2017.11.30
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Хэлэлцээрийн төсөлд:
- Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх
- Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах
- Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих
- Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.