О.Баасанхүү: Намайг хөөсөн гэдэг мэдэгдэл хийснээрээ МАХН-д илүү хор учирч байгаа
2017.11.29

О.Баасанхүү: Намайг хөөсөн гэдэг мэдэгдэл хийснээрээ МАХН-д илүү хор учирч байгаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-14 насанд хүрсэн хүнтэй тохиролцож бэлгийн ажил хийвэл торгуулийн ялтай гэсэн сонин хууль өнөөдөр мөрдөгдөж байна-

Сүүлийн үед Монгол Улсад цаазаар авах ялыг дахин сэргээлээ. Энэ нь буруу гэх мэдээлэл их хөвөрч байна. Ялангуай Америкт сургуульд төгссөн, өөрсдийгөө онцгой гайхалтай мэдрэмжтэй гэх хүмүүс цаазаар авах ялыг эрс эсэргүүцэж байгаа нь ажиглагдлаа.

Би бол хуучин шиг цаазаар авах ялыг хавтгайруулан ноогдуулахыг буруу гэж боддог. Цаазаар авах ялын гүйцэтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулаад тухайн хүний засрал хүмүүжлийн байдлаас нь хамаараад  ялыг нь өөрчилж болно.  

Хамгийн гол нь айхгүй ч гэсэн аягүй гэдэг шиг тодорхой хэрэг дээр энэ зүйл заалтыг хэрэглэх нь зөв гэж ойлгож байгаа. Бүр тодруулбал, насанд хүрээгүй хүүхдийг хүчиндээд, амь насыг нь бүрэлгэсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг дээр цаазаар авах ялыг заавал хэрэглэх нь зөв байх гэж үзэж байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа Эрүү, Зөрчлийн тухай хууль бол асар их учир дутагдалтай. Тухайлбал, гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа хүмүүсийг нээлттэй, хаалттай гээд хоёр хуваачихсан.

Хаалттай гэдэг нь 25 жилээс доош ял авсан хүмүүс чанга онцгойтойгоо адилхан бөөнөөрөө нэг хоригдоно гэсэн үг. Энэ нь эргээд нөгөө хүний нийгэмд учруулах аюул нь хэвээрээ явахад хүргэдэг.

Хоёрдугаарт, цаазаар авах ялыг тодорхой хэмжээгээр хойшлуулахгүй бол нотолгооны зарим нэг онцгой нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. 

Хэрэглэх шалтгаан нь юунаас болж байгаа вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хууль.  Монгол Улсын Үндсэн хуулинд  хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хүний амь  насыг бүрэлгэхийг хориглосон байгаа. Хуулиар зөвшөөрсөн гэсэн үг чинь өөрөө цаазаар авах ял байж болох юм гэдгийг харуулж байна. Ерөнхийдөө эрүүгийн хуулинд хүчингийн гэмт хэргийг 12.1, 12.2, 12.3, 12.4 гэсэн заалтуудаар зохицуулсан байдаг. Доод ял нь хүндрүүлсэн хэмжээнд хоёр жил, 14 насанд хүрсэн хүнтэй тохиролцож бэлгийн ажил хийвэл торгуулийн ялтай гэсэн ийм сонин хууль өнөөдөр мөрдөгдөж байна.  Тэгэхээр энэ хуулийг засах зайлшгүй шаардлага байгаад байгаа. Нөгөөтэйгүүр эмэгтэй хүнийг бүх насаар нь хорьдог заалт бол байж боломгүй гэж үзэж байна. Учир нь бид эхээс гаралтай шүү дээ. Бүх насаар нь гэдэг чинь алж байгаагаас ялгаагүй. Эх хүнийгээ алдаг улс байж болохгүй. Тэгэхээр энэ хуучин хуулиас сайн заалтыг нь аваад муу заалтыг нь хасах ёстой.

МАХН-аас хөөсөн үү !!! МАХН намайг хөөсөн гэдэг мэдэгдэл хийснээрээ санхүүжүүлэлтгүй болсон

Эрүүгийн хуулийг  Зөрчлийн хуультай харьцуулахад, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэхэд  дээд тал нь 10 сая төгрөгөөр торгож байгаа байдал  сүүлийн үед эрээ цээрээ алдаж, хэн нэгнийг хүссэн үедээ доромжлох, гутаах, нэр төрд нь халдах, янз бүрийн гэмт хэрэгт гүтгэх нь ихэсч байна.

Тэгэхээр энэ заалтыг засах ёстой гэж үзэж байна.  Сэтгүүлчдийн эрэн сурвалжлах үйл ажиллагаанд нь саад учруулах зорилгоор барьж хорьдог гэсэн шүүмжлэлээр халхавч хийж байгаад өнөөдөр хүн гүтгэх гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас аваад хаячихсан. Үүнээс болж сүүлийн үед улс төрчид нь биенээ гэмт хэрэгт гүтгэдэг, хэвлэл мэдээлэл нь дур зоргоороо аашилдаг, доромжилж гүтгэдэг арчаагүй үйлдлүүд бий болж байна.  Өмнө нь бусдыг гүтгэх, бусдын нэр төрийг гутаан доромжлох гэдэг 5, 6 сарын баривчилгаатай Эрүүгийн нилээн хатуу гэж хэлж болох заалт байсан. Гэтэл өнөөдөр үүнийг байхгүй болгосноос болоод Монгол Улсад замбараагүй байдал хэрээс хэтэрлээ.

Ялангуай намайг МАХН-аас хөөсөн юм шиг мэдээллийг олон нийтэд цацсан байна. Үүнийг би эгдүүцэн, буруутгаж байна.  Энэ бол надад гайтай юм биш ээ. МАХН-д намайг хөөсөн гэдэг мэдэгдэл хийснээрээ илүү хор учирч байгаа.  Магадгүй намайг том юм бодож байна гэх байх.

Миний хувьд МАХН-аас суудал бүхий төлөөлөлтэй гэдэг утгаараа намд жилд нэг удаа 124 сая төгрөгийг улсаас санхүүжилт болгож намын дансруу шилжүүлдэг. Тэгэхээр энэ байдлаас нь болоод суудалтай, суудалгүй асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл МАХН-д ямар нэгэн санхүүжилтийг Сангийн яамнаас олгохгүй боломжгүй байна.

Хоёрдугаарт, МАХН дүрэмтэй.  Дүрэм дээрээ хоёр жилд нэг удаа намын их хурал хийнэ гэж байгаа.  Бид 2011 онд намын онц их хурлаа хийгээд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн.  Үүнээс хойш нэг ч удаа намын их чуулган хийгээгүй.  Хоёр жилд нэг удаа намын даргын ажлын тайланг сонсоно гэж байдаг.  Гэтэл нэг ч удаа бид намын даргын ажлын тайланг сонсож байгаагүй. Тийм учраас бид өнөөдөр намын их хурлыг 1206 хүнтэй хийх гэсэн. Улмаар 21 аймаг 360 суманд төлөөлөгчид ажиллаж байгаа. Харамсалтай нь саад болох зорилгоор гүтгэлэг хэрээс хэтэрч байна. МАХН-ын нэр барьсан хэсэг бүлэг хүмүүс хэвлэлийн хурал хийснийг миний бие харсан. Тухайн үед би албан ёсны байр сууриа илэрхийлэх боломж байгаагүй. Учир нь Хойд Солонгост явж байсан. Ийм үед ТВ9 телевизээр намайг гүтгэж, доромжилсон зүйлүүдийг бүтэн долоо хоног явуулж миний нэр төрд халдсаныг би өнөөдөр үзлээ. Тиймээс зарим нэгэн зүйлийг шалгуулая гэж бодож байна.

Дөрвөн үндэслэл бас миний байр суурь

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагааг дэмжээгүй гэж.

Миний бие Монгол Улсын 21 аймгаар явж С.Ганбаатарыг дэмжиж оролцоогүй нь үнэн. Гэхдээ Орхон аймагт буюу өөрийнхөө сонгогдсон тойрогтоо 5-6 удаа очиж ажилласан. Өөрийн хөрөнгөөрөө С.Ганбаатарыг дэмжих Зөв сонголт гэдэг самбар өлгөөд явтал МАН-ын Түвшинжаргал гэдэг хүн цагдаад өгсөн. Гэтэл МАХН-аас энэ хүн сурталчилгаа хийх эрхгүй гэсэн тайлбар өгсөн. Тэгсэн ч 21 аймгаас хамгийн өндөр саналыг Орхон аймагчууд Ганбаатарт өгсөн.

Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувь дээр эсрэг ажилласан гэж байгаа. МАХН, АН-тай засаг барьж шадар сайд, Сангийн яам, Барилгын яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам гэх мэтчилэн нэр бүхий яамдуудыг  хариуцаж байсан. Тухайн үедээ сайдуудын түвшинд энэ асуудлуудыг мэдэх бололцоотой, мэдэж ч байсан.

Би 2013 оноос энэ асуудлыг хөөцөлдөж явсан. Ямар ч байсан Засгийн газарлуу шаардах бичиг хүргүүлж, бичгүүдийг нь хүчингүй болгож, Засгийн газраас ажлын хэсэг томилсон байдаг. Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэн.  Ажлын хэсгийг зөвхөн Хууль зүйн байнгын хорооны хүрээнд бүрдүүлсэн.

Гэтэл би Хууль зүйн байнгын хорооны гишүүн биш. Намайг оруулаагүй.  Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу УИХ-ын тогтоол баталдаг.  Тогтоол дээр Монгол банк, Хөгжлийн банкнаас авсан мөнгөнд нь суутгагдаж 49 хувийг улсын болгох талаар яриа хэлэлцээрт ор гэсэн тогтоол байсан. Тэгээд тэр тогтоолын 49 хүн баталсан. Тэгэхээр 50 дахь хүн нь би байсан болохоор энэ тогтоол хүчин төгөлдөр, 49 хүн баталсан болохоор хүчин төгөлдөр бус гэж ярих буруу. Энэ тогтоол зөв байсан юм шиг ард түмний тархийг угаах хэрэггүй. Зөв байсан бол шүүхдэж, цэц рүү хандаж, олон улсын түвшинд ялагдахгүй байх байсан. Би бол олон улсын түвшинд энэ тогтоол ялагдана гэж бодож байгаа.  Тэгэхээр иймэрхүү нөхцлүүдийг хуульч хүний хувьд мэдэж байгаа учир хариуцлагатай байна.

Б.Хурцыг яагаад өмөөрөв?

Б.Хурцыг өмөөрсөн гэж байна. Би Хурцыг өмөөрнө. Учир нь ТЕГ-ын даргын хувиар тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж буюу Үндэсний аюулгүй байдлын тэргүүнтэй хамтран ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Тагнуулын даргыг гадаад улсруу шилжүүлэн ажлуулах төрийн шийдвэр гарсан.  

Энэ шийдвэрийг хэлэлцэх гэж байхад Ж.Батзандан хэвлэлийн хурал хийхдээ “Илэрсэн тагнуул учраас Солонгосын тал энэ хүнийг хөөж явуулна” гэж мэдэгдсэн. Монгол Улсын төрийн хүмүүс өөрийнхөө улсын иргэнийг гадаад улсад захиалж болохгүй. Англи улсад хоригдож байхад нь тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр тэр хүнтэй очиж уулзах гэж явж байсан. Миний бие ч тэр, Н.Энхбаяр дарга ч тэр бүгдээрээ Хурцыг Англид баригдахад нь Монгол Улсын иргэний хувьд энэ хүнийг авчрах ёстой гэж ярьж байсан.  Харин Англи руу хэн захиалж энэ хүнийг бариулсан бэ гэдэг нь удахгүй ил болох биз.

“Нээлттэй сонсгол” хийе гэдгийг би 100 хувь дэмжиж байгаа.

Нээлттэй сонсголын хуулин дээр томилолтын сонсгол, нийтийн эрх ашгийн сонсгол гэсэн хоёр өөр ойлголт байдаг. Манайхан харамсалтай нь томилолтын гэж бичиг оруулж ирээд энийгээ засчихаа гэхээр өөр юм яриад байгаа.

Томилолтын гэдэг бол УИХ-аас томилдог Авлигатай тэмцэх, Төв банк, Статистикийн газар, СЕХ дээр томилолтын сонсгол хийнэ гэдэг хууль журамтай. Журмыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо баталсан юм.

Нийтийн эрх ашгийн сонсгол гэвэл нийтийн эрх ашгийн яг ямар ямар заалтыг зөрчсөн бэ гэдгийг тодорхой гаргаж өгөөд тэр асуудлаа ярих ёстой. Хоёр өдөр дараалан нөгөө 21 гишүүнээ цуглуулах гээд ажлын хэсэг хуралдах гэтэл нэг ч хүн ирэхгүй байна. Би ганцаараа л сууж байна.

Наанаа ингэж орилж хашгирч нэр төр гутааж доромжилж, цаанаа ажлаа хийхгүй байгаад харамсч байна. Би бол нэг зүйлд итгэлтэй байна. ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг авчирсанд 100 хувь тэр хүнд баярлалаа гэж хэлэх ёстой.  Одоо харин энэ 49 хувийг 4, 5 гэр бүл авах ёстой юм уу, эсхүл 3 сая иргэн хүртэх ёстой юм уу гэдэг асуудлыг шийдэх ёстой юм.  Жилд 100 гаруй сая долларын цэвэр ашгийг 4, 5 гэр бүл аваад яах гээд байгаа юм. Ямар ашигтай юм.  Насаараа идээд уугаад цадахгүй тэр их мөнгөний хэрэг тэдэнд байхгүй. Харин 3 сая иргэн үүнийг авах ёстой. Тийм учраас энэ дээр би хатуу байгаа. Ялангуай манай Эрдэнэтчүүд Эрдэнэтийг 1072 хувьцаа шиг хувааж идээд дуусгачихаасай гэж хүсэхгүй байна. Эрдэнэтийн хаалт хөгжлийн хууль гэдэг юмыг өргөн бариад Эрдэнэтийн хуримтлалын санг наад хувьцаанаасаа гаргаачээ гэсний төлөө  бүгд эсрэг кноп дарсан. Би ярьдаггүй ажилладаг. Ер нь хүн ажиллаж байхдаа ярих ёстой болохоос зөвхөн ярьж болохгүй. Учир нь аливаа зүйлийг үр жимсээр нь таних хэрэгтэй. Тиймээс аливаа хэрүүлдээ намайг битгий оруулаачээ гэж хүсмээр байна.

С.Зоригийн хэргийг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол Ц.Нямдорж

Би томилолтоосоо ирээд Б.Хурцын Цензургүй яриа, Ц.Нямдоржийн яриаг ч үзлээ. Ц.Нямдорж гуай “Би Хуульзүйн сайд. Надтай адилхан таван Хуульзүйн сайд байгаа. Тийм учраас авчирж ирэхэд яг л надтай адилхан юм ярина. Яагаад гэвэл төрийн нууцыг, тэр дундаа тагнуулын байгууллагын энэ юмыг Х.Тэмүүжинч байдаг юмуу, С.Бямбацогт ч байдаг юм уу тэдэнтэй адилхан би мэдэхгүй” гэж ярьж байна. Гэхдээ энэ хүн УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан.  Тэгэхээр мэдэхгүй байна гэж байхгүй. Энэ хэргийг хамгийн сайн мэдэж байгаа. Тийм учраас би ТЕГ руу албан тоот, бичгийг явуулсан байгаа. Энэ бичгийн хүрээнд зарим зүйл илүү тодорхой байх гэж найдаж байна. Миний байр суурь бол багаар бодоход энэ хавтаст хэргийн 70 хувийг ил болгох ёстой. Би Бангладеш улсад дэлхийн парламентийн чуулга уулзалтанд оролцоод энэ үедээ хүний эрхийн хорооныхонд хүсэлт тавиад үүний дагуу тус хорооныхон дүгнэлт хийгээд ирсэн. Бүх зүйл дээр шалгалт явуулсан. Тэгээд эцэст нь энэ шүүх хурлыг багаар бодоход 70 хувийг нь ил болгоход гишүүн та туслаачээ гэж хэлсэн. Монголын тагнуулын байгууллага энэ хэргийг эцэслэж, хүн хэлмэгдсэн бол суллах ёстой.

Д.Дуулим

grandnews.mn