О.Баасанхүү: Эрдэнэтийн 49 хувь гэж дуугарсныхаа төлөө намдаа адлагдаж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдөр МАХН-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал зарлаж таныг МАХН-ын гишүүнээс хасах тухай асуудлыг ярилаа шүү дээ?
-Намын Их хурлаас айж ингэж байгаа юм. Намайг намаас хөөх шалтгаандаа хэд хэдэн асуудал нэрлэж л дээ. Тухайлбал С.Ганбаатарын эсрэг ажилласан гэсэн байна. Би С.Ганбаатарын эсрэг ажиллаагүй. Хэрвээ би эсрэг байсан юм бол өөр намд орчих л байсан. Шүүмжлэх асуудлаа би хэлж, шүүмжлэхгүй яах юм бэ. Зарчим ярьсныхаа төлөө намаасаа хөөгдөх болж байна уу.
Хэрвээ би МАХН-аас гарсан бол Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадахгүй болчих гээд байсан юм.
Мөн МАХН-ын Их хурлын тогтоол батлахдаа буруу тогтоол оруулж ирсэн. Нөгөөтэйгүүр Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өг гэж хэлснийхээ төлөө бас буруудаж байгаа юм биш үү. Өнөөдөр би ганцаараа орилоод энэ хувийг ард түмэнд өгүүлж чадахгүй шүү дээ. Хэн чадах вэ гэхээр МАН-ын 65 л чадна. Ингэж дуугарсныхаа төлөө өнөөдөр намдаа адлагдаж байна.
-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлсөн гэх асуудлыг бас дурьдсан байсан?
-Би Б.Хурцын асуудлаар хийх “Томилгооны сонсгол” гэдгийг “Нийтийн эрх ашгийн сонсгол” гэж солиод бичих хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө Ж.Батзанданд доромжлуулсан. Н.Энхбаяр дарга, Ж.Батзандан, С.Ганбаатар нар чинь 7 дугаар сарын 1-ээс хойш сайн найзууд болсон шүү дээ. Тийм болохоор эд нар МАХН-ыг зориуд хүчгүй болгож хувийн нам болгож байна гэж би бодож байна. Ямар ч хамаагүй хэрүүлийг надад нялзайгаад байгааг гайхаж байна.
Би ард түмний нэг хэсгийг төлөөлж УИХ-д суучихаад Б.Хурц Англи руу явуулж хүн баривчлуулсан гэдгийг сонсчихоод эвлэрээд дуугүй суух байсан юм уу. Англид хоригдож байхад нь Н.Энхбаяр дарга өөрөө Б.Хурцтай уулзана гээд явсан шүү дээ. Тэрийг хүмүүс мартчихсан л байх л даа. Төрийн тусгай албаны тухай ярьж байхад би дуугарахгүй яах юм бэ. Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд өгөх ёстой гэдэг асуудлыг сөхсөнийх нь төлөө Б.Хурцад одон өгөх ч багадна.
-МАХН-ын Их хурал хэзээ юм бэ. Таныг намын гишүүнчлэлээс гаргах эсэхийг Их хурлаараа шийдэх ёстой биш юм уу?
-Энэ асуудлыг намын Их хурлаараа шийдэх ёстой. Түүнээс биш зүгээр нэг хэвлэлийн хурал хийгээд намайг намын гишүүнчлэлээх гаргачихна гэж байхгүй л дээ. Намын Их хурал ирэх сарын 9-ний өдөр болно.
МАХН чинь нам л юм бол дүрэм, журамтай байх ёстой биз дээ.
Ц.ТАМИР