Ерөнхийлөгч Нийслэл хотыг 4 ханатай гэрт аж төрж, ам бүл нэмсээр байгаа өрх айлтай зүйрлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.
Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм.
Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.
Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.