Геологийн төв лаборатори байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал боллоо
2017.11.24

Геологийн төв лаборатори байгуулагдсаны 60 жилийн ойн баярын хурал боллоо

Монгол улсад Геологийн төв лаборатори /ГТЛ/ ТӨҮГ байгуулагдсаны 60 ойн баярын хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд боллоо.

Баярын хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар тэргүүтэй хүмүүс болон геологи, эрдэс баялгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан яваа геологичид, судлаачид, гадаадын геологийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Хурлыг нээж ГТЛ-ийн захирал Ө.Оюунбаатар Монгол Улсад Геологийн салбар үүсэн байгуулагдсаны 78 жил, Геологийн төв лаборатори ТӨҮГ байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан геологи эрдэс баялгийн салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, шинэ үеийн геологичид, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсдад болон хамтран ажилладаг байгууллагууд, хамтрагчиддаа баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн тэрбээр байгууллагынхаа өмнө нь хийсэн болон цаашдын хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулав.

Баярын хурлын үеэр УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Тэрбээр “Монгол улсын нутаг дэвсгэр дээр геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, эрдсийн задлан шинжилгээгээр судалгааны ажлын эцсийн үр дүнг тодорхойлох зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Дорнодын Геологийн Экспедицийн дэргэдэх лабораторийг БНМАУ-ын Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэнгийн /ШУДБХ/ химийн лабораторитой нэгтгэн “Эрдэм шинжилгээний төв лаборатори”-ийг байгуулсан.

Тэр цаг мөчөөс хойш тус лабораторийн үе үеийн ажилтан, ажиллагсад Монгол орны эрдэс баялгийг нээн илрүүлэх нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай ажилд геологич нөхдийнхөө хамт оролцож Эрдэнэт, Цагаан суваргын зэс-молибдени, Төмөртийн овоо, Цав, Улааны цайр-хар тугалга, Баяндаваа, Жанчивлангийн цагаан тугалга, гянт болд, Заамар, Бороогийн алт, Асгатын мөнгө, Төмөртэйн төмөр, Бүрэнхааны фосфорит, Бэрх, Бор-Өндөрийн жонш, Налайх, Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Тавантолгой, Нарийн Сухайтын нүүрс, Мардайн уран, Оюутолгойн зэс-алтны гэх зэрэг мянга орчим том, дунд, жижиг хэмжээний орд, хэдэн мянган илрэлийг нээн илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэлээ.

 Мөн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лабораторийн үр бүтээлтэй ажилласан үе үеийн геологич, судлаачид болон салбарын ажилтнуудыг  Төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан юм. Үүнд:

  • “Алтангадас” одон:-Ахмад ажилтан Т.Мөнгөн,  Д.Оюунчимэг, петрографийн хяналтын инженер Д.Эрдэнэдэлгэр,
  • -“Хөдөлмөрийн хүндэт медаль”:-Ахмад ажилтан Ц.Цэрэндулам, цахилгаанчин Г.Батцэнгэл,
  • -“Тэргүүний геологич” хүндэт тэмдэг:-Ахмад ажилтан Г.Янжмаа, Д.Лхагвасүрэн, ХБНГУ-ын байгалийн нөөцийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ю.Рауш,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичиг: - СЗУЧС-ын тасгийн дарга Ү.Оюунтунгалаг, бутлагч З.Нэргүйбаатар, баяжуулагч инженер Г.Баярмаа, технологи туршилтын техникч Ш.Туяа, ахмад ажилтан Ц.Туяа нар шагналаа гардан авлаа.