2017.11.24

Ё.Баатарбилэг: Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг ганцхан академ гэж үздэг үзлээсээ салах хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа.

Ё.БААТАРБИЛЭГ: ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭДГИЙГ ЯГ ЮУ ГЭЖ ХАРЖ БАЙНА ВЭ?

Би Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухааны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Үүнтэй холбоотой тодорхой мэдээллүүдийг авч, хуулиндаа тусгах санаа, хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл авах үүднээс асуулга тавьсан.

Өмнө нь хоёр ч удаа ЗГХЭГ-аас ажлын хэсгийн үүднээс мэдээлэл авъя гэж бичиг явуулсан боловч автомат хариулагчтай харилцаж байгаа юм шиг л адилхан мэдээлэл ирдэг. Яг л тэр мэдээлэл ирсэн байна. 2014 онд Шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоол гарсан. Үүний хүрээнд ажил яваагүй байсан.  Энэ талын мэдээллүүд бага байна.

Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн яг юу гэж үзэж байна вэ? Бид нарт ирсэн мэдээлэлд шинжлэх ухааны академийн зардал л ирээд байна. Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг ганцхан академи гэж үздэг үзлээсээ салах хэрэгтэй.

Шинжлэх ухааны академ болон их, дээд сургуулиудын уялдаа холбоог яаж тогтоож байна вэ? Их сургууль, академи хоёрын эрэмбийг тогтоох ёстой. Хуулийн төсөлд яг энэ асуудлыг оруулахад эрхзүйн хүндрэл үүсээд байна. Салбарын сайд болон холбогдох байгууллагаас ямар саналтай байна вэ?

Гадны олон улсын байгууллагын шинжилгээ судалгааны хөрөнгө оруулалтын асуудал яасан бэ? Яамдуудын төслүүд дээр маш их судалгаа хийгддэг юм байна. Энэ судалгааны хөрөнгө оруулалт, санхүүжилт салбарын асуудалд тусгагддаггүй. Энэ дээр ямар хөрөнгө оруулалтын мэдээллүүд байна вэ? Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтын судалгааны тоо л ирсэн байна.

Шинжлэх ухааны академийн ерөнхий нарийн бичгийн дарга:

Шинжлэх ухааны салбарт жилд 32 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Үүнээс 12-14 нь Шинжлэх ухааны академид, үлдсэн 20 нь бусад 14 хүрээлэнд зарцуулагдаж байна. Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн хамтын ажиллагаа сул гэж ярьдаг. Үүн дээр бид их анхаарал тавьж байгаа. Хамтарсан лаборатори байгуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх ажлууд хийж байгаа. ШУТИС-тай хими, физик, биологийн чиглэлд түлхүү хамтран ажиллах гэрээ байгуулаад явж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА:

Танилцуулга дээр орсноор ДНБ-ий 0.12 хувийг л шинжлэх ухааны салбарт зарцуулж байгаа юм. Академичидтай уулзахад гадаад улс орнуудын хийж байгаа судалгаа, шинжилгээн дээр төрөөс ямар дэмжлэг авах, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх талаар маш олон санал гаргадаг. Гэхдээ бид яг үнэнийг хэлэхэд Боловсролын салбарын төсвийн бүтцэд зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай байна.

2018 оны төсвийн бүтцээр аваад үзэхээр 1.6 их наядын 60 хувь нь байшин, барилгад, 30 хувь нь цалинд, 10 хувь нь хүн рүүгээ чиглэсэн ажлуудад зарцуулагддаг.

Ё.Баатарбилэг гишүүний хэлдгээр шинжлэх ухааны салбарын нийт хөрөнгө оруулалт гэж ямар асуудлыг авч үзэж байгааг зайлшгүй харах шаардлага байна.

Их дээд сургуулиудын сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чанар иргэдийн зүгээс маш их бухимдалтай тулгардаг. Бид азийн 100 сургууль, эсвэл дэлхийн топ 100 сургууль дотор үндэснийхээ ядаж ганц их сургуулийг магадлан итгэмжлэх чиглэлээр бодлого баримтлах чиглэлээр төр, засаг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Суралцагчаас сургалтын төлбөрийг нь авсан мөртлөө, суралцагч юу эзэмшээд, ямар чадвартай ажлын байранд очиж байгаа вэ гэдэгт хариулт байхгүй байна. Тиймээс энэ чиглэлээр хамтарч сургалтын агуулгыг судалгааны агуулгаар баяжуулаад, ахисан түвшний сургалт, судалгааны байгууллагуудын тоог нэмэгдүүлэх тал дээр салбарын зүгээс анхаарч ажиллана.