Х.Баттулга: Монголчууд нэгдэж чадвал агуу улсыг бий болгож болно
2017.11.22

Х.Баттулга: Монголчууд нэгдэж чадвал агуу улсыг бий болгож болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын “Forbes” сэтгүүлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.  Түүний Forbes сэтгүүлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Халтмаагийн Баттулга нь 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө дүрслэх урлагийн сургуульд элсэв. 1982 онд Х.Баттулга зураачдын холбоонд ажиллаж байв. Харин 1979-1990 он хүртэл  самбо бөхийн төрөлд Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байлаа. 

Х.Баттулга нь 1983 онд Украины Киев хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алтан медаль хүртэж байсан түүхтэй. Харин 1986 болон 1990 онд тэрбээр мөнгөн медаль хүртсэн юм. 2004 онд Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байв. 

2017 оны долдугаар сарын 7-нд Х.Баттулга нь УИХ-д цөөнх болсон Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулав.  Х.Баттулга нь хоёр удаа гэрлэж байсан. Түүний гэргий Анжелика Даваин хэмээх орос бүсгүй байдаг ажээ. 

СПОРТ

-Сайн байна уу. Юуны өмнө, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Та бол самбо бөхийн дэлхийн аварга. Иймээс ярилцлагаа спортын салбараас эхэлье. Та хамгийн дуртай спортын төрлөө нэрлэхгүй юу?

-Мэдээж, бөх. Тэр дундаа жүдо. 

-Тулааны урлагийн ямар философи танд ойр байдаг вэ?

-Бөх хүн өөрийн гэсэн философтой. Надад Монголын үндэсний бөхийн барилдаан болон жүдогийн үзэл санаа ойр байдаг. Энэ спортод нийтлэг зүйл их бий, гэхдээ ялгаатай зүйл ч бий. Үндэсний бөхийн барилдаан нь жүдотой адил уламжлал, ахмад настан, дасгалжуулагч нараа хүндэтгэхэд тус дэмтэй. Мөн бөхчүүд спортын салбар болон амьдрал дээр биеэ зөв авч явж сурдаг. Монголын үндэсний бөхийн барилдааны мэхэд гар хөлийн хөдөлгөөнийг хязгаарладаггүй. Харин жүдо бөхөд гар гарынхаа эсрэг, хөл хөлийнхөө эсрэг мэх хийх шаардлагатай байдаг. Жүдогийн хатуу дэглэм хүнийг сахилга баттай болгодог. 

-Спорт, улс төр эсвэл бизнесийн салбарт таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн гэж боддог бэ?

-Улс төрд мэдээж, миний өрсөлдөгчид.

-Та өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдчилан таамаглах чадвартай юу?

-Бөх хүн бүр өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдчилан таамаглах чадвартай байх ёстой. Улмаар түүндээ тохирсон хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь тамирчин хүнийг ялалтад хүргэх гол арга. Спортын дадал, зуршил үргэлж ашигтай байдаг. Тэр дундаа улс төрд маш их хэрэгтэй. Гэхдээ улс төр бол мэдээж хэцүү. Бөхийн барилдаанд би нэг хүнийг үйлдлийг урьдчилан таамаглаж чадна. Харин улс төрд маш олон тоглогч бий шүү дээ.

-Тамирчин хүний зөн билэг Монгол Улсын хөгжлийн ирээдүйг төсөөлөхөд тусалдаг уу?

-Магадгүй ээ. Гэхдээ амьдралаа спорттой нягт холбох эсвэл улс төрийн карьераа спортын нэр томьёогоор тайлбарлах шаардлагагүй. Миний улс төрд орсон гол шалтгаан бол би эх орныхоо ирээдүйг бүтээлцэхэд өөрийн хувь нэмрээ оруулах л гэсэн юм. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХАМГИЙН ХҮНД БАЙЛАА

-Өнөөдрийн Монгол Улсыг хэрхэн харж байна вэ? Сул болон давуу талыг нь тодорхойлвол?

-Монгол Улсад маш олон сул тал бий гэдгийг би ойлгож байна. Гэхдээ бид тэрхүү сул талыг нь давуу тал болгох боломжтой. Монголын эдийн засаг хямралтай байна гэж хүн бүр ярьж байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос хараат. Гэхдээ энэ бол түр зуурыг үзэгдэл.

Хүмүүс улстөрчдийг алдаатай бодлого хэрэгжүүлж байгааг ойлгож эхэлж байна. Гэхдээ бидэнд алдаагаа залруулах боломж бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр би улс эх орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Иймээс өөрийн багтайгаа хамтран тэрхүү мөрийн хөтөлбөрөө хэрэжүүлж эхэллээ. Бид Монгол Улсын сул талыг давуу тал болгохын төлөө ажиллах болно.

-Монгол Улсад ямар бизнесийг та тэргүүлэх чиглэл гэж харж байна вэ?

-Орос-Монголын хамтарсан уулыг баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэр бол хоёр улсын хамтын ажиллагааны тод илрэл байсан. 'Эрдэнэт' үйлдвэрийн туршлага бидэнд бүтээгдэхүүнээ боловсруулах боломжтой гэдгийг харуулсан.

-Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоог юу гэж харж байна бэ?

-Бид хөдөө аж ахуйн салбартаа чухал ач холбогдол өгч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувийг хөдөө, аж ахуйн салбар эзэлж байна. Энэ салбарт хүн амын 42 хувь нь ажиллаж байна. Энэ тоон үзүүлэлт бол гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд томоохон үзүүлэлт.

Жил бүр бид 10 сая арьс шир ялган авч байна. Гэхдээ энэ бол хангалттай биш. Хэрвээ бид арьс шир боловсруулах үйлдвэртэй болвол бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой болно. 

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа та 'Монгол ялна' гэсэн уриаг дэвшүүлсэн. Энэ нь ямар утга агуулж байна вэ?

-Миний мөрийн хөтөлбөрийн товч агуулга монголчуудыг эх орондоо сэтгэл ханамжтай, сайхан амьдруулах, ядуурлыг бууруулахад оршино. Мэдээж, хүндрэл, бэрхшээл тохиолдоно. Үүнийг үгүйсгэхгүй. 

-Та өрсөлдөгч нараасаа юугаараа ялгарч чадсан бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө би намын дарга, Засгийн газрын сайд гэдэг утгаар бус энгийн иргэний үүднээс оролцсон. Энэ миний давуу тал байсан болов уу.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр юунд илүү ач холбогдол өгөв?

-Харамсалтай нь, Монгол Улс төрийн бодлогодоо үндэсний ашиг сонирхлыг харгалзан үздэггүй. Хүн амын хөгжил, шударга ёсыг хангахад төвлөрч ажиллах ёстой гэдэг асуудалд сонгогчдын анхаарлыг төвлөрүүлэхийг хичээсэн.

-Сонгуулийн кампанит ажлын үеэр таныг гайхшруулсан зүйл бий юу. Нууц биш бол сонирхолтой түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

-Та нар лав надад итгэхгүй байх. Гэхдээ би 12 өдрийн дотор Монгол Улсын 21 аймаг, гурван хотоор явж, сонгогчтойгоо уулзсан. Машинаар Монгол орноо бүтэн тойрлоо. 

-АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хувьд их сургуулийн зуун жилийн түүхтэй Harvard Law Review сэтгүүлийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь маш хэцүү байсан гэж ярьдаг юм байна лээ. Таны хувьд хамгийн хэцүү, хүнд байсан сонгуулиа нэрлэхгүй юу?

-Тэгэлгүй яахав. Ерөнхийлөгчийн сонгууль хамгийн хэцүү хүнд байлаа. Учир нь, Засгийн эрх барьж буй МАН бүх хэвлэл мэдээллийг атгаж байсан. Монголын хэвлэл мэдээллийн 90 хувь нь миний өрсөлдөгчийн сурталчилгааг бүхэлд нь хийж байлаа. Иймээс ард түмэнтэйгээ хэвлэл мэдээллээр дамжуулж, уулзах тун ховор байв. Мөн надтай хамтарсан ажилласан телевизийн лицензийг хураана гэж эрх барьж буй нам сүрдүүлсэн байсан.

Гэхдээ би бууж өгөөгүй. Орчин үеийн технологи, ухаалаг утасны тусламжтайгаар сошиал медиаг ашиглан, Facebook live-р сонгогчтойгоо харилцаж эхэлсэн. Энэ нь зурагтаар сурталчилгаа хийхээс илүү үр дүнтэй байв. Үүнээс гадна, мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Асашоёрю намайг дэмжсэн. Тэр Аса явуулын станц ажиллуулж, намайг дэмжсэн шүү. 

-Өөрөөр хэлбэл, Трампын адил хүн бүр таныг таньдаг байсан хэрэг үү. Олон нийтийн анхаарлын төвд байх нь танд тус болсон хэрэг үү?

-Орчин үеийн технологи, ухаалаг утасны тусламжтайгаар олон нийтийн анхаарлыг төвд байх нь их амархан.

-Монгол Улсыг та дахин агуу улс болгож чадна гэж боддог уу?

-Дахин сэргэн мандахын тулд бидний өвөг дээдсийн хүч чадал юунд оршиж байсныг эргэн санах хэрэгтэй. Агуу зорилгын төлөө монголчууд нэгдэж чадвал агуу улсыг бий болгож болно. Учир нь, монголчууд Чингисийн удам шүү дээ.  Монгол Улс эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд нэг зорилго дор нэгдэх хэрэгтэй. Ингэсэн цагт би агуу эзэнт гүрэн биш юмаа гэхэд эдийн засгийн хараат бус, бие даасан улсыг цогцлоох бүрэн боломжтой. 

Би оросын эрдэмтэн Лев Гумилевын онолыг ишлэл авья. Хэрвээ Монгол улс  өрийн эдийн засгийн хараат бус байдлаа бэхжүүлэхийн тулд, мөн нэг зорилгодоо хүрэхийн тулд ард түмнээ нэгтгэж чадна. Ингэсэн цагт бид агуу эзэнт гүрэн биш юмаа гэхэд бие даасан улс болох бүрэн боломжтой. Бид баялаг, агуу түүх, уламжлалтай. Энэ нь шинэ эзэнт гүрэн бий болгоно гэсэн үг биш. Бид цаг үеэ дагаж хөгжих нь чухал.  Би Монголоо ард түмэн нь аз жаргалтай, нийгэм нь хөгжингүй, эдийн засаг нь бие даасан улс байгаасай гэж хүсдэг. Бидэнд амьдралаа дээшлүүлэх хангалттай байгалийн баялаг, уламжлал, хариуцлагатай нийгэм байна. 

Монгол Улсын дэлхийн ноолуурын хэрэгцээний 30 хувийг үйлдвэрлэж байна. Гэхдээ энэ хангалттай гэсэн үг биш. Бид зэсийн нөөцөөрөө дэлхийд нөлөө үзүүлэх боломжтой. Мөн бид дэлхийд газрын ховор элемент, ураны зах зээлд идэвхтэй тоглогч болох бололцоо байна. Гэхдээ бидний өмнө тулгамдаж байгаа асуудал бол боловсруулах үйлдвэр. 

Гажуудсан ардчилалаас үүдэлтэйгээр монголчууд олон жилийн үр дүнгүй улс төрийн намаас  залхаж байна. Иргэдийн итгэл, найдвар алдарлаа. Шийдвэртэй, бодит үр дүнтэй бодлого үгүйлэгдэж байна.

-Сонгуулийн үеэр та гадаадын хөрөнгө оруулалт болон технологийг Монголдоо татах тухай ярьсан. Гадны хөрөнгө оруулалтаас монголчууд их хувь хүртэх ёстой гэсэн хандлагын төлөө та тэмцэх үү. Монголчууд хэрхэн ашиг хүртэх ёстой вэ? Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар бодлогыг баримталж байна?

-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй ханддаг. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл, бид улс төрийн тогтвортой байдлыг хангах ёстой гэсэн үг. Хамгийн гол хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаа, шударга ёсыг эрхэмлэх ёстой. Энэ бол бидний зарчим.

Ажлын байр бий болгож буй монголчуудад үр өгөөжтэй, экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг би үргэлж дэмждэг. Гэхдээ би алт олборлолтын салбарт гадаадын хөрөнгө оруулагчид лиценз эзэмшихийн эсрэг зогсдог. Алт бол валютын нөөцийг илэрхийлэх, онцгой бүтээгдэхүүн гэдэг утгаар би энэ салбарт онцгой бодлого баримтална. Өөр сонголт бидэнд байхгүй. 

-Та Владивостокод зохион байгуулагдсан 'Дорнын эдийн засгийн чуулга'-нд оролцсон.  Чуулганд үеэр ямар хэлэлцээрүүдийг хийж чадав?

-Миний гадаад дахь анхны айлчлал Алс Дорнодоос эхэлсэн. Би 'Дорнын эдийн засгийн чуулга'-нд оролцлоо. Бидний нислэг Улаанбаатараас Владивосток хүртэл гурав хүрэхгүй цаг үргэлжилсэн. Энэ нь Алс Дорнод бол Монголчуудын хувьд хол биш гэсэн үг юм. Энэ баримтад тулгуурлан миний бие  энэ бүс нутагт хамтын ажиллагаа хөгжүүлэхийг  эрмэлзэж байна. 

Би ОХУ, БНСУ-ын төрийн тэргүүн болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийсэн. Бидэнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх маш их боломж байгааг би олж харсан. Ерөнхийлөгч Владимир Путин үүнд чухал ач холбогдол өглөө. Тодруулбал, тэр илтгэлдээ миний хэлсэн үгэнд акцент өгч байсан.

-Ямар төслийг хөгжүүлэхийг сонирхож байна вэ?

-Монгол Улсад далайд гарцгүй орон. Гэхдээ ашигт малтмалаар баялаг. Бид өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлох зам хайж байна. Ази номхон далайн улсын хувьд бид Приморский крайн Восточный боомтыг сонирхож байна. Энэ бол далайд гарцтай болох гарц бөгөөд бүс нутгийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж олдож байна гэсэн үг юм.

-Монгол, Оросын харилцааны хөгжлийн замд ямар саад тотгор байна гэж та харж байна бэ?

-Бидний дунд түр хугацааны зөрчил байсан нь үнэн. Гэхдээ бид асуудлыг шийдэж чадна гэж бодож байна. 2014 онд Монгол Оросын иргэд харилцан визгүй зорчдог болсон Заримдаа хоёр тал тохиролцосн хэлэлцээрээ биелүүлэхгүй байгаа үед улс төрийн үйл ойлголцол ажиглагддаг.

-Монгол Улс авторитар дэглэмтэй хоёр улсын дунд оршиж байна. Хэрхэн богино хугацаанд ардчилалын замыг сонгож чадсан бэ?

-ЗХУ задарсны дараа түүнд харьяагдаж байсан улсууд ардчиллын замыг сонгосон. Гэдээ Төв азийн улсууд үүний гадна үлдсэн байдаг. Энэ нь бидний соёл, уламжлалын онцлогтой холбоотой гэж боддог. Монголчууд дүр төрхийн хувьд Азиудтай төстэй. Гэхдээ бид Азийн бусад үндэстнээс ялгардаг. Европчуудаас мөн адил ялгардаг. Гэхдээ бидэнд европ соёл илүү давамгайлсан гэж боддог.

-Монгол Улсын газар зүйн ашигтай байрлалтай орон шүү дээ?

-Тиймээ, Бидний өвөг дээд урьдаас газарзүйн ашигтай байрлалыг тооцоолсон байх гэж боддог. Ялангуяа, бид хоёр том гүрний дунд оршиж байна. Энэ нь аюулгүй байдал талаасаа маш тааламжтай гэж хэлж болно. Иймээс бид өнөөдөр ардчилалын тухай нээлттэй, чөлөөтэй ярьж чадаж байна. 

УЛС ТӨР УЛС ТӨРӨӨРӨӨ ҮЛДЭНЭ

-Монгол Улсын хувьд Хятад ашигтай хөрш мөн үү?

-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл БНХАУ бол Монгол Улсын худалдааны том түнш орон болж байна. Цаашид ч байх болно. Энэ нь хоёр улсын хувьд ашигтай байж болно. Гол нь, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх нь чухал. 

-Ардчилал авторитар дэгдэлмтэй улсын эдийн засгаас хамааралтай байх боломжтой юу. Үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэх боломжтой юу?

-Хоёр улсын улс төрийн системийн ялгаа хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй гэж бодож байна. Гадны улс бидний дотоод хэрэгт оролцохыг бид хатуу хориглодог бөгөөд  улс төрд гадны нөлөөг оруулахгүй гэсэн зарчим баримталдаг. Эдийн засаг эдийн засгаараа л байх болно. Харин улс төр улс төрөөрөө үлдэнэ. Монгол Улсын гадаад худалдаанд БНХАУ онцгой байр суурь эзэлнэ гэдэгт муу зүйл байхгүй гэж харж байна. Монгол Улс гадаад худалдааны харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй.

-Та Монгол Улсын эдийн засаг дахь  Хятадын нөлөөг хязгаарлахыг хүсдэг үү?

-Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Монгол Улсын гадаад бодлогод өөрлөлт орохгүй. Бид нэг цонхны бодлогоо тууштай баримтална. Бид БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хумихын төлөө бу, тэнцвэртэй байдлыг хангах чиглэлд бодлого баримталж байна. Энэ нь БНХАУ-аас гадна бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлнэ гэсэн үг юм. 

-ОХУ эдийн засгаа төрөлжүүлэх асуудлыг шийдэхийг хичээж байна. Та Монгол улсад энэ чиглэлээр юу хийж байна вэ?

-Эдийн засгийн хувьд бид адилхан нөхцөл байдалд байгаа юм байна. Бид ч гэсэн эдийн засгаа төрөлжүүлэхээр хичээж байна. Орчин үеийн Монгол улс 1921 оноос эхлэн оросын тоног төхөөрөмжийн тусламжтай, зөвлөлтийн ганц зах зээлд тулгуурлан хөгжсөн. Иймээс бидэнд энэ чиглэлд адилхан зүйл их байна гэж харж байна. 

УБТЗ БОЛ БИДНИЙ НАЙРАМДЛЫН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛСЭН

-ОХУ бол Монгол Улсын хувьд нүүрс, алт, зэс зэрэг түүхий эдийн экспортын шууд өрсөлдөгч. Монгол Оросын харилцан ашигтай хамтын ажиллагаа юунд оршиж байна гэж харж байна вэ?

-Экспортын бараа бүтээгдэхүүн адилхан гэдэг үүднээс өрсөлдөөний талаар ярих нь ашиггүй. Орос Монгол хоёулаа нийлээд дэлхийн хэрэгцээг хангаж чадахгүй. Иймээс өрсөлдөх бус, худалдааны тодорхой салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх нь чухал.

-Сүүлийн жилүүдэд Оросын эдийн засаг, соёлын нөлөө Монгол Улсад эрс буурч байна. Монгол Улс азийн орнууд эсвэл АНУ-д илүү анхаарч байна уу?

-Хөршүүдийг сонгодоггүй гэж ярьдаг шүү дээ. Орос болон Хятад манай мөнхийн хөрш. Бид худалдаа, эдийн засаг, соёл зэрэг бүх салбарт ойлголцож, иж бүрэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна.

Мэдээж, хөрш орнууд Монголын гадаад бодлогод чухал ач холбогдолтой. Гэхдээ гуравдагч хөршүүд бидний харилцаанд мөн адил чухал үүрэг гүйцэтгэж байна. Тусгаар тогтносон улсынхаа хувьд бид ашиг сонирхол нэгтэй ямар ч улстай хамтын ажиллагаа өргөжүүлэхийг тэмүүлж байна. Мөн бид бүс нутгийн улсуудтай бүтээлч, ажил хэрэгч харилцаатай байх бүх боломжийг ашиглана. 

-Монгол Улсад Оросын ямар нэгэн үйлдвэр үлдсэн үү? Жишээлбэл, ашигт малтмал олборлодог үйлдвэр байна уу?

-Монгол Улсын уул уурхайн салбар хөрөнгө оруулалт татах үүднээс Орос төдийгүй гадна хөрөнгө оруулагч нарт нээлттэй хандаж байгаа. Бид Оросын уул уурхайн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан арвин туршлагатай. 

-Оросын хувь нийлүүлсэн цор ганц нийгэмлэг бол Улаанбаатар төмөр зам. Энэ нь бага биш гэж үү?

-Тийм ээ. Хэд хэдэн өөрчлөлтийн дараа Орос-Монголын хамтарсан нийгэмлэг гэвэл Улаанбаатар төмөр зам л үлдсэн. Энэ төмөр зам бидний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн гэж хэлж болно. Монголчууд үүнийг найрамдлын зам гэж нэрлэгдэг. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам техникийн хувьд эрс шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарчээ. Үүнд ойролцоогоор 100 тэрбум рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ хөрөнгөөр эхний ээлжинд 467 км үндсэн замын засвар, Салхит-Эрдэнэтийн 165 км хэсгийн засвар, Эмээлт-Хөөт болон Хонхор хэсэгт 25 км радиусыг тэгшитгэх зэрэг засварын ажил хийх шаардлагатай байна.

Улаанбаатар төмөр замын шинэчлэл гацаж буйтай холбоотойгоор ачаа тээвэрлэл тасалдаж, хүчин чадал нь ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Иймээс бид ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон цор ганц коридороо бэхжүүлэх нэн шаардлагатай байна. 

ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫГ БОДВОЛ БИ МАШ ИХ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ

-Та өөрийн зургаа борлуулж анхны хөрөнгө босгож байсан гэдэг. Тэр ямар зураг байв?

-Тэр мөнгө бол миний анхны хөлс биш. Гэхдээ гадаад валютаар тооцвол анхны гэж хэлж болох юм. Би жуулчдад зургаа борлуулсан. 

-Одоо таны өмчид байдаг 'Баянгол' зочид буудлын ойролцоо та анхны зургаа зарсан байдаг.  Зураг тань хэдэн ам.долларт хүрсэн бэ?

-1980-аад он үе байсан шиг санагдаж байна. Зураг ойролцоогоор таван ам.долларт хүрсэн.

-Таны хувьд зураг зарах нь хэцүү юу, зочид буудал удирдах нь  хэцүү юу?

-Зочид буудлыг удирдах тийм ч хэцүү бишээ. Харин махны үйлдвэр удирдана гэдэг маш хэцүү шүү. Тухайн үед Монгол Улсын хувьд шилжилтийн үе байлаа. Хүмүүс цалингүй ажиллаж байсан. 

-Өнөөдөр та улс эх орноо удирдаж байна. Хажуугаар нь бизнесээ удирдаж байна уу?

-Монгол Улсын хуулиар энэ нь хориотой. Иймээс би бизнесийн салбараас холдсон. Гэхдээ би Монгол Улсад олон шинэ үйлдвэр бий болж, ард түмэн нь сэтгэл ханамжтай амьдраасай гэж хүсэж байна. Ингэж л эх орноо удирдахсан гэж хүсдэг. 

-Улс орныг үр дүнтэй удирдах таны гол нууц юу бэ?

-Хамгийн гол нь хулгай хийхгүй байх. Би уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засагтай улс орны туршлагыг судалсан. Иймээс тэрхүү туршлагад тулгуурлан ажиллах болно. 

-Та хэзээ өөрийгөө Ерөнхийлөгч болох ёстой гэж мэдэрсэн бэ?

-Би Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нартай бүгдтэй нь найз.  Тэдгээр хүмүүстэй би өөрийгөө харьцуулж үзсэн. Тэднийг бодвол би маш их бүтээлч сэтгэлгээтэй. Үүнээс гадна, би аж ахуйч, бизнес эрхэлж байсан туршлагатай. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар бүгд улс төрийн туршлагатай хүмүүс. Харин би томоохон бизнес эрхэлж байсан туршлагатай. Иймээс би асуудлыг шийдэх өөр гарцыг харж чадна. Үүнийгээ би ойлгосон цагаас эхэлсэн Ерөнхийлөгч болохоор шийдсэн.