Ч.Улаан: Монголоос хөрөнгө оруулалтаа тат гэсэн шаардлага хөрөнгө оруулагчдад тавигдаж болзошгүй суурь бүрдчихлээ
2017.12.18

Ч.Улаан: Монголоос хөрөнгө оруулалтаа тат гэсэн шаардлага хөрөнгө оруулагчдад тавигдаж болзошгүй суурь бүрдчихлээ

УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Та тойрогтоо ажиллаад иржээ. Хөдөө орон нутгаар өвөлжилт ямархуу байна?

-Тойрогтоо 10 гаруй хоног ажиллаад ирлээ. Манай Сүхбаатар аймаг УИХ-д нэг тойрогтой. 13 сум, 66 багтай 60 гаруй мянган иргэнтэй. УИХ саяхан төсвөө баталсан. Аймгийн ИТХ одоо төсвөө батлах гэж байна. Сумын ИТХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор төсвөө батлах ёстой. Ийм гурван шатлалтайгаар төсөв батлагдсаны дараа улсын төсөв жинхэнэ утгаараа бүрдэнэ. Шинэ Засгийн газраас ямар төсөв батлав, хөрөнгө мөнгөө юунд хуваарилав, нөөц бололцоогоо яаж дайчлах вэ зэргийг ид анхаардаг үе.

Тийм учраас төсөв үндсэн чиглэлийн бодлого тодорхойлох асуудлаар орон нутагт ажиллалаа. Түүнчлэн өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахад өвөлжилтийн байдал амаргүй байна. Өнгөрсөн зун зуншлага монгол орон даяар сайнгүй байлаа. Сүхбаатар аймагт гэхэд 300 гаруй мянган мал оторлож байна. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн зохион байгуулалтыг хийх, өвөлжилтийг хэрхэн шийдэх талаар аймаг, сумдуудтайгаа зөвлөлдөөд ирлээ.

-Ирэх 2018 оны төсөв батлагдсан. Ерөнхийлөгч төсвийн зарлагын хэсэгт хэсэгчилсэн хориг тавьж байснаас харахад төсөв зардал талдаа үрэлгэн, өндөр гарсныг харуулж байна. Батлагдсан төсвийн багцаа ямар байна вэ?

-Намайг орон нутагт томилолтоор ажиллаж байх хугацаанд төсөв дээр Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, УИХ-аар хэлэлцээд шийдсэн байна. Хоригт тавьсан үндэслэлийг нь үзэхэд Òөсвийн тухай хуулийн зургадугаар зүйл буюу зарлагын хэсэг дээр хэсэгчилсэн хориг тавьсан байна лээ. Ерөнхийлөгч хориг тавьсныг зарлагаа оновчтой болгоё, аль болох үр ашигтай байлгая хэмнэе гэж үзэж байна гэж ойлгосон. 

Гэхдээ бодит байдал дээр төсөвт хориг тавигдсанаар төсвийг сайжруулж ажиллахад цаг нар нэлээн хэрэгтэй болно. Аймаг, орон нутагт төсвөө хугацаандаа хэлэлцэж чадахгүй он дамжих эрсдэл үүснэ. Энэ байдлаас ургуулаад цаг хугацааны шахалтад орж хоригийг хүлээж авсангүй гэж ойлгосон. Ер нь ирэх оны төсөв дээр нарийвчлах, тооцоо судалгааг ултай хийж сайжруулах асуудал нэлээн бий. Он гарахаар явцын дунд үүнийгээ хийх бололцоотой гэж харж байна.

-Гаднаас зээл тусламжаар багагүй хөрөнгө орж ирэхээр болж байна. Энэ Засгийн газар хэр оновчтой бодлого хэрэгжүүлж чадахаас эдийн засгийн нөхцөл байдал сайжрах эсэх шалтгаалах уу?

-Засгийн газарт дотоод болоод гадаад боломжоо дайчилвал хөрөнгө санхүүгийн боломж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс ирж буй дэмжлэг тодорхой болж байна. Олон улсын Валютын сантай хэрэгжүүлсэн эхний хөтөлбөрөөр манай улсын Засгийн газрын бодлого болон ажлын эхлэлүүд нь зүйтэй байна гэсэн эерэг дүгнэлтийг гаргасан. Энэ эерэг нөхцлийг дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллагууд бидэнтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх бодлогоо тодорхой болгочихлоо.

Хоёр жилийн хугацаанд Дэлхийн банк 300-гаад сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 500 гаруй сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж байна. Мөн Япон, БНХАУ, БНСУ зэрэг түнш орнуудаас оруулах мөнгөн эх үүсвэр ч тодорхой боллоо. Засгийн газрын үнэт цаасны эрэлт хэрэгцээ өндөр, харьцангүй хямд хүүтэй борлогдож байна. Ингээд үзэхэд зөв зүйтэй ашиглаж чадвал харьцангуй боломж бол байгаа нь харагдана.

Байгаа боломждоо үр дүнтэй ажиллахыг нь одоо хүлээж байна. Төсөв нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхэд төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, боломжоо үр дүнтэй ашиглахад Засгийн газар онцгой анхаарч шуурхай чадвартай ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал олон төсөл хэрэгжиж эдийн засагт эерэг өөрчлөлт гарна.

-Эдийн засаг өсөлттэй явж байх үед хар жагсаалтад манай улсыг оруулсан явдал нь эдийн засагт сөргөөр тусч болзошгүй гэгдэж байна. Сангийн дэд сайд Х.Булгантуяа захидал бичсэнээс боллоо ч гэх юм?

-Европын холбоо Монголыг оффшор бүстэй адилтган үзэж хар жагсаалтад орсон гээд зарлачихлаа. Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн цар хүрээгээр харах юм бол үүнийг яаралтай засах ёстой. Монгол Улс бол зах зээлийн харилцаатай улс гэсэн дүгнэлтийг Европын холбооноос авахын тулд сүүлийн 10 гаруй жил нийгэм, эдийн засгийн хүчин чадлаараа ажилласан.

Гэтэл өнөөдөр оффшортой адилтгасан байдлаар үнэлгээ авчихвал ямар ч улс манайхтай болгоомжтой хандах болчихоод байна. Дэлхийн улс орнуудын хандлага оффшорт байгаа хөрөнгө мөнгийг татаж хууль ёсны болгон эх орондоо оруулахын төлөө ажиллаж байна. Хар жагсаалтаас болж Монголоос хөрөнгө оруулалтаа татаж авчир гэсэн шаардлага хөрөнгө оруулагч нарт тавигдаж болзошгүй суурь бүрдчихэж. Тэгэхээр бидний хүсэн хүлээдэг хөрөнгө оруулалтыг татан оролцуулж дэлхийн улс орнуудтай хамтран ажиллана гэдэг нь өнгөрнө биз дээ.

-Манай улс хар жагсаалтад орох болсон гол шалтгаан нь юу байв?

-Албан ёсны мэдээллээс үзэхэд татварын мэдээлэл ил тод биш байна гэсэн үндэслэлийг ярьж байгаа. Дэлхий дахины тэр системтэй нийцэж байж олон улсынхаа хэмжээнд үнэн зөв үнэлэлт дүгнэлтийг авна.

Олон улс шаардаж байхад манайд ийм зүйл байхгүй ээ гэсэн байдлаар хөндлөн суугаад байвал бидэнд ийм л үнэлгээ өгнө. Татварыг нууж хаана гэдэг нь цаанаа “но”-той байгааг нь харуулна. Тиймээс бодлого, үйл ажиллагаагаараа сайжруулж харуулах ёстой.

-Банкны тухай хуульд та ямар байр суурьтай байгаа вэ. Банкны хүүг бууруулах тухай сүүлийн үед ихээхэн ярьж байна. Ямар бодлого барьж хүүг бууруулах ёстой юм бэ?

-Монголбанкны тухай хуульд сайжруулах хэрэгцээ шаардлага байгаа гэдэгтээ би санал нэгтэй байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд Төвбанкны тухай хууль санаачилж байгааг би хувьдаа дэмжихгүй байгаа. Засгийн газраар хэлэлцэгдэж өргөн баригдаж орж ирэх ёстой. Гишүүд төсөл боловсруулаад хэлэлцэгдэж байгааг би учир дутагдалтай гэж үздэг. Тэр тусмаа Засгийн газар нь дэмжээгүй байхад шүү дээ.

Энэ Засгийн газраас санал аваагүй байхад УИХ-аар хэлэлцэх нь маш буруу. Манайх шиг өндөр хүүтэй банкны зээлээр аж ахуйн нэгжүүд бизнес хийх нь эрсдэлтэй, хүнд байгаа нь үнэн. Гэхдээ зээлийн хүүг захиргаадалтын байдлаар бууруулчихдаг юм биш. Бүхэлд нь эдийн засгаа сайжруулж үйл ажиллагаагаа идэвхтэй болгож байж хийнэ. Гол нь банкны үйлчилгээ явуулж буй зардал өндөр байгааг нь тал талаас авч үзэх ёстой.

Банк өөрөө маш өндөр зардалтай байгаа бол хэмнэлтээ яагаад хийж болохгүй гэж. Банкууд асар өндөр ашиг олсон ч зардалдаа оруулж гаргадаг талтай. Монголбанк, Засгийн газар хамтран ажиллаж, бодлогын хүрээнд нь шийдэх ёстой юм. Төр аж ахуйн нэгжийн харилцааг төр өөр дээрээ шууд татан авах ёсгүй. Иргэн, аж ахуйн нэгж тохирчихсон үйл ажиллагаа дунд хэрэв төр орох гэж байгаа бол ачааг нь үүрэлцэж байж орох болно. Тэгвэл төрд ачаа үүрэх төсөв мөнгө бий юу. Түүнийхээ оронд юуны өмнө зээл олгож буй банкны үйл ажиллагааных нь хариуцлагыг өндөржүүлэх ёстой. Зээлдэгчийн хариуцлагыг ч сайжруулж байж зөв горим руу шилжинэ.

-Таван толгой, Оюу толгой, нефть боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдээ хэзээ ямар байдлаар хөдөлгөж эдийн засгийн эргэлтэд оруулах бол гэсэн хүлээлт бий?

-Өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зарим төсөл Монголын талд туйлын ашиггүй зөвхөн хөрөнгө оруулагчдын аманд багтсан, давуу эрх олгож буй олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай, ард иргэддээ өгөөжтэй аргаар хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар гэрээ хэлцлүүдээ хийж УИХ-д оруулж шийдээд явах нь зүйн хэрэг. 2008 онд УИХ-аас Тавантолгойг ямар бодлогоор яаж ашиглах тухай удирдамжийг гаргаж батлаад өгчихсөн. Тэр удирдамжийн дагуу асуудлаа боловсруулаад Засгийн газраас УИХ-д оруулаад ирэх хэрэгтэй.

Одоо болтол орж ирээгүй л байна. Оюу толгойн гэрээ амжилттай хэрэгжээд явж буй ч анхны баталж өгсөн удирдамжийн дагуу үзвэл олон зүйл дутуу хэрэгжээгүй. Энэ Засгийн газраас өмнөх Засгийн газар Таван толгойн төслийг боловсруулж байна гэж байсан ч УИХ руу оруулж ирээгүй. Энэ нь эрх мэдэл бүхий хүмүүсийн хийсэн гэрээ хэлцэл арга механизм нь олон нийтэд ил гаргаж болохооргүй л байсан хэрэг. Тэгээд л дарагдсан байх. Тийм болохоор ил тод тодорхой ажиллах нь эн тэргүүний шаардлага юм.

-Энэ Засгийн газар таны харж байгаагаар ямар түвшинд ажиллаж байна?

-Засгийн газраас ард түмэн их зүйлийг хүлээж байна. Нийгэм, эдийн засагт тулгамдсан олон асуудлыг энэ Засгийн газар шийдэх болов уу гэсэн горьдлого байна. Шинэ Ерөнхий сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Ард түмнээ сонсч ажиллана. Эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлдөж ажиллана. Гаргаж буй шийдвэр бүхэн ард түмний эрх ашгийн төлөө байна” гэж хэлсэн. Хэлсэн үгэндээ хүрч ажиллаасай гэж хүсч байна. Засгийн газар хууль дээдэлж, шударга ёсыг тогтоож, буруутанд хариуцлагыг тооцож ажиллана гэж бас хэлсэн дээ. Эдгээр асуултад хариу өгөхөөр сайн ажиллах хэрэгтэй. Нэгэнт бодлогоо гаргасан бол бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажилла.

Ам алдвал барьж болдоггүй гэдэг үг бий. Эрх барьж буй намын дэмжлэгээр сайд, дарга болох бол амархан. Ажил хариуцаад ард түмний өмнө тайлагнах сайд байх гэдэг амаргүй шүү. Дээрх шаардлагад нийцэж ажиллаж чадахгүй бол ард түмний урам хугарна. Ард түмний дэмжлэггүй Засгийн газар гэж байж болохгүй.

Сая орон нутагт яваад харахад хариуцлагагүй байдал харагдаж л байна. Хамгийн наад зах нь хуулиа хэрэгжүүлдэггүй байдал байна. Аймгууд арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвөө баталсан байх ёстой байтал төсвөө одоо болтол батлаагүй явж байна. Энэ ажил саатаж байна гэдэг нь Монгол Улсын нэгдсэн төсөвтэй байх бодлого алдагдаж байгааг илтгэнэ.

Үүнд гэхэд л хариуцлага яригдах ёстой биз дээ. Ерөнхийлөгч хэд хэдэн удаа хориг тавиад байна гэдгийн цаана Засгийн газрын хариуцлагыг шаардаж буйн бас нэг илэрхийлэл. Манай улсын улс төрийн амьдрал дөрвөн жилээр хэмжигддэг. Дөрвөн жилийн эхний хоёр жил нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд сонгуулийн жил болж таардаг. Хоёр жил сонгуульдахад ажлаа орхигдуулах, улстөржих, ажлын үр өгөөж навс унах байдал сүүлийн 20 гаруй жил ажиглагддаг нь үнэн. Үлдсэн хоёр жилд жинхэн хийж бүтээх ажлаа бүтээдэг цаг үе.

Яг энэ үед шинэ Засгийн газар байгуулагдан ажиллахаар таарсан. Тийм болохоор одоо монгол оронд төрийн тодорхойлсон бодлогынхоо төлөө цаг, нартай уралдаж үр дүнг гаргах алтан боломж үлдсэн байна. Хийж чадах эсэх тухай биш, хийх ёстой гэдгээ ухамсарлаад харуулах цаг иржээ.

Ярилцсан: Б.Долзодмаа