Катар Улсын Элчин сайд Султан Аль-Мансурийг хүлээн авч уулзав
2017.11.01

Катар Улсын Элчин сайд Султан Аль-Мансурийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Салмиин Саид Аль-Мансурийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх удаагийн танилцах уулзалт дээр тавьсан аялал жуулчлал, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зэрэг саналууд эрчимтэй явж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.  Тухайлбал, Аялал жуулчлалын талаар хамтарч ажиллах санамж бичиг байгуулах саналыг Катарын талаас ирүүлсэн байна. Мөн залуучууд, спортын чиглэлд хамтарч ажиллах саналууд гаргажээ.

Элчин сайд Султан Аль-Мансури Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байна гээд шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж ажилдаа орсонд баяр хүргэж Катар Улсын Эрхэм дээд Эмирийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав. Уг мэндчилгээнд Монголын ард түмэнд хөгжил дэвшил, сайн сайхныг хүсэн ерөөж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгджээ. Катарын тал Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож байгааг Элчин сайд онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харилцан ашигтай бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар өмнөх уулзалт дээр санал тавьж байснаа дурдаад газрын баялгаа зүй зохистой ашигладаг, элсэн цөлд хот байгуулж, улс орноо хөгжүүлж байгаа зэрэг олон сайн туршлага Катар Улсад байдгийг тэмдэглэж, эдгээрээс монголчууд суралцах хэрэгтэй байна хэмээлээ.

Говь газрыг усжуулах, шинэ хот байгуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгалийн баялгийг боловсруулах зэрэг салбарт хамтран ажиллах боломж харагдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр онцолж байлаа.

Мөн Катар Улсын Эрхэм дээд Эмирт мэндчилгээ дамжууллаа.