“СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” чуулга, уулзалт боллоо
“Сүрьеэгүй ирээдүйн төлөө” чуулга-уулзалт, сургалт-хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
2017.09.25

“СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” чуулга, уулзалт боллоо

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын санаачлагаар Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран Баянхонгор аймагт “Сүрьеэгүй ирээдүйн төлөө” чуулга-уулзалт, сургалт-хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Баянхонгор аймгийн болон сумдын засаг дарга, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сүрьеэгийн диспансер, сумын эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцохын зэрэгцээ Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төсөл зэрэг байгууллагын 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Монгол улсад саяхан хийж гүйцэтгэсэн сүрьеэгийн тархалтын судалгаагаар хүн амын дунд сүрьеэгийн бодит тархалт нь сүрьеэгийн үндэсний хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өмнө нь тооцоолсноос 3 дахин өндөр байгааг тогтоосон юм. Үүний зэрэгцээ хүн амын бүх насны бүлэгт сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй тархаж байгаа дүр зураг гарч өнөөгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналтын стратегийг эргэн харах, тэмцэх, сэргийлэх арга хэмжээг өргөн цар хүрээтэй, дорвитой хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдсан юм.

Манай улсад Сүрьеэгийн эмэнд тэсвэржилтийн гуравдахь удаагийн үндэсний тандалт судалгааг 2016-2017 оны хооронд амжилттай гүйцэтгэж дуусгалаа.Энэхүү судалгаагаар сүрьеэгийн шинэ тохиолдлын дунд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт 5.3%, өмнө нь эмчлэгдсэн тохиолдлын дунд 16.5% байна. Үүнээс харахад сүрьеэгийн шинэ тохиолдлын дунд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өмнөх судалгаатай харьцуулахад даруй 3.8 дахин нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Судалгааны үр дүнгээс хархад энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай төдийгүй цаашид хүн амын дунд эмийн анхдагч тэсвэржилт бүхий сүрьеэгийн халдварын тархалтаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг өргөн далайцтай явуулах, халдвар хяналтын арга хэмжээг чангатгах шаардлагатай нь харагдаж байна.

Ялангуяа хүн амын дунд анхдагч олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт нэмэгдсэн нь улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлж болох, энэ байдал удаан үргэлжилбэл нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох нэн хор уршигтай гэдгийг анхаарах шаардлагатай байгаа юм.

Хүн төрөлхтөний бүхий л цаг хугацааны туршид нийгмийн халдварт өвчин хэмээн нэрлэгдэж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж ирсэн сүрьеэ өвчин энэ зуунд ч асуудал дагуулсан хэвээр байна.

Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд гадна үлдэх нэг ч салбар байхгүй бөгөөд нотолгоонд тулгуурласан салбар хоорондын алсыг харсан тууштай хамтын ажиллагаа нэн чухал байгааг харгалзан энэхүү “СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” ЧУУЛГА-УУЛЗАЛТ-ыг алс Баянхонгор аймагт зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний үр дүнд анхан шатны засаг захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа сайжирч, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх  хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бүрэн эмчлэх, сүрьеэтэй өвчтнийг ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, нийгэм халамжийн үйлчилгээг цогцоор нь хүргэх мэдлэг, мэдээлэлтэй болоход нэн чухал юм.