УИХ-ын гишүүд
2017.10.04

Намрын чуулган эхэлсэн хэдий ч 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв гишүүдийн гар дээр очоогүй байна

Намрын чуулган эхэлсэн хэдий ч төрийн ордон эзгүй байна. Чуулган нээлтээ хийж дагаад байнгын хороод хуралдах ёстой гэтэл эрх баригч намын сандал суудлын хэрүүлээс болж төрийн ажил гацлаа.

Жишээ нь УИХ-ын гишүүдийн гар дээр 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв ирээгүй байна. Байнгын хороодын хуралдах хуваарь батлагдаагүй байгаад гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Тодруулбал УИХ- дахь МАН-ын бүлэг засгаа огцруулсан 33, огцруулахыг дэмжээгүй 32 болж хоёр талд хуваагдаж У.Хүрэлсүхийн засгийн газарт ямар сайдууд байх талаар тохиролцож чадаагүйгээс төрийн ажил урагшлахгүй байгааг гишүүд ярьж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Даргын зөвлөл хуралдсан гэж ойлгож байгаа. Даргын зөвлөлөөс ямарваа нэг шийдэл гарч хуваариуд явдаг гэтэл харамсалтай нь ямар ч мэдээлэл алга. МУ-ын үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн 3/2 нь үйл ажиллагаа явуулах чадамжгүй бол УИХ тарна гэж заасан байдаг. 65 чадамжгүйгээ нотлоод байвал УИХ тарна гэдгээ батлаад байгаа хэрэг юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Яг одоо бидэнд түр амсхийх хугацаа байхгүй байна. Энэ удаагийн УИХ бол Засаг төрийг унагаах гэдэг юмуу? гэх мэт хий хоосон улстөржсөн асуудлаас илүүтэй бодлогын талруу анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

УИХ гишүүн Л.Элдэв-Очир: Сайд хийж чадах амбиц бол бий. Гэхдээ энэ удаа бол сайд болохгүй. Засгийн газарт орж ажиллахгүй. Шинэ засгийн газар бол гишүүд нь дор хаяж долоо хоног өөрсдөө төсөв дээрээ суух хэрэгтэй.