Х.Амгаланбаатар: МҮЭХ-оос хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гишүүдийнхээ эрхийг хамгаална
2017.11.06

Х.Амгаланбаатар: МҮЭХ-оос хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гишүүдийнхээ эрхийг хамгаална

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-Олон улсын валютын сантай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу цалин нэмэх боломжгүй үед багш нар цалингаа нэмүүлэх зорилгоор жагсаж байна. Ирэх сараас тодорхойгүй хугацаагаар ажил хаяна гэж мэдэгдсэн. Цалин нэмэх боломжгүй гэж мэдэгдээд байхад ажил хаях шаардлага байна уу. Уян хатан байж болохгүй юм уу?

-Цаг хугацааныхаа хувьд нийгэмд ингэж харагдаж байгаа байх. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өдөр тутам анхаарах ёстой асуудлын нэг. Энэ оны нэгдүгээр сард Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтарч Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын гурван талт хэлэлцээрийг баталсан. Хэлэлцээрээр нэгдүгээрт, цалин хөлсийг нэмэгдүүлнэ, хувь хэмжээг нарийвчилж ярилцана. Хоёрдугаарт, татварыг аль болох нэмэхгүй байх.

Хэрвээ нэмэгдүүлэх бодит шаардлага тулгарвал хэлэлцээр байгуулсан талуудтай зөвшилцөж, хамтарсан саналыг дэвшүүлж, шийдвэрлүүлнэ. Гуравдугаарт, эдийн засаг хүнд байгаа ч иргэдийн цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн төвшинг дордуулахгүй байх. Энэ чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн  үүргийг Засгийн газар хүлээж, үр дүнтэй ажиллана гэж амласан.

Гэтэл үүнээс хоёрхон сарын дараа Олон улсын валютын сантай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах нөхцөл тохирохдоо энэ гурван заалтыг огт хэрэгсэхгүйгээр гэрээ байгуулсан.

Иймээс хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх нөхцөл бүрдсэн учир бид тэмцлийн хэлбэрт шилжлээ гэдгээ гуравдугаар сард албан ёсоор зарласан юм. Үүнээс хойш үр дүнтэй алхам хийх болов уу гэж найдаж, ОУВС-гийн захирлуудын зөвлөл болон Монгол дахь суурин төлөөлөлөгчтэй хэд хэдэн удаа уулзсан.

Мөн Засгийн газарт удаа дараа санал шаардлага хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гарахгүй байсаар тавдугаар сартай золгосон юм.

Энэ үеэс тэмцлийн хэлбэрт шилжиж, улмаар тавдугаар сарын 26-ны өдөр нь Засгийн газрын саналаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээр хийхээр болсон.

Гэвч ОУВС-тай ингэж тохирсон, цаашид ямар нэг алхам хийх боломжгүй гэдэг хариултыг Засгийн газраас өгсөн учир Монголын үйлдвэрчний эвлэлээс хугацаагүйгээр завсарлага авсан.

Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Дараа нь Засгийн газар огцорсон. Яг энэ үед багш, эмч, соёл урлагийнхан цалин хөлсөө нэмүүлэхгүй бол засаг төр нь тогтворгүй байдалд орж, иргэдийн амьдрал тэр хэрээрээ дордлоо.

Хүйтний улирал хаяанд ирчихлээ, түлээ, нүүрс алга. Хэлэлцээрт тусгагдсан асуудал хойшлогдох нь гэдэг өнцгөөс асуудал тавьж эхэлсэн. Ингээд багш нар Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороог санаачлагаараа байгуулсан. Энэ хүрээнд манай МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дүгээр бүлгийн дагуу хөдөлмөрийн хамтын маргааныг есдүгээр сараас улсын хэмжээнд анх удаагаа эхлүүлсэн юм.

Харамсалтай нь, зуучлалын үе шатанд үр дүнд хүрээгүй учир хөдөлмөрийн маргааны хамгийн хүнд шийдвэр буюу ажил хаялтын хэлбэр рүү орох нөхцөл байдал үндсэндээ бүрдсэн.

Гэхдээ энэ хугацаанд Засгийн газар шинээр байгуулагдаад удаагүй ч гэлээ хоёр хоногийн дараа хэлэлцээрээ эхлүүлье, Хөдөлмөрийн хамтын маргааныг хүнд хэлбэр рүү оруулбал аль аль талдаа ашиггүй гэдэг утгаараа хэлэлцээрт орсон.

Хэлэлцээр таатай нөхцөлд болоогүй. Засгийн газраас үр дүнтэй санал гаргаагүй учир гурван удаа завсарлага авч байж аравдугаар сарын 28-ны шөнө хэлэлцээр байгуулсан.

Ямар асуудлыг шийдсэн бэ гэвэл, 2017 оны арваннэг, арванхоёрдугаар сард төсвөөс цалинждаг иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд 55.4, 2018 онд 56.2 тэрбум төгрөгийг эхний ээлжинд улсын төсвөөс олгохоор болсон.

Гэхдээ бидний зүгээс тавьж байгаа шаардлага ингээд дуусахгүй. Ирэх оны дөрөвдүгээр сард багтаан зөвхөн цалин нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцэх эхлүүлэхээр тохирсон. 

-Уг нь хэлэлцээр хийсэн шүү дээ. Гэтэл яагаад энэ сарын 13-наас тодорхой хугацааггүйгээр ажил хаяхаа зарласан юм бэ?

-Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны өөрсдийнх нь бие дааж гаргасан шийдвэр. Багш нар ажил хаях эсэх нь өөрсдийнх эрхийн асуудал учир би үүнийг тайлбарлах нь зохимжгүй болов уу.

-Боловсролын сайд хэлэхдээ ажил хаяхдаа эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй учир ажил хаясан хоёр өдрийн цалинг нөхөж олгох боломжгүй гэсэн. Дахиад ажил хаялаа гэхэд цалингаа нөхөж авч чадахгүй байх вий гэсэн болгоомжлол зарим хүнд байна лээ?

-Ажил хаяна гэдэг тийм ч амар шийдвэр биш.

Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлгийн дагуу аливаа ажил хаялт, хөдөлмөрийн хамтын маргаанаас эхлээд ажил хаялтын эхлэх, дуусах процесс зохицуулагддаг. Хуулиар ажил хаях шийдвэрээ эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Ингэхдээ хөдөлмөрийн зуучлагчийн болон арбитрийн шүүхийн үе шат явагдсны дараа ажил хаялт руу орох ёстой юм. Өмнөх хоёр өдрийн цалингийн хувьд салбарын яамны төвшинд ойлголцож, нөхөж олгох шийдвэр гарсан. Энэ бол ойлголцлын төвшний асуудал.

Цаашид ажил хаялт үргэлжлэлээ гэхэд ажил хаялт нь хууль ёсных л байвал буруутай этгээд буюу хэлэлцээрийг зөрчиж, үүргээ биелүүлээгүй тал хариуцлага хүлээх ёстой.

Аливаа ажил хаялтын зөв, буруу эсэхийг эцэслэн тогтоох эрх бүхий байгууллага нь зөвхөн нь шүүх байгууллага. Хуулийн хүрээнд салбар яамны сайд нь ч, Засгийн газар ч үүнийг шүүх ёсгүй гэсэн үг. Гэтэл ажил хаяхаас өмнө “Та нар ажил хаях юм бол хууль бус үйлдэл болно. Хариуцлага хүлээнэ шүү” гэсэн айлгах тактик хэрэглэх нь зохисгүй үйлдэл.  

-Ажил хаялтад оролцсон багш нарт тодорхой хугацааны дараа эргээд ямар нэгэн дарамт, шахалт ирэх вий гэсэн эмзэглэл нийгэмд бий. Үүнээс сэргийлэх, хамгаалах хууль, эрхзүйн чадамж танай холбоонд хэр байдаг юм бэ?

-Хөдөлмөрийн гэрээ зөрчигдснөөс болжажилчид ажил хаяхаар болбол, Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт зааснаар нийт ажилчдын гуравны хоёроос доошгүй нь зөвшөөрсөн тохиолдолд хууль ёсны ажил хаялтад тооцогдоно.

Хууль ёсны ажил хаялт хийсний дараа ямар ч үр дүн гарснаас үл хамаарч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эдгээр ажилчдын эрх ашгийг 100 хувь хамгаалах ёстой. 

-Анх цалингаа 1.6 сая төгрөг болгуулна гэж шаардсан ч одоо 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх шаардлага тавьж байх шиг байна. Одоогийн нөхцөлд арай л өндөр хувь биш үү? 

-Өнөөгийн нөхцөлд өндөр юм шиг харагдаж магадгүй ч гэлээ бодит байдал дээр тийм биш. Энэ бол цалинг хэвээр нь хадгалах хэмжээнд хүргэхэд нөлөөлөх тоон үзүүлэлт.

Хамгийн сүүлд цалинг нэмснээс хойш иргэдийн бодит худалдан авах чадвар 30 хувиар буурсан гэсэн үзүүлэлт бий. 

-Гэхдээ цалин нэмэх сургаар инфляци нэмэгддэг буруу тогтолцоо манай улсад тогтчихсон шүү дээ. 

-Үнэ нэмэгдэх бол өөр асуудал. Цалингийн нэмэгдэлтэй инфляцийг холбох нь маш буруу. Буруу тогтолцоотой учраас ийм жишиг тогтчихоод байна. Буруу тогтолцоог халахгүй бол Монгол хүний хөдөлмөрийн хөлс хэзээ ч нэмэгдэхгүй гэсэн үг биз дээ.

Инфляциас айж цалин нэмэхгүй байхыг юу гэж ойлгох уу. “Монголчуудын цалин нэмэгдээгүй юм чинь бараагаа хямдхан өгчихье” гэж хэн ч хэлэхгүй.

Үүнийг л шийдвэр гаргагч нарт ойлгуулах гэж цалин нэмэх асуудлыг жил бүр ярьж, тайлбарладаг. Инфляциас сэргийлэх нь Засгийн газрын үүрэг. Энэ үүргээ биелүүгүй байж, цалин нэмбэл инфляци өснө гэж эсрэг такик хэрэглэж болохгүй. Энэ гинжийг таслах ёстой. 

-Солонгос, Япон Улсад гэрээгээр, хараар ажилладаг иргэдийн олонх нь багш нар. Энд өдөрт 8-9 цаг ажиллаад 600 мянган төгрөг авах, Солонгос Улсад хар ажил хийгээд 2-3 сая төгрөгийн цалин авах тэнгэр, газар шиг ялгаатай юм. Бид дээд боловсролтой мэргэжилтнүүдээ харьд алдахгүй байя гэвэл цалин нэмэхээс өөр аргагүй. Боловс­ролын салбарт өнөөдрийн байдлаар яг хэчнээн багш ажилладаг юм бэ?

-Тэгэлгүй яах вэ. Дээд боловсролтой хар ажилчид гэж нэрлэж байна. Арай ч дээ. Ингэж болохгүй биз дээ. Төрийн албанд нийтдээ 180 гаруй мянган багш, ажилчид бий.

Энэ бол төрийн албаны өөрийнх нь бий болгосон бүтэц. Төр өөрөө ажил олгогч.

Өмнө нь 154 мянга байсан бүтэц сонгуулиас сонгуулийн хооронд өссөөр 180 мянгад хүрсэн.

Өөрсдөө бий болгочихоод “Орон тоог нь бууруулна” гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажилласан хүмүүсийн буруугаас биш улс төрийн буруу шийдлээс болж багш нар хохироход хүрчихлээ.

Тэдний олонх нь жирийн багш, ажилчид.

Бүгдээрээ аль нэг сайд, даргын хамаатан, садан биш шүү дээ. Зарим газарт багшийн орон тоо дутагдалтай байгаа нь нууц биш. Нийслэлийн дүүргүүдэд ачаалал их байна гэдэг чинь дутагдал байгаагийн нэг хэлбэр. Багш нарын тоо гэж ярьсан хэрнээ удирдлагуудынхаа тоог огт ярихгүй.

Төр хэтэрхий данхар байна гэдгийг иргэд битгий хэл, УИХ-ын гишүүд бүгд мэднэ. Тэгвэл дарга нарын тоог цөөл л дөө. Үүнийг хэн ч ярихгүй хэрнээ багш нарын тоог цөөлнө гэх юм.

Эмч нарын хувьд ч ялгаагүй. Илүү цагаар ажиллаж байна гэдэг нь орон тоо хүрэлцэхгүй байгааг л харуулсан нэг хэлбэр. 2012 оноос хойш дөрөв дэхь Ерөнхий сайд, тав дахь Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдтай хамтарч ажиллах гэж байна.

Нэг хэлэлцээр хийгээд үр дүн гарах нь дээ гэж бодтол сайд нь солигдчихдог. Ийм л зовлонтой дөрвөн жилийг үдэж байна. Дээр үед “Хоёр төрийн нүүр үзсэн” гэж ярьдаг байсан даа. Гэтэл дөрөвхөн жилийн дотор дөрвөн сайдын нүүрийг Монголчууд үзэж. Ингэхээр төрийн алба яаж явах юм бэ. 

-Хэдхэн хоногийн дараа танай холбооны Их хурал болох гэж байна. Хурлаар ямар асуудлыг голчлон авч хэлэлцэх вэ?

-Холбооны Их хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Дүрмийнхээ дагуу өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ гишүүн байгууллага болон гишүүдээрээ дүгнүүлэхээс гадна ирэх дөрвөн жилийн хөгжлийн чиг бодлогоо тодорхойлох юм.

МҮЭХ-ны 22 дугаар Их хурал энэ жил онцлогтой цаг үед болох гэж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсний 100 жилийн ой тохиосон.

Бид 100 жилийн ойгоо баяр ёслолын гэхээс илүүтэй өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний холбоо яг юу хийсэн юм бэ, МУ-ын бүтээн байгуулалтад ямар үүрэг хүлээсэн юм, цаашлаад олон улсад улс эх орныхоо нэрийг гаргах ямар бодитой зүйл хийсэн юм бэ, гишүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө юу хийсэн юм бэ гэдгийг олон нийтэд таниулах ажил өрнөж байна.

Эндээс үзвэл, Их хурлаар ойрын дөрвөн жил гэлтгүй ирэх 100 жилийнхээ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно гэдэгт найдаж байгаа. Мөн холбооны дүрмэнд тодорхой өөрчлөлт оруулахаас гадна зохион байгуулалтын асуудал яригдана.

Их хуралд нийт 36 гишүүн байгууллагын төлөөлөл оролцоно. 

-Та МҮЭХ-г дөрвөн жил удирдлаа. Хийхээр төлөвлөсөн зүйлээ амжуулж хийж чадав уу. Холбоог хэр сайн удирдсан гэж бодож байна вэ? 

-Хэр сайн удирдсан бэ гэдэгт манай гишүүд дүгнэлт өгөх байх. Ер нь үйлдвэрчний эвлэлийн бүх шийдвэр хамтын шийдвэр байдаг. Энэ утгаараа зөвхөн миний хийж, бүтээсэн зүйл гэж өөрийгөө дөвийлгөж хэзээ ч чадахгүй.

Гишүүдийнхээ итгэлийг хүлээж, олон нийтийн байгууллагыг удирдаж яваа тухайн хүн зохион байгууллалт хийж, удирдах нь том хариуцлага. Сонгогдсноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газартай хамтарч ажиллаж байна гэдгээс ямархуу хүнд хэцүү цаг хугацааг МҮЭХ-ний хамт олон өнгөрүүлсэн болох нь харагдах байх.

Энэ хугацаанд хөдөлмөр, нийгэм зөрчлийн гурван талт хэлэлцээрийг дөрвөн Засгийн газар, Хөдөлмөрийн сайд нартай хэлэлцээрт орж шийдвэрлүүлэхийн төлөө явсан.

Харамсалтай нь, засаг төрийн тогтворгүй байдлаас болж тийм ч хангалттай үр дүн авчирсангүй. Энэ хооронд эдийн засаг огцом унасан.

Тиймээс цалинг нэмэгдүүлж чаддаггүй юм аа гэхэд бууруулахгүй байхын төлөө, гишүүдээ ажилтай байлгахын төлөө өөрөөс болон холбооны зүгээс хамаарах бүхий л зүйлийг хийлээ.

Үүний үр дүнд 2013 онд багш нарын цалинг 15 хувь, эрүүл мэндийн салбарыг жилийн эцсээр нь авч үзвэл 23 хувиар нэмэгдүүлсэн. Бусад төсвөөс цалинждаг салбарын хувьд 17-18 хувь нэмэгдсэн. 2015 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлснээр найман салбарын цалингийн хэмжээ нэмэгдсэн.

Хэдийгээр эдийн засаг уналттай, төсөв хумигдал байгаа энэ үед ийм хэмжээний ажил хийж бүтээсэн нь манай холбоо сайн ажилласны илрэл.

Хоёрдугаарт, хэлэлцээрийн хүрээнд 2013 онд 11 сард нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 370 дугаар тогтоолыг манай холбооноос санаачлан боловсруулсан. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, дэлхий нийтэд нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрээр гишүүдийнхээ эрхийг нь хамгаалах, амьдралынх нь чанарыг сайжруулдаг.

Өөрөөр хэлбэл, аливаа асуудлыг ажил хаялт, тэмцлийн замаар биш нийгмийн түншлэлийн зарчмаар шийддэг болсон гэсэн үг. Энэ түншлэлийн эрхзүйн орчинг бид бүрдүүлж чадсан.

Энэ хүрээнд 2015 онд гэхэд 154 сумын нийгмийн түншлэлийн бүтцийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 154 сум үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй болсон. Мөн бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хүрч ажилласан. Одоогийн байдлаар 36 гишүүн байгуулагын 20 гаруй нь тухайн аймаг, дүүргийн Засаг даргын зөвлөл, салбарын яамны сайдын зөвлөлд орж ажиллаж байна.

Өмнө нь бид гудамжнаас цаас шиддэг байсан бол түншлэлийн эрхзүйн орчинг бий болгож чадснаараа шийдвэр гаргагчдын дунд орж, холбооны гишүүдийн эрхэд сөргөөр нөлөөлөх шийдвэрийнх нь эсрэг дуу хоолойгоо хүргэх боломжтой болсон гэсэн үг юм.

Энэ бол XXI зуунд зайлшгүй хийх ёстой ажил. Үүнийг бид хийж чадснаараа бахархдаг.

Хэдийгээр гудамжны тэмцлээс дэлхий нийтээрээ татгалзаж байгаа ч өнөөдрийг хүртэл манай улсад энэ төрлийн тэмцэл хэр олон болсныг сайн мэднэ.

Түүнчлэн гишүүн байгууллагууд маань дотоод үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээдгүй дорвитой ажил хийсэн.

Бүх аймаг, дүүргийн үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодын хүний нөөцийн бодлого эрс шинэчлэгдсэн.

Өмнө нь үйлдвэрчний эвлэлийн холбоог ахмадын байгууллага мэтээр ойлгодог байлаа. Тэгвэл өнөөдөр нийт гишүүд, ажилчдын олонх нь залуучууд болсон. 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болсныг санаж байгаа байх.

Тэгвэл ач холбогдлоороо яг үүнтэй адилхан “Ази европын хөдөлмөрийн чуулган”-ыг АСЕМ-тай давхцуулж, Монголд анх удаагаа зохион байгуулсан.

Энэ нь Европ, Ази Номхон далайн бүс, олон улсын үйлдвэрчний эвлэл болон хөдөлмөрийн байгууллагын оролцсон дээд хэмжээний арга хэмжээ. Энэ арга хэмжээнээс нэгдүгээрт, Олон улсын хөдөлмөрийн салбарынханд Монгол Улсыг таниулах, хоёрдугаарт, Хөдөлмөрийн чуулганаас гаргасан баримт бичгийг АСЕМ-аас гаргасан бодлогын баримт бичигт тусгаж өгсөн.

Үүгээрээ олон улсын өмнө үйлдвэрчний эвлэлийн болон МУ-ынхаа нэрийг өргөсөн гэж боддог. Энэ мэтчилэн хийж, бүтээсэн зүйлтэй, дөрвөн жил болж өнгөрлөө. 

Сэтгүүлч Г.Нацаг-Эрдэнэ