МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнуудын 27 Элчин сайд, европын ахлах дипломат ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчидтэй МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ сарын 3-ны өдөр уулзлаа.
Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын ард иргэд, жирийн хөдөлмөрчид Европын холбооны Монгол Улстай харилцах харилцааг анхнаасаа тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, МҮЭ-ийн холбооны зүгээс Европын холбооноос Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны зарим асуудлуудыг ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг анхнаас нь дэмжин хамтран ажиллаж ирсэн” -ийг цохон тэмдэглэв.
Европын холбооны төлөөлөгчдийн тэргүүн Элчин сайд Швайсгут “Энэ удаагийн айлчлал маань шинэ Засгийн газар байгуулагдсан, Европын Холбоо өөрийн төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээж байгаа болон түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа цаг үетэй давхцаж байна.
Харилцаагаа шинэ түвшинд хэрхэн гаргах талаар Монгол Улсын Засгийн газрын шинэ удирдлагууд болон нийгмийн түншлэгч талууд, тэр дундаа ҮЭ-ийн байгууллагын удирдлагатай уулзаж харилцан санал солилцож байна.
Улс төрийн хэлэлцээ болон нийгмийн түншлэлийн хамтын ажиллагаа маань шат ахих, мөн бидний түншлэл улам бүр бэхжих бүхий л нөхцөл бүрдэж байна.
Европын Холбоо, Монгол Улс нийтлэг үнэт зүйлс олонтой, хүний эрхийг дээдлэх, хөдөлмөрийн харилцааг бэхжүүлэх, ардчилал, хууль дээдлэх ёс бол бидний харилцааны үндэс суурь билээ” хэмээн хэллээ.