Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын хуралдаан зарлан Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.
Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов. Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа. Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ.
Одоогоор Эрэн хайх, аврах ажиллагаанд 70 албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна. Уулын бэлээс осол болсон цэг хүртэлх зай одоогоор тодорхой бус, бэлээс оргил өөд алхахад найман цаг зарцуулах газар юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.