Хэсэг, хороодын эрх мэдэл, төсвийн асуудлаар санал дэвшүүлэв
2017.08.30

Хэсэг, хороодын эрх мэдэл, төсвийн асуудлаар санал дэвшүүлэв

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу орон даяар өрнөж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр /2015.08.29/ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  амжилттай болж өнгөрлөө. 

Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоон баг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд 21 аймаг, бүсчилсэн сумдад хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэгт удаа дараа өрнөсөн хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргээр ийнхүү өндөрлөж байгаа юм. Хэлэлцүүлэгт тус дүүргийн 32 хорооны Засаг дарга нар, ЗДТГ-ын болон ИТХ-ын ажилтнууд, иргэдийн төлөөлөл 460 орчим хүн оролцлоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан оролцсон нь хэлэлцүүлгийг ихээхэн ач холбогдолтой, сонирхолтой болгосон юм.

Төслийн талаар орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил-аргазүйн туслалцаа үзүүлэх, иргэдээс санал авах үүрэг бүхий Улсын Их ХурлынТөсвийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажлаа дуусгаад өнөөдөр нийслэлийн дүүргүүд дэх сүүлчийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ билээ. 

Багийн бүрэлдэхүүнд Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар,Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар  ажиллав.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг орон даяар ямар үе шаттайгаар хэрхэн өрнөж байгаа явцын талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх, ажлын албаны дарга Ц.Батбаатар ярихдаа “Өнөөгийн байдлаар орон даяар 64 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 12 мянган иргэнээс саналын хуудсаар санал аваад байна. Иргэдийн саналыг цахимаар болон бичгээр гэхчлэн олон сувгаар авч байгаагаас 400 мянга гаруй иргэнээс бичгээр санал авахаар тооцоолж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуульд зургаан сэдвийн хүрээнд 20 гаруй өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлыг нэг нам дангаар санаачлан гүйцэтгэж байгаа бус, Улсын Их Хуралд  суудалтай намуудаас гадна МҮАН, ИЗНН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, ЗГХЭГ, ХЭҮК зэрэг байгууллагын Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил долоон үе шаттайгаар явж байна.  Үүний өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар долоон төсөл өргөн барьсан байдаг. Одоогийн төслийг 10 дугаар сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн барьсны дараа ард нийтийн санал асуулга явуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд харин энэ нэмэлт, өөрчлөлт 2020, 2021 оноос хэрэгжиж эхлэх юм. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор өнөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 480 гаруй органик хуульд өөрчлөлт оруулах тодорхой цаг хугацаа шаардагдана” гэлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд 1-2 удаа, дүүргийн ЗДТГ-т хоёр удаа, дүүргийн хэмжээнд нийт 37 дахь удаагаа хэлэлцэж байгаа аж. Дүүргийн хэмжээнд 34 мянган саналын хуудас тарааснаас одоогийн байдлаар 23 929 санал аваад байгаагийн дээр өнөөдрийн энэ хэлэлцүүлгийн үеэр саналын хуудас нэмж тарааснаар иргэдээс авах саналын тоо нэмэгдэнэ. Дүүргийн нийт хүн амын тоо 315 802 болохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өгөх саналын тоо ч харьцангуй их байна гэж найдаж байна гэж дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны тасгийн дарга М.Солонго ярьж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Гандулам Улсын Их Хурлын тогтолцоо, түүний бүрэн эрхэд оруулж буй өөрчлөлтүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоо бүхий хоёр заалтыг танилцуулахдаа 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жил, түүнд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойшхи 17 жилийн хугацаанд үйлчилж байсан заалтуудыг өнөө хэлэлцэж буй төслөөр хэрхэн өөрчилж, илүү тодорхой болгож өгснийг тайлбарлалаа. Тухайлбал, Үндсэн хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасаж байгаа. Парламентын засаглалтай бусад улсын практикт Ерөнхийлөгч нь хууль санаачлах, өөрийн бүрэн эрхийн хэмжээнд Засгийн газарт чиглэл өгөх нь ховор байдаг. Гэхдээ УИХ-аас батлагдан гарсан хуульд хориг тавих эрхтэй байгаа нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох эрхийг нь бүрмөсөн хязгаарлаагүй, тодорхой хэмжээгээр оролцож байна гэсэн үг. Энэ бүх нэмэлт, өөрчлөлт бол сонгодог парламентын засаглалтай орнуудын жишигт илүү ойртсон заалт хэмээн тэмдэглэлээ.

Үүний дараа Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд оруулж буй дөрвөн өөрчлөлт, шүүх эрх мэдэлд оруулах өөрчлөлтүүдтэй холбоотойгоор төрийн албаны залгамж чанарыг хадгалахад чиглэсэн шинэ заалтууд төсөлд орж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Ц.Батбаатар танилцууллаа. 

Шүүхийн тогтолцоонд хотын шүүх гэдэг байгууллага бий болж байгаа, шүүгчийг шилж сонгох, шүүхийн хүний нөөцийн асуудлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүн одоо үйлчилж байгаа хуулиар 5 хүнтэй байгааг өөрчилж Үндсэн хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлж 11 хүнтэй болгон нэмэгдүүлсэн зэрэг шүүгчийн томилгоотой холбоотой заалтууд, “Батламжилна”, “Ёсчилно” хэмээх  үүрэгжүүлсэн заалтуудын учрыг тайлбарлалаа.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт парламентад хамгийн олон удаа сонгогдсон туршлагатай хуульч Д.Лүндээжанцан оролцсоноор иргэд дүүргийнхээ төдийгүй улс орныхоо ирээдүй, төр, засгийн үйл ажиллагааны талаар санаа зовж буй асуудлаа илэн далангүй тавьж, санал бодлоо хуваалцсан юм.

Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг төслийн зургаан сэдвийн хүрээнд иргэдэд нэн ойлгомжтой, энгийн үгээр дэлгэрэнгүй тайлбарлаад төрийн дээд эрхийг барих үйлсэд ард түмний оролцоог хангах гол түлхүүрийг атгаж байгаа ард иргэд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаад талархлаа илэрхийлсэн юм. “Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөх шаардлагатай тулгардгийн дээр уг хуулийг анх боловсруулагчдын бүрэн харж тооцоолж чадаагүй сорилт, шалгууруудтай тулгардаг. 

Үндсэн хууль нь эрх зүйн суурь баримт бичиг гэдэг утгаараа тогтвортой үйлчлэх шинж агуулж байдаг боловч цаг үеийн шаардлагаар боловсронгуй болж төгөлдөржиж байх ёстой. Өнөөгийн Монголын нийгэм нь Үндсэн хууль боловсруулж байсан 1991 оныхоос нийгэм-эдийн засаг, улс төрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  зайлшгүй шаардлага үүссэн” болохыг тэрбээр онцоллоо.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд 1999, 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүй, улс төрийн явцуу хүрээнд Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй арга, хэлбэрээр  шийдвэрлэсэн гэж өнөө хүртэл шүүмжилж байгаа. Үндсэн хуульд сандал ширээ хуваарилах төдийхөн жижиг сажиг өөрчлөлт оруулах гэлээ гэсэн шүүмжлэл байгаа ч Үндсэн хуулийн гол архитектор гэгддэг Б.Чимид багшийн хэлснээр “Үндсэн хуульд оруулах жижиг сажиг өөрчлөлт гэж байдаггүй.

Энэ хууль бол түр зуурын хэсэг хугацаанд хэрэгжүүлээд өнгөрдөг хөтөлбөр биш, зүйл, заалт бүр нь хоорондоо авцалдаатай суурь хууль учраас түүний үг бүрийн утга, үзэл баримтлалыг нарийвчлан бодож боловсруулж байж өөрчлөлт хийх шаардлагатай байдаг”-ийг тэрбээр хэлж байлаа. Хэдийгээр 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг ч түүн дотор бас нааштай зүйл байсан, тухайлбал,  ”энэ өөрчлөлтөөр 8-9 шат дамжлага дамжиж байж эцэг хуульдаа өөрчлөлт оруулах олон цоож цуурга хийж, Үндсэн хуульд гар хүрэх хэмжээ, хязгаар тогтоож өгсөн нь зөв зүйл байсан.

Хуулийг зарим хүмүүсийн бодож байгаачлан хэдхэн хүн юм уу эрх баригч нам өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх гэж байгаа бус, дэлхийн 194 орны Үндсэн хуулийн жишгийг судалж, амьдралын туршлагаар шалгагдсан асуудлуудыг нь харгалзан үзэж байж, тэр бүх сорилтын заавал туулах гэхгүйгээр, Үндсэн хуулийнхаа үндсэн бүтцийг эвдэхгүйгээр уг хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, цагийн шалгалт сорилтыг даван туулсан хууль гаргах үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа”-г тайлбарласан юм.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаарх иргэдийн саналтай холбогдуулан Д.Лүндээжанцан гишүүн ярихдаа төсөл боловсруулагчид хоёр их гүрний дунд байгаа улс орон төрийн дархлааны хувьд парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үзсэн гээд Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой асуудал дээр “Танхимын зарчмаар ажиллаж хамтаараа шийдвэр гарган хариуцлага хүлээдэг учир төслөөр тоон хязгаар тогтоож гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байж болно гэдэг хувилбарыг төсөлд тусгасан. Давхар дээлтэй байхыг бүрмөсөн хориглосон заалт байдаггүй, ингэж хориглосноор Засгийн газрын үйл ажиллагааг УИХ дэмжихгүй байх магадлал байдаг гэдгийг иргэдэд тайлбарласан юм.

Иргэд “УИХ гэдэг хэнд ч захирагдахгүй байгуулага, гишүүд нь халдашгүй эрхтэй төрийн түшээ гэдгээрээ далимдуулан хууль зөрчиж байна”  хэмээн шүүмжилж, төсөлд гишүүдийг эргүүлэн татах хуулийн хатуу заалт оруулах, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хувьд “Төрийн өмчийг аль болохоор задлаад нийтийн хяналтад оруулбал төрийн хянах тогтолцоо байх хэрэг байна уу?” гэсэн санал тавьж байв.  

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар дүүргийн иргэд энэ мэт олон санал гаргасны гол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хилийг тодорхой болгох, эс бол нутаг дэвсгэртэй ч юм шиг, үгүй ч юм шиг байгааг тэмдэглээд дүүргийн анхан шатны нэгж болох хорооны эрх мэдэл, төсвийг нэмэгдүүлэх, хороод дээр байгаа хэсэг л гэхэд мянга гаруй хүнтэй  байдаг тул хүн амынх нь тоог харгалзан статус, цалин мөнгөний хувьд нэн доогуур байгаа хэсгийн ахлагч нарыг багийн Засаг даргын статусаар ажиллуулах  Ерөнхийлөгчөөр сонгох хүний насны хязгаарыг 50, УИХ-ын гишүүнийхийг 40, хүний амьдралыг шийддэг шүүгч нарынхыг мөн 40 гэж тогтоох, Монгол Улсын Ерөнхийлөгч нь бэлгэдлийн чанартай Ерөнхийлөгч бус, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, идэвхтэй хүн байх ёстой гээд харин түүний хууль санаачлах эрхийг хязгаарлах нь зөв эсэх дээр эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020, 2021 оноос хэрэгжиж эхэлнэ гэдэг дээр дараагийн төр, засаг гарч ирээд энэ өөрчлөлтийг болиулахаас өмнө, хэрэгжих хугацааг хойш тавихгүй наашлуулах нь зүйтэй хэмээн анхааруулж байв. Шүүгчдийн томилгооны асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн хэлэхдээ “Шүүгч ном, эрдэм мэдлэгтэй хүн байхаасаа илүү төрмөл байх ёстой. АНУ-д л гэхэд 45 нас хүрч байж анхан шатны шүүхийн шүүгч, 50 хүрч байж мужийн шүүгч, 60 хүрч байж Дээд шүүхийн шүүгч болдог"-ийг тэмдэглэж байсан юм.

Дүүргийн статусын тухайд 25-р хорооны иргэн Ж.Түмэнжаргал дүүрэг нь статусаараа хот байж болох уу, байвал ямар төсөв, эдийн засагтай, ямар нутаг дэвсгэртэй байж болох вэ хэмээн асуугаад хүний эрхийг хэт дэмжсэнээр хүн амынх нь тал хувь нь хөдөөнөөс шилжин ирж, хотод суурьших болсон тул суурин хүмүүсийн эрх ашиг яах вэ гэж байлаа. Мөн 12-р хорооны иргэн Ц.Дүгэрсүрэн “Нийслэлдээ хүн амынх нь 50 хувь нь суудаг манай орны хувьд УИХ-ын гишүүдийн 28 нь нийслэлээс, 48 нь орон нутгаас сонгогдсон байх жишээтэй байгаа” нь тэнцвэргүй байгааг шүүмжлээд Үндсэн хуульд оффшор данс, мафи гэх мэт өнөөдрийн хурц асуудлуудтай холбоотой зүйл, заалт тусгахыг санал болгож байв. Мөн хороод нь л гэхэд 20 гаруй мянган хүнтэй тус дүүргийн хувьд хэсгийн ахлагч нарын статусын тухай заалтыг төрийн албаны хуульд оруулбал томилгооны хүн даргаар ирнэ. "Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр" гэгчээр хэсгийнхээ иргэдийн амьдрал, ахуйг мэддэг хүнээ өөрсдөө сонгох нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Үндсэн хуулийн заалт тунхаг шинжтэй, тухайлбал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан ч цэвэрлэх байгууламжийн үнэр, агаарын бохирдлоос аваад эрүүл мэндэд халтай орчинд аж төрж байна. Ийм нөхцөлд эрүүл мэндийн байгууллагууд нь ард иргэдээ мөлжиж байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарыг яамдын нэрсийн жагсаалтад эн түрүүнд тусгах, хүний амь насыг авардаг эмч нарын цалинг шүүгчдийн цалинг нэмсэнтэй адил нэмэх нь зүйтэй гэсэн санал гарч байв. 19-р хорооны иргэн Ё.Цэвээнжав “УИХ-ын гишүүн ард түмнийхээ итгэлийг хүлээж гарч ирчихээд ажил үүргээ гүйцэтгэхгүй байвал сонгогчдын төчнөөн хувийн саналаар эргүлэн татах заалт оруулах саналтай байгаагаа илэрхийлээд танил талаа ажилтай болгохоор Засгийн газрын орон тоог дураар данхайлган, төсвийн мөнгөнөөс хулгайлж байна, Яамдын сайд нар заавал мэргэжлийн хүмүүс байх ёстой” гэсэн саналтай байсан бол 6-р хорооны иргэн Ж.Орилдий “УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах саналыг дэмжиж байна” гээд  “Өнөөдөр зүүний нялхсын өвчин туссан хүмүүс УИХ-д орж байна. УИХ-ын гишүүний насны хязгаарыг 40-өөс доошгүй гэж заах, Үндсэн хуулийн цэц, ШЕЗ-ийн гишүүдийн насны хязгаарыг дээшлүүлэх, УИХ-ын сонгуулийн тойргийг томсгох саналтай байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдээс санал авах  ажлаа амжилттай зохион байгуулсны дараа үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хэлэлцүүлгээ амжилттай өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.                 

Тодруулга

Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгинохайрхан уулын нэрээр нэрлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн түүх 1992 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн үеийн Октябрийн районоос өрх тусгаарласнаар эхэлжээ. Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчтэйгөөр анхны хуралдаанаа хийж Сонгинохайрхан дүүргийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10 дугаар сарын 1-нд гаргасанаар тус дүүрэг албан ёсоор байгуулагдсан байна. Тус дүүрэг 315 802 иргэнтэй бөгөөд 1,200.6 км² газар нутагтай. 32 хороонд хуваагддаг. 84924 өрхийнх нь 63100 нь гэр хороололд амьдардаг байна.