Л.Энхболд: Төсөвт тодотгол хийх байдал үүсэхийг үгүйсгэхгүй
2017.11.10

Л.Энхболд: Төсөвт тодотгол хийх байдал үүсэхийг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавиад байна. Ингэхдээ Төсвийн тухай хуулийн “Төсвийн жилийн дундуур орлого, зарлагыг ихэсгэж, бууруулсан тохиолдолд ирэх жилийн төсөвтөө тусгана” гэдэг заалтыг зөрчсөн гэсэн тайлбар хийсэн. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байна. Төсвийн тухай хуульд 2011 онд төсөв тодотгохтой холбоотой оруулсан өөрчлөлтөөр орлого олсон бол дараа жилийнхээ төсөвт оруулаад явъя гэсэн зарчмыг хэлэлцсэн байдаг юм билээ.

Тэр зарчмыг баримталж явъя гэсэн саналыг хэлж хориг тавьж байна. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлаа харахад цаг үеэ олоогүй хориг тавьчихлаа гэж миний хувьд үзэж байгаа.

Одоо Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Яг энэ хуулийн эгзэгтэй үед нь Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайдад хориг тавьж байсан шүү дээ. Сангийн сайдад тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн УИХ-ын шийдвэр гарахад угсраад 2017 оны төсвийн тодотгол дээр хэсэгчлэн тавьж байсан хоригоо бүхэлд нь болгочихлоо.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг улс төрийн өнцгөөс харахаас өөр аргагүй болж байна. Улстөржиж Сангийн сайдын үйл ажиллагааг гацаах гэж байгаа мэт л дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхийлөгч маань хэтэрхий жижиг юмтай ноцолдоод байна уу даа.

Мөн бүхэл бүтэн том институци ажиллаж байгаа гэхэд Сангийн сайдад тавьсан хориг нь бичиг баримтны хувьд ч эрх зүйн чадамжтай эсэх нь ойлгомжгүй байсан. Хууль хяналт, шүүхийн байгууллагаар байгалийн баялгийг хууль бусаар авч баяжсан 30 гэр бүл гэж тогтоосон юм байхгүй. Гэтэл 30 гэр бүл гэсэн үндэслэл гаргаж ирээд л хориг тавьж байна лээ. 

-Та энэ байр сууриа Байнгын хорооны хурал дээр хэлж байсан санагдаж байна?

-Тийм. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ. Тиймээс үйл ажиллагаандаа аль болох эвлэлдэн нэгдэхэд чиглэсэн зөв зарчмыг барьж ажилах ёстой. Гэтэл одоо илт улс төрийн өнцгөөс харсан зүйл хийгээд эхэллээ.

Уг нь бол Ерөнхийлөгч том бодлогын хүрээнд, макро төвшинд ажиллах учиртай. Өнөөдөр улс орныхоо гадаад харилцааг сайжруулах талаар хийх зүйл байж л байна. Гэтэл төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгоход зориулсан 55 тэрбум төгрөгөөс шалтгаалаад төсвийн тодотгол дээр хориг тавих мэтийн зүйл хийгээд байж байна шүү дээ. 

-Хоригтой холбоотойгоор төрийн сангийн гүйлгээ зогссон гээд байгаа?

-Төсвийн тодотгол дээр бүхэлд нь хориг тавихаар нийгмийн олон үйлчилгээнд саад болчихож байна. Тухайлбал, төсвийн тодотголоор хүүхдийн мөнгө олгоход зориулж 140 тэрбум төгрөг тавьчихсан. “Хүүхдийн мөнгийг өг” гэж Ардчилсан намын өөрсдөө хамгийн их хашгирдаг хүмүүс шүү дээ.

Тэгвэл одоо хүүхдүүдэд өгөх 140 тэрбум төгрөг гацчихлаа. Ихэнх нутгаар цас орчихлоо. Ерөнхийдөө өвөлжилтийн байдал хүндэрч мэдэхээр байна. Гэтэл өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулах 70 тэрбум төгрөгийн асуудал гацаж байгаа.

Мөн үүн дээр нийгэмд сайн, муугаар хэлүүлж байгаа ч төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал хэлбэрээр олгох 55 тэрбум төгрөг ч хүлээлтийн байдалд орчихлоо. Ерөнхийлөгч өөрөө ард иргэдийг өрийн дарамтнаас гаргана гэж гарч ирсэн. Өнөөдөр төсөвт байгууллагад ажиллагсад бараг бүгд банкинд ямар нэгэн байдлаар өртэй байна.

Түүнийгээ төлөхөд нь нэг сар ч гэсэн дэмжлэг болох мөнгө. Нэг удаа урамшуулал өгчихөөд зугтчих гээд байгаа мэт тайлбар хийгээд байх юм. Жаахан чихэр өгч хуурах гэж байна гэх маягаар яриад байгаа. Тийм зүйл байхгүй шүү дээ. Монгол төрийн бодлого үргэлжлээд явна. 

-Төрийн албан хаагч ялангуяа багш, эмч нарт нэг удаагийн урамшуулал олгож байгааг л эсэргүүцэж байна гэж ойлгосон. Цалинг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах боломж байхгүй юу?

-Эхлээд нөхцөл байдлаа дүгнэж, ойлгох хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын эдийн засгийг хэн ингэтэл нь хямраасан билээ гэдгийг ч бодох хэрэгтэй. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих эрхтэй болсон нөхдүүд ямар нөхцөл байдалтай улс орныг хүлээж авсан билээ.

Эдийн засгийн хүнд нөхцлөөс гарахын тулд Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг сонгохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Тэр хөтөлбөрт орсныхоо хувьд өнөөдөр олон улсын хэмжээнд итгэлцэл тодорхой хэмжээгээр сэргэж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд ОУВС-тай хийсэн гэрээ бий. Үүнийг бүгдээрээ мэдэх байх.

Түүн дээр цалин урамшуулал, орон тоо нэмэгдүүлэх асуудлыг хориглоод заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Энэ гэрээгээ зөрчихгүйгээр багш, эмч нарын цалинд дэмжлэг үзүүлэх аргыг л Засгийн газар эрэлхийлсэн.

Нэг үгээр ОУВС-гийн гэрээтэйгээ уялдуулаад урамшууллын системээр хоёр жил торгоож байгаа юм. Цаашид 2019 оноос санхүү, эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхээр цалинг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Мөн ОУВС-тай хийсэн гэрээний хугацааг заавал тулгах гэж хүлээлгүй наашлуулах бодол санаатай явж байгаа шүү дээ.

Нөхцөл байдал нь үүсэх юм бол цалинг нэмээд явна гэдэг бол эргэлзээгүй зүйл. Бид үнэхээр л эдийн засгаа сайжруулъя гэвэл олон улсын хэмжээнд байгуулсан гэрээнийхээ хүрээнд л ажиллах ёстой. Энэ зарчмаа барихаар л улс төр хийгээд хориг тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл, ОУВС-гаас гарах эсвэл ОУВС-тай эргэн ярилцах бололцоо цаг хугацааг өгөх ёстой. Тийм хугацаа өгөөд үнэхээр цалингаа нэмэх боломж нь нээгдээд ирчих юм бол асуудлыг шийдэх ёстой.

-Ерөнхийлөгч илүү том макро төвшинд ажиллах ёстой гэж хэлснээ тодруулахгүй юу? 

-Жишээ нь, Өмнөговь аймгийн Гашуун сухайтын хилийн боомт дээр одоо ачааны машинууд 100 гаруй км түгжирчихсэн байж байна. Тэд зүгээр зугаалж яваа хүмүүс биш шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө ч зэс, нүүрсний үнэ, түүний буянаар Монгол Улсын эдийн засаг сэргэлээ гээд яриад байгаа. Тэгвэл Гашуун сухайт дээр нүүрс зөөж байгаа машинууд л цувраад зогсож байгаа юм.

Энэ асуудалд анхаарлаа хандуулж шийдэх ёстой хүмүүсийн нэг бол Ерөнхийлөгч.

 Засгийн газар хил боомтын нэвтрэх асуудлыг цэгцлэхийн төлөө ажиллаж байна. Үүн дээр Ерөнхийлөгч гадаад харилцааны асуудлаа ярилцаж дэмжлэг үзүүлэх бололцоо бий. Ер нь цаашид хоёр хөршдөө чиглэсэн гадаад бодлогодоо Ерөнхийлөгч ямар байр сууринаас хандах юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.

Нүүрсний машинуудын нэвтрэлт буурснаар төрийн албан хаагчдад урамшуулал олгох 55 тэрбум төгрөг байтугай алдагдал хүлээнэ. Ямар ч дараалалгүй, хурдтай гарч байвал эдийн засаг ч төдий хэрээр сэргэнэ.

Эдийн засаг хурдан сэргэвэл эргээд 55 тэрбум төгрөг урамшуулал хэлбэрээр өгөх биш цалин нэмээд явах бололцоо бүрдэнэ шүү дээ. Харин энэ мэтээрээ байвал 55 тэрбум төгрөгийн урамшуулал ч байхгүй болох магадлалтай. 

-Өмнөговийн Гашуун сухайтын боомтоор Хятадын тал дөрвөн хаалгаар Монголын нүүрс, бүтээгдэхүүнийг оруулдаг байснаа хоёр болгосон. Үүнээс үүдэж нүүрсний ачааны машины урт дараалал үүсээд байгаа. Гашуун сухайтын боомтын ажилтнуудад Хятадын талаас Өвөрмонголын ойн баяр дараа нь Хятадын Коммунист намын их хуралтай холбогдуулан хяналтаа чангатгаж байгаа гэж тайлбарласан гэсэн. Харин нутгийн иргэд, жолооч нар Ерөнхийлөгч сонгуулийн үеэр ярьсан зүйл Хятадад таалагдаагүй болохоор ингэж байна гэдэг зүйлийг хэлж байна лээ. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Би бас ард түмний нэг шүү дээ. Бусдын жишгээр тэгж хардах хандлага бол байгаа. Мөн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэдэг үндэслэлээрээ тодорхой төвшний хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч байна.

Одоо хамгийн гол нь гадаад бодлогынхоо хүрээнд хоёр хөрштэйгөө ажиллах хэрэгтэй.

Гадаад бодлогоо Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын бүгд өөр төвшинд аваачихгүй бол асуудал явахгүй байна гэдэг нь бол тодорхой.

Тийм учраас хэн хурдтай, эрмэлзэлтэй ажиллана төдий чинээ ажил явж, асуудал байхгүй болно. Өөрийн тань нэрлэсэн шиг Хятадад ямар нэгэн баяр наадам, хурлаас болоод Монголын нүүрсийг бага багаар оруулж байна гэвэл худлаа. Энэ бол зүгээр шалтаг. Шалтгаан нь тэс өөр нөхцөл байдал байгаа. Үүнийг л бид олж харах ёстой. 

-Шалтгаан нь?

-Гадаад бодлогоо сайжруулах л байгаа шүү дээ. 

-УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оныхоо төсвийг батлах ёстой. Төсөв хэлэлцэхийн өмнө болоод дундуур нь хоёр ч хориг орж ирлээ. Одоо таван өдөр л үлдээд байна. Ийм богино хугацаанд төсвийн хэлэлцүүлгийг хийхэд алдаа мадаг гарна. Улмаар төсвийн тодотгол хийх шаардлага үүснэ гэж зарим гишүүд шүүмжилж байгаа?

-Хориг болоод бусад хүчин зүйлстэй холбоотойгоор цаг хугацаа нэлээд шахуу болчихлоо. Тиймээс 2018 оны төсвийг чамбай болно гэж харахгүй л байна. Төсөвт тодотгол хийх байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.

Одоо арваннэгдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаандаа багтах ёстой. Хэдий цаг хугацааны хувьд шахуу байгаа ч хэлэлцүүлэг талдаа орж байна. Тиймээс идэвхтэй ажиллавал энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцээд бараг болчих байх. 

-Төсвийн төсөл дээр орлого, зарлагын зөрүү хоёр их наяд гаруй төгрөгийн зөрүүтэй байсан. Яагаад ийм их алдагдалтай байна вэ?

-2.7 их наядын алдагтайгаар л төсвөө батлах гэж байна. Энэ алдагдлыг бууруулах ёстой. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг харахад хэцүү. Он гарангуут бид “Чингис”, “Димсан” бондын 660 сая ам.долларын төлбөрийг хийнэ. Үүнийг төлөхтэй холбоотойгоор алдагдалтай батлагдаж таарах нь. Магадгүй экспорт сайжраад, дэлхийн зах зээл дээр газрын баялаг, түүхий эдийн үнэ хэвийн үргэлжлэх юм бол алдагдал багасах байх гэж бодож байна. 

-Зарлага арай их байгаа юм биш үү?

-Ажлаа явуулах төвшиндөө л байгаа. 

-Татварын орлого ихэссэн байсан?

-Татварын орлого хадгаламжийн хүүгийн, хүн амын орлогын албан татвар гээд нөгөө хэл амтай явсан долоон татварын өөрчлөлтийн дагуу нэмэгдэж, тодорхой төвшинд өсч байгаа. 

-Төсвийн төсөл хэр чамбай болсон гэж байна вэ. Сургууль цэцэрлэгт нэлээд анхаарсан байна лээ?

-Төсвийн хувьд Сангийн яам аль болох боломжийн хэрээрээ оруулж ирж байна. Сангийн сайд юуг дэмжсэн бодлого баримталж байна гэвэл нийгмийн салбар буюу цэцэрлэг, сургуулийг бүрэн хэмжээнд шийдье гээд явж байгаа. Мөн гацчихсан дуусгаагүй барилгууд байгаа шүү дээ. Энэ асуудлуудыг бүрэн шийдвэрлэе. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг оруулж ирье гээд явж байгаа. 

-Жижиг дунд үйлдвэрийн сангийн 72.4 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “гишүүдийн мөнгө” гээд хасчихсан санагдаж байна?

-Төсвийн тодотголын үеэр Жижиг дунд үйлдвэрийн сангийн 72 орчим тэрбум төгрөгийг гишүүдийн мөнгө гэсэн байдлаар буруу ойлгоод явчихсан. Эргээд сэргэж орж ирэх байх. Тэр мөнгө бол манай намын мөрийн хөтөлбөрт туссан 21:100 гэсэн үйлдвэрүүдийг дэмжих зорилготой хөрөнгө шүү дээ.

Тэгэхээр төсвийн төслийг ажлын байрыг нэмэгдүүлэх нөгөө талдаа нийгмийн салбарын асуудал буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хангамжийг сайжруулах чиглэлээр орж ирлээ гэж харж байгаа.

Сэтгүүлч Ж.Баярсайхан