Элчин сайд Усенов Азаматыг хүлээн авч уулзлаа
2017.11.02

Элчин сайд Усенов Азаматыг хүлээн авч уулзлаа

БНКУ-аас МУ-д хавсран суух Элчин сайдаар томилогдон Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад буй ноён Усенов Азамат Эркинбековичийг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Зам тээврийн сайдад баяр хүргэж ажлын амжилт хүсээд “Социализмын үеэс ах дүүгийн найрсаг харилцаатай явж ирсэн  манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарч дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол Киргизийн Засгийн газар хоорондын комиссын 3 дахь хурал ирэх жил Бишкек хотноо болох тул ЗГХК-ын Монгол хэсгийн даргын хувьд эрхэм сайд таныг зохион байгуулалтын ажилд анхаарал хандуулж, дэмжиж өгөхийг хүсье гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.

Ж.Бат-Эрдэнэ сайд хариу талархал илэрхийлээд “Эрхэм элчин сайд таныг Монгол, Киргиз хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хувьд хүн ам, нийгмийн байдал, эдийн засаг, газар нутгийн онцлог гээд адил төстэй зүйл олон бий. Хуучин ЗСБНХУ-тай нэг системтэй байхаас ах дүүгийн найрсаг харилцаа тогтоож ирсэн уламжлал өнөөдөр ч үргэлжилж байна. Ялангуяа зам тээврийн салбарт харилцан туршлага судалж, хамтран ажиллахдаа таатай байх болно. Ирэх онд хуралдах ЗГХК-ын хурлаар олон чухал асуудал хөндөгдөх байх. Авто зам, төмөр замын салбарт бүтээн байгуулалт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярьж байгаад тань талархаж байна. Бидэнд төмөр замаа шинэчлэн сайжруулах, баруун бүсийн 4 аймгаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, эдийн засгийн гол түшиц болсон уул уурхайгаа төмөр замын тээвэр, логистиктэй холбох зэрэг тулгамдаж буй асуудал бий. Өнөөдрөөс Элчин сайд таны ажил эхэлж байна. Цаашдаа бидэнд хамтран ажиллах олон саналууд нээлттэй байна гэдэгт итгэлтэй байна хэмээгээд элчин сайд Усенов Азамат Эркинбековичэд ажлын амжилт хүслээ.