“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.11.27/ тус музейд боллоо.
"1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн" хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.
Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, 'Төрийн мэдээлэл' эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон: Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай. “Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан Монголын цорын ганц, түүхэн үнэ цэнтэй хэвлэл юм. Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хариуцан ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын үе үеийн ажилтнуудад, эмхэтгэлийг хэвлэн гаргахад гар бие оролцдог бүх хүмүүст талархал дэвшүүлье.
Төрийн мэдээлэл' эмхэтгэлийн эрхлэгч асан Ж.Нэргүй: "Төрийн мэдээлэл" эмхтгэлийг гаргадаг хөдөлшгүй нэг л зарчим бий. Тэр зарчим нь төрийн хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хуульд заасан цаг хугацаанд нь алдаа мадаггүй хэвлэн нийтлэхэд оршиж байдаг. Түүнээс гадна эмхэтгэлийг шуурхай түгээхийн зэрэгцээ түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг зарчимтай.