдэд Монгол Улс гадагшаа мах экспортлох бодлого барьж ажиллаж байна. Энэ дүнд экспортын махны хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Ялангуяа Монгол Улсын малын сүргийн бүтцийн хувьд бог мах давамгайлдаг тул Хүсний аюулгүй байдлын зөвлөлөөс бог малын махны экспортыг дэмжих зорилгоор 2017 онд квот тавиагүй. Бог малын махыг экспортлох чиглэлд дэмжиж ажиллаж байна.

-Экспортын бүтцийг аваад үзэхээр 85-аад хувь нь адуу байна. Энэ нь хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар нөлөө үзүүлж байна?

-Манай дотоодын мах боловсруулах үйлдвэрүүд маань аль ч малын махыг гаргах боломжтой. Гагцхүү экспотрод тавигддаг эрүүл ахуйн стандартын шаардлагаас болоод адуу ихэвчлэн гарч байна. Учир нь эмнэлгийн талаасаа шаардлага нь бага байдаг. Тиймээс мах боловсруулах үйлдвэрүүд маань гадаадад экспорт гаргахдаа тухай улсын шаардлагыг хангах чиглэлд тодорхой ажлуудыг хийсний дараагаар экспортод гаргах боломжтой.

Өнөөдрийн  салбар хуралдаанд ХХААХҮЯ, Монголын хүнчдийн холбоо болон Мах Импекс, Хүнскомплекс ХХК, Хатан сүйх имплекс ХХК, Шим өргөл ХХК, Трасттрейд ХХК, Монгол мах Экспо ХХК, Мах маркет ХХК, Хаан хүнс Имплекс ХХК, НВЦ, Монгол Эко Мах ХХК, Завхан хүнс групп ХХК, Сүхбаатар Мах маркет ХХК, Ханбулган Хүнс ХХК зэрэг мах махан бүтээгдхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид үйлдвэрлэлээ эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар дурдсан юм.

Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж мах боловсруулах үйлдвэрт тогтмол бэлтгэн нийлүүлдэг тогтолцоонд шилжих, олон улсын зах зээлд нэмүү өртөг шингээсэн мах махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдүүлэх нь гол зорилго боловч олон саад бэрхшээл учирч байгааг оролцогчид хэллээ.

Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ, БНХАУ, Вьетнам, Иран зэрэг цөөн оронд бага хэмжээгээр бүтээгдэхүүн гаргаж буй. Гэвч хил, гаалийн татвар өндөр, Тухайлбал, ОХУ руу мах гаргахад хил, гаалийн хураамж 32 хувь, маш өндөр байдгийг дурдаж байлаа.

Салбар хуралдаанууд дахин хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 8 дугаар сарын 29-ний өдөр "Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийн шийдвэрлэх арга зам", 8 дугаар сарын 30-нд "Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдааныг тус тус хийх юм.

"Монгол Улсын хүнсний аюулгүй байдал" сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловрсуулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.